Н.ЖАРГАЛМАА

БНХАУ болон Унгар улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд БНХАУ-ын нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохун болон Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбантай уулзсан юм.

Тус уулзалтаар БНХАУ, Унгар улстай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг гүнзгийрүүлэн нийтийн аюулгүй байдлын асуудалаар удаан хугацааны стратегийн түнш болж дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ. Тодруулбал, БНХАУ-ын нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохун өнгөрсөн долоо хоногт Будапештэд айлчилсан юм. Тэрбээр энэхүү шинэ стратегийн хамтын түншлэлийг терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд хоёр орны хамтарсан цоо шинэ, онцлох үйл явдал болно гэжээ. Түүнчлэн БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлж буй дэлхийн эдийн засаг дэд бүтцийг хөгжүүлэх санаачилга “Бүс ба