Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөх хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” буландаа Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг урьж, ярилцлаа.
-Улс төрийн нам улс орны хөгжлийг тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг олон нийтийн байгууллага. АН-ын хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд сөрөг хүчин байж ирсэн. Нийслэлд ч гэсэн. Нам дотроо Нийслэлийн АН гэдэг энэ бүтэц хэр чухал институци вэ. Танайх намын үйл ажиллагаанд улс төрийн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-АН бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээл, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого, цомхон чадварлаг төрийг бий болгоно гэсэн гол зарчмуудыг баримталдаг. Гэвч өнөөдөр Монгол Улсын маань нөхцөл байдал яг үүний эсрэг байгаа. Төр хувийн хэвшлээ хянадаг, дарамталдаг. Тэдэнтэй адилхан төрийн өмчит компаниуд байгуулдаг гээд чөлөөт эдийн засаг, зах зээлийн өрсөлдөөн байхгүй болсон. Мөн хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаагдсаар байна. Тэгэхээр жил ирэх тусам бүдгэрч байгаа ардчилсан нийгмийн үндсэн үзэл баримтлалыг нийгэмд бат бөх байлгахын төлөө ажиллана. Ардчилсан үзэл баримтлалаа бэхжүүлэх бодлого боловсруулж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, 2024 оны сонгуулиудад оролцоно.
Улс төрийн намууд нийгмийн аливаа асуудал дээр шийдэл, гарц дэвшүүлэн бодлогын өрсөлдөөн хийж, иргэдэд сонголт бий болгон ажиллах үндсэн үүрэгтэй. Нийслэлийн АН энэ бодлогын өрсөлдөөнд, улс төрд бодлогын өрсөлдөөн хийдэг соёлыг бий болгоход манлайлж ажиллана.
Улс төрийн намууд дээд шүүхэд ямар дүрэм, журам, зохицуулалтаар үйл ажиллагаа явуулахаа бүртгүүлдэг. Манай АН-ын үндсэн дүрмэнд Нийслэлийн Ардчилсан нам нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, 9 дүүргийн намын нэгжүүдээ удирдлагаар хангах, Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчидээ идэвхжүүлэх, манлайлах, мэдээж Нийслэлийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулах, нийслэлд засаглах үндсэн чиг үүрэг, зорилготой гэж тусгасан байдаг.
Нийгмийн асуудал, хамрах хүрээний хувьд Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, эдийн засгийн эргэлтийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод өрнөж байгааг та бид мэдэж байгаа. Улаанбаатар хотын асуудал бол өөрөө Монгол Улсын асуудал гэж хэлж болохуйц юм.
-АН-ын дотоод асуудал их ойлгомжгүй, нэлээд зөрчилдөөнтэй үед та Нийслэлийн АН-ын дарга болсон. Улс төрийн хувьд хэр ач холбогдолтой албан тушаал юм. Бас улстөржилтөд хэр өртдөг институци вэ?
-Та улс төрийн хувьд ач холбогдлын тухайд асууж байна. Түрүүн дурьдсанчлан АН-ын бүхий л үйл ажиллагаа, удирдлагуудын эрх мэдлийн хэм хэмжээ бол үндсэн дүрмийнхээ хүрээнд хэрэгждэг. АН-ын үндсэн дүрмэнд Нийслэлийн АН бол нийслэлийн 9 дүүргийн намын дунд шатны байгууллагуудыг хариуцан, удирдлага чиг үүргээр ханган ажилладаг. Нийслэлийн намын даргын хувьд намын удирдлагын багт байх, улс төрийн зөвлөлд байх, НИТХ-ын сонгуульд намын багаа бүрдүүлэн, манлайлж оролцох зэрэг чиг үүрэг байдаг. Ингээд харахаар нийслэл гэдэг өөрөө ямар том бүтэц, асуудалтай засаг захиргаа нэгж байдаг билээ, нийслэлийн АН-ын хамрах хүрээ тэр хэмжээгээр томорч, үүрэг хариуцлага нэмэгдэж байдаг.
