П.АМГАЛАНБАЯР, Т.САЙХАН

 

Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өчигдөр хөдөллөө.

 

Л.Оюун-Эрдэнэ: Хаваржилтыг даван туулах аянд нэгдэхийг уриалж байна

 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндсэн хуульд мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Энэ агуулгаараа малчдын өвөлжилт болон хаваржилтын асуудал зөвхөн малчдын асуудал биш. Мал сүрэг бол бидний үндэсний өв соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой, хязгаар нутгийг эзэнтэй байлгаж байгаа гэдгээрээ үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч. Тиймээс малчдын асуудалд төр засаг, манай нийслэлчүүд, ААН-үүд байнга анхаарал хандуулсаар ирсэн.Энэ жил 20 аймгийн 190 гаруй суманд хаваржилт хүндэрлээ. 4000 орчим төрийн албан хаагч, 500 гаруй техник хэрэгсэлтэйгээр малчдад туслан ажиллаж байна. Уул уурхайн компаниуд, батлан хамгаалах салбараас гинжит техникүүдийг татан авахаар ажиллаж байна. Өнөөдрөөс Засгийн газрын гишүүд долоо чиглэлд гарч байна. Миний бие энэ долоо хоногт хоёр аймагт очиж ажиллана. ААН-үүд, олон улсын байгууллагуудыг хаваржилтыг даван туулах хандивын аянд нэгдэхийг уриалж байна.  УИХ-ын чуулган эхлэх үед гурилтай холбоотой, малчдын зарим нийгмийн асуудалтай холбоотой эрх зүйн багц асуудлыг хэлэлцүүлнэ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэж үг байдаг. Урин дулаан цагт, баяр наадмаар бид бүгдээрээ л малчны хотонд очиж хамтдаа байдаг. Харин одоо хүнд үед нь сэтгэл санаагаар дэмжиж, улс үндэстнээрээ нэг байж гамшгийг хамтдаа туулах нь зүйтэй" гэсэн юм.

 

 Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Баянхонгор аймагт ажиллав

 

Мөн хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймагт ажиллалаа.  Энэ үеэр тэрбээр “Баянхонгор аймгийн хувьд өвөлжилт, хаваржилт нэлээд хүндрэлтэй байна. Нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, 11 сум эрсдэлтэй гэсэн эрсдлийн үнэлгээтэй байна. Малын хоргодол 20 мянгад хүрсэн.  Сумдууд дахь өвс тэжээлийн нөөц багассан байна. Баянхонгор аймгийн улсын хэмжээний өвс тэжээлүүд энэ удаагийн түгээлтээр дуусаж байна. Улс, аймгийн онцгой комиссын шуурхай бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар  өвөлжилтийн нөхцөл байдал байдлыг газар дээр нь сонслоо. Орон нутгийн хувьд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой арга хэмжээнүүдийг өнгөрсөн оны өвлийн эхэн сараас  зохион байгуулалт, бэлтгэл сайтайгаар эхлүүлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний нөөц бололцоо, малчдын  хүндрэлтэй байдлаас шалтгаалаад нөхцөл байдал амаргүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Ажлын хэсэг газар тодорхой хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Тухайлбал,  Баянхонгор аймгийн тухайд Засгийн газар  хэд хэдэн хүсэлтийг тавьсан байсан. Энэ удаа малчдадаа дэмжигднхүйц мэдлэг туслалцаа үзүүлэх, мөн орон нутгаас тавьсан хүсэлтүүдийг хэрэгжүүлэх гэсэн том зорилготой  шуурхай бүлэг ажиллаж байна. Эхний ээлжинд ажлын шуурхай бүлэг улсын нөөцөөс 310 тонн хивэг энэ 370 орчим сая төгрөгийн тэжээлийг малчдад үнэгүй олгох, мөн түүнчлэн аймгаас тавьсан хүсэлтийн дагуу аймаг сумдад дөрвөн  туулах чадвар сайтай   479 сая төгрөгийн өртөгтэй автомашин  олгохоор шийдвэрлэлээ. Ихэнх нь зээлтэй байна. Тийм учраас өвөл тэжээлийн асуудал хэрэгцээ их байгаа ч худалдаж авах эдийн засгийн чадваргүй болсон байна" гэв.

 

Дундговь: Нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлнэ

 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан шуурхай бүлэг Дундговь аймагт ажиллаж байна.  Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Мөн тус аймагт улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжлав. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүслээ. Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид бусад сумын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгийг Шадар сайд хэлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. мягмар ГАРАГ. № 33 (7277)