Улстөржилтийн хувьд АН өөрөө Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн нам. Намын үйл ажиллагаа улстөржилтөөс ангид эсвэл хол байна гэдэг нь боломжгүй ойлголт юм.
Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй 37 улс төрийн нам байдаг. Үүнээс та бидний мэдэж байгаачлан АН, МАН, ХҮН гэсэн УИХ-д суудалтай буюу идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гурван нам байна гэж үзэж болох юм. Ер нь нийгэмд тэр дундаа залуучуудын дунд улс төрийн намуудын нэр хүнд жил ирэх тусам унаж, намуудын тухай ойлголт их явцуу байдлаар ойлгогдож байгаа нь нөгөө талаас их харамсалтай юм. Учир нь нэгэнт манай нийгэм засаглалын хувьд парламентын засаглалтай, парламентын засаглалыг улс төрийн намууд бодлого хэрэгжүүлэн удирдаж байдаг. Тиймээс нийгмээ илүү хөгжүүлэх, эрүүл, эрх чөлөөт нийгмийн бүтээхийг хүсвэл манай залуучуудын улс төрийн оролцоо, намд хандах хандлага илүү идэвхтэй байгаасай гэж хүсдэг.
-Та нийслэлийн АН-ын даргаар сонгогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Намын үйл ажиллагааны хүрээнд ямар бодлого, зарчимтай ажиллах юм бэ?
-Намын дүрэм, журмын дагуу дотоод сонгууль болж, миний бие ялалт байгуулан сонгогдсон. Хотын намын даргын дотоод сонгууль уг нь 2020 онд болох ёстой байсан. Манай намын сүүлийн жилүүдийн дотоод асуудлуудаас хамааран энэ процесс нэлээд хожуу боллоо. Одоо нийслэлийн АН-ын даргын хувьд надад харьцангуй богино хугацаанд ажиллах нөхцөлтэй байгаа. Хэдийгээр шат шатны төрийн сонгуулиуд хаяанд ирсэн ч “Улаанбаатар хотоо өөрчлөх ёстой, хотоо гоё болгох ёстой” гэсэн итгэл үнэмшилтэйгээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Бид хоосон амлалт, улстөржилтөөс илүү хотын асуудлуудыг шийдвэрлэх судалгаатай, эрдэмтэн, судлаачдын гарц, шийдлүүдийг хэрэгжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллана. Нийслэлийн АН бодлогын нам болно. Бодлого дэвшүүлж хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал үзүүлнэ. Нөгөө талаас улс төрийн намын үндсэн зорилго бол төрийн эрх барих, засаглах байдаг. Тэгвэл төрийн эрхийг бодлогогүй, шийдэлгүй улс төрийн хүчин засаглахаар улс орны хөгжил уруудан, доройтдог гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Цаашид улс төрийн соёлд бодлогын өрсөлдөөн бий болгохыг үлгэрлэн, ажиллахыг зорьж байна.
-Та Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн, дарга байсан. УИХ, нийслэлд МАН ялсан өнгөрсөн жилүүдэд Баянзүрхэд намаа ялуулж байсан удаатай. Одоо дараагийн шатанд буюу хотод ялалт байгуулах итгэл үнэмшил хэр байна вэ?
-Тийм ээ. Бид 2012-2016, 2016-2020 оны орон нутгийн сонгуулиудад Баянзүрх дүүрэгт бас түүхэн Ардчиллын ялалтыг байгуулан, засаглаж байсан туршлагатай. Бид нийтээрээ нэг зүйлийг бодитойгоор харлаа, мэдэрлээ гэж бодож байгаа юм. Юу гэхээр, Ардчилсан нийгэмд зүүний үзэл баримтлалын үндсэн суурьтай нам урт хугацаанд, дангаараа засаглахаар нийгэм ямар хурдтайгаар Ардчиллын суурь зарчмаас ухардагыг, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг яаж алдагддагыг биеэр тууллаа шүүдээ.
Иргэдийн уур, бухимдал, дургүйцэл ч их байна. Нөгөө талаас алдагдаж буй Ардчилал, ардчилсан үнэт зүйлсийнхээ төлөө бид нэгдэхээс өөр, зүтгэхээс өөр, АН ялахаас өөр замгүй гэж харж байгаа юм. Иргэд, олон нийт маань ч үүнийг хүсэж байгаа. Монголчууд бид, Нийслэлчүүд бид үндсэн хуулиараа тунхагласан Ардчилал, ардчилсан үнэт зүйлсээ авч үлдэх, хамгаалах хариуцлагатай сонголт, цаг хугацаатай нүүр тулсан байна.
Мөн асуудалд бодитойгоор хандаж тооцож үзье л дээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хотын ямар асуудлыг барьж, авч шийдсэн юм. Бид түгжрэлд хэдэн төгрөг алдаж байгаа билээ. Мэргэжлийн байгууллагын судалгаа гарсан байна. Нийслэлийн төсөв энэ жил 3.2 их наяд төгрөгөөр батлагдлаа. Гэтэл хотын иргэд маань автозамын түгжрэлд 2.7 их наяд төгрөгийг алдсан байна. Нийслэлийн бүтэн жилийн төсвийг бид дахиад л алдаад байна гэсэн үг байхгүй юу. Харамсалтай байгаа биз дээ. Тэгэхээр хотын иргэд энэ бүхнийг харж, тунгаан бодож байгаа байх гэдэгт итгэж байна.
-Парламент саяхан түгжрэлийн анхдагч хуулийг баталсан шүү дээ. Энэ хууль хэр үр дүнтэй байх бол?
-Тийм ээ. Одоогийн хотын дарга ажлаа аваад 30 хүрэхгүй хугацаанд гурван хуудас хууль УИХ-аар батлуулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд хэрэгжээд явж байгаа. Нийслэлийн АН-ын хувьд, манай хуулийн баг энэ хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэд, олон нийтэд ямар сөрөг үр дагаваруудтай, иргэдийн эрхийг ямар түвшинд халдаж, хязгаарлаж байгаа тухай мэдээлэл өгч, энэхүү хуулийг хэрэгсэхгүй болох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн. Мэргэжлийн хуульчдын үзэж байгаагаар энэ хууль бол хууль зүйн анхан шатны техникийн нөхцөл, үзүүлэлтийн хувьд ч асуудал дагуулсан хууль батлагдсан байгаа юм. Тиймээс ямар ч сайн үр дүн гарна гэж найдахгүй байна.
-Та нийслэлийн АН бодлогоор манлайлна гэж хэллээ. Ямар бодлого хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Мэдээж, улс төрийн намууд өөрийн үзэл баримтлалд суурилсан бодлого, шийдлүүдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр болгоод сонгуулийн үеэр иргэд, олон нийтэд танилцуулаад явдаг. Бидний яриад байгаа ялгарал, онцлог бол бид мөрийн хөтөлбөрөө, бодлогоо тодорхойлохдоо мэргэжлийн салбар бүрийн судлаачид, экспертүүдийн саналыг авна. Тэдний шийдлүүдийг тусгаж, хамтарна. Түүнээс биш хувь улстөрч хүн бүх асуудлын шийдлийг мэдэх, түүнээс гаргах үнэндээ боломжгүй. Дээрээс нь Нийслэлийн АН-аас гаргаж байгаа бодлого, хөтөлбөр бол 100 хувь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, технологид суурилсан шийдлүүдийг дэмжсэн байхаар харж, төлөвлөж байна даа.
-Тэгвэл бодлого, шийдлээ ямар зарчим, арга зүйгээр боловсруулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид Улаанбаатар хотын асуудал бүрийг том, жижиг гэхгүйгээр эрэмбэлэн гаргаж тухайн асуудал бүр дээр “Бодлогын зөвлөл” байгуулан ажиллаж байна. Тухайн зөвлөл бүрийг чиглэлийн мэргэжлийн судлаач, инженер, мэргэжлийн экспертүүдээр ахлуулан зохион байгуулалтыг эхлүүлсэн. Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь амьдарч байгаа хотын иргэн бүр хүхрийн хийгээр амьсгалж, түгжрэлд үнэт цаг хугацаагаа зарцуулж, үнийн өсөлтөд өртөж, нийтээрээ чанаргүй амьдралын хэв маягтай байна. Иймээс залуучууд, мэргэжилтнүүдтэйгээ хамтраад нийслэлийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилго, амбийцаа урдаа тавиад нам, намын эрх ашгаа нэг алхам хойшлуулаад нэгдээд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл, бодлогыг гаргахаар ажиллаж байна. 2024 оны сонгуульд хамтын зүтгэлээр ороод Улаанбаатар хотоо гоё болгоё гэж уриалж байна. Одоогийн байдлаар 17 салбар, чиглэлд бодлогын зөвлөл байгуулсан. Манай бодлогын зөвлөлийг дандаа мэргэжлийн судлаач, экспертүүдээр ахлан ажиллаж байна.
-Сонирхолтой шийдэл байна. Ямар бодлогын зөвлөлүүд ажиллуулж байгаа талаараа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Тухайлбал, “Залуучуудын хөгжил, оролцоо”-ны бодлогын зөвлөл байгуулсан. Улаанбаатар өөрөө залуу хот. Залуу хот гэдэг нь хүн амын 60 гаруй хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм. Тэгвэл хотын эдийн засгийн эргэлт, хотын төсөв бүрдүүлэлт дээр илүү оролцоо, хувь нэмэртэй байгаа залуучуудад чиглэсэн, тэднийг дэмжсэн ямар бодлого өнөөдөр байна вэ. Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиа 2017 онд баталсан. Сүүлд 2023 онд нэмэлт өөрчлөлт хийсэн боловч хэрэгжилтийн байдалд тодорхой үр дүн байна уу гэхээр хангалтгүй байна. Өнөөдөр монгол залуу хүн бүр ямар нэг байдлаар гадагшаа явах зорилго, мөрөөдөлтэй байгаа нь өнөөгийн төрийн бодлого залуучуудад ээлтэй байна уу, ямар түвшинд байна вэ гэдгийн товч бөгөөд тодорхой хариулт юм. Аливаа нийгмийн бүлгийг дэмжинэ, төрийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг нь нэг удаагийн чуулга уулзалт зохион байгуулах, нэг удаагийн төсөвт хөтөлбөр боловсруулах тухай асуудал биш юм. Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого бол залуучуудын амьдрах орчныг бүрдүүлэх, залуучууд хөдөлмөр эрхлэх сонголтуудыг бий болгох, залуучуудыг хөгжих боломжууд, сонголтуудыг бий болгох систем, тогтолцоог дэмжих эрх зүйн орчин, зохицуулалтуудыг төр хийх ёстой юм. Түүнээс биш залуучуудын хөгжлийг дэмжинэ, ажлын байр бий болгоно гээд төр, төрийн байгууллага сургалт зохион байгуулаад, ажлын багаж зэвсгээр хангаад байх тухай асуудал биш юм. Энэ бүгд өөрсдөө эдийн засгийн зарчмаараа бий болно. Залуучууд өөрсдөө сонголтоо хийнэ. Харин төр эдгээр систем бүрдэх нөхцлийг дэмжсэн эрх зүйн хүрээний зохицуулалтаа л хийхэд болох юм. Өнөөдрийн төрийн бодлого татварын дарамтаараа залуучуудыг хөдөлмөр эрхлэхээс, өсөж, тэлэхээс залхааж байна шүү дээ, үнэндээ.
Дараагийн нэг хөндөх ёстой чухал асуудал бол хүний эрхийн зөрчил. Тиймээс энэ чиглэлд бодлого хэрэгжүүлэхээр “Хүний эрх, эрх зүйн” бодлогын зөвлөл байгуулсан. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний асуудал адагтаа туллаа. Дуртай дарга нь гарч ирээд хүний эрх зөрчсөн шийдвэр гаргадаг. Тооцоолол, судалгаагүй шийдвэрээрээ хүний эрхийг хаан боогдуулдаг боллоо. Иймээс бид нийслэлийн засаглалд хүний эрхийг хамгаалах, хүний эрхэд халдсан бодлого, шийдвэр гаргадаггүй байхын төлөө, нийслэлчүүдийнхээ эрхийг эрхэмлэх, хангахын төлөө зорьж байна.
-АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Олны дунд нийслэлийн АН амь орлоо, сөрөг хүчнийхээ ажлыг хийж эхэллээ гэх. Нөгөө талаас сөрөг хүчин гэхээрээ бүхнийг харлуулдаг, эсэргүүцдэг байх албагүй гэх хандлагууд байгаа. Энэ тал дээр ямар байртай байна вэ?
-Нийслэлд ужгирсан олон асуудал байгаа нь үнэн. Энэ бүх асуудал урт хугацаандаа үүссэн ч үнэн. Гэхдээ бид дөрвөн жилийн хугацаатай сонгууль хийж, тухайн засаглалд иргэд дүнгээ тавиад явдаг. Нөгөө талаас намууд тухайн сонгуулийн жил бүр үүссэн нөхцөл байдлыг сайжруулна. Хийнэ, чадна гээд амлаад сонгогддог. Өнөөдрийн эрх барьж, засаглаж байгаа нам ч мөн адил ингэж амлаад л иргэдийн сонголтыг авсан. Аливаад, цаг хугацаанд, асуудалд ялархаад байлгүйгээр ажиллах үүрэгтэй гэсэн зарчим дээр л байгаа нийслэлийн АН. Бид эрх баригч намын бодлого, шийдвэрүүдээс иргэд, олон нийтэд хүрч байгаа, тэдэнд таалагдаж байгаа, хүн төвтэй бодлого, шийдвэрүүдийг дэмжээд, хамтраад ажиллана. АН бол НИТХ-д бүлэгтэй, төлөөлөлтэй нам шүү дээ. Бид бүгдийг гацаагаад, зогсоогоод байгаа зүйл байхгүй. Харин нөгөө талаас хүний эрх, иргэдийн эрхэд халдсан, хуулиас давсан шийдвэрүүд дээр бол тухай бүрд байр сууриа илэрхийлээд, иргэдийн төлөөлөл, дуу хоолой болоод явж байгаа. Хотын асуудалд оновчтой бодлого, шийдэлгүйгээр ажиллах нь иргэдийн эрх, хүний эрхэд яаж халдаж, иргэдийг эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаар яаж хохироодгийг бид бүгдээрээ нүдээр үзэж, биеэр туулаад явж байна шүү дээ. Цаашид ч ийм нөхцөл байдал дээр бид байр сууриа илэрхийлээд явах болно. Энэ бол Ардчилсан нийгэмд байх ёстой эрүүл үзэгдэл гэж бодож байна.
-2024 он бол төрийн шат шатны сонгуулиудтай онцлог жил. Энэ жилийн төрийн сонгуулиудад ер нь нэлээд бэлдэж байгаа бололтой. УИХ-ын Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн. Орон нутгийн сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнгүй. Төрийн сонгуулиудад бэлдэх таны төлөвлөгөө юу байна вэ?
- Ирэх оны төрийн сонгуулиудын хувьд урд урдын жилүүдийнхээс маш чухал сонгуулиуд болох гэж байна. Учир нь Монгол Улс үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ тунхаглаж, Ардчиллын замыг сонгоод 34 жилийн нүүрийг үзэж байгаа. Гэвч түрүүн хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд бид Ардчиллаас хэрхэн, яаж, ямар хурдтай ухарч байгаа талаар олон улсын байгууллагуудын судалгаа, мэдээллүүд чих дэлсэж байна. Энэ бол ардчилсан нийгмийн иргэн бүрийн санаа зовинох асуудал мөнөөс мөн юм. Нөгөө талаас, ардчилсан нийгэмд зүүний үзэл санааны суурьтай нам, улс төрийн хүчин дангаар, урт хугацаанд засаглахын хор нөлөөг та бид мэдэрлээ. Иймээс бид 2024 оны шат шатны төрийн сонгуульд өндөр ач холбогдол өгч, хүчтэй улс төрийн хүчин байж оролцохоор бэлтгэж байна.
Мэдээж нийслэлийн АН гэдэг бол өдөр тутмын тогтвортой үйл ажиллагаатай инстицуци, намын бүтцийн нэгж байгууллага. Нөгөө талаас, улс төрийн намын үндсэн зорилго бол төрийн засаглалын эрх авах, төрийн эрх барих байдаг. Иймээс эдгээр зорилго, чиг үүргийг хангах дотоод бүтэц, үйл ажиллагааг тогтвортойгоор хангах системийг бүрдүүлэхээр ажиллаж байна. АН-ын хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд дотооддоо амаргүй цаг хугацаа, шалгуурыг давсан, энэ ч үүднээс намын гишүүдийг идэвхжүүлэх, үндсэн анхан шатны үйл ажиллагааг сэргээх зэрэг чухал ажлууд байсныг эхлүүлээд ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн АН чиг үүргийнхээ дагуу нийслэлчүүдийн эрхийг хамгаалах, дуу хоолой болох зайлшгүй хэрэгцээ үүсэж байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар нийгэмд байр сууриа илэрхийлэн хүний эрхийн зөрчилтэй бодлого, шийдвэрүүдийг засаж залруулах шаардлага гарган иргэдийн дуу хоолойг төрд хүргэн ажиллаж байна. Мөн аливаа байгууллага өөрөө байнгын хөгжиж, суралцаж байх хэрэгцээ үүсдэг. Нийслэлийн Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд Япон, Солонгос зэрэг улсын ижил үзэл баримтлалтай намуудтай хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
-Нийслэлд АН засаглаж байсан үе бий. Тухайн үед нийслэлийн удирдлагын багийг нэлээд амжилттай ажилласан гэж дүгнэдэг. Магадгүй ирэх жилүүдэд нийслэлийн АН засаглавал тухайн үеийн бодлогууд үргэлжлэх боломжтой юу?
-1990 оноос хойш түүхэндээ ганц удаа Улаанбаатар хотыг 2012-2016 онд АН дангаараа удирдаж байсан. Тухайн үед хотын удирдлагын баг маш олон өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийсэн. Тухайлбал, Нийслэлийн 32 автозамын уулзварыг олон улсын стандартад нийцүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэн. Хот тэлэх боломжийг бий болгож, дэд бүтцүүдийг ашиглалтад оруулсан. Маш олон автозамыг барьсан. ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөлүүдийг барьсан, Амгалан дулааны цахилгаан станцыг ашиглалт оруулсан. Метроны төслийг ч эхлүүлээд байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, гэр хороололгүй хот болохыг зорьсон. Энэ бодлого, шийдвэрүүдийн үр дүнд нийслэл Улаанбаатар хот маань хот шиг хот болж сэргэж ирсэн нь үнэн. Өнөөдөр хотын иргэд ч хотын тийм засаглалыг, бодлого шийдвэрүүдийг үгүйлж байна. Хотыг өөрчлөхийн төлөө, хотын иргэдийн тав тухтай байлгахын төлөө дөрөвхөн жилийн хугацаанд зөв бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрч чадсан. Харамсалтай нь, өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх баригч нам хотыг ямар түвшинд хүргэв. Тэгэхээр нийслэлийн АН дээрх бодлого, шийдвэрүүдийг илүү төгөлдөржүүлэн, орчин цаг үетэйгээ уялдуулан, үргэлжлүүлэн бодлого боловсруулан мөрийн хөтөлбөр дэвшүүлж ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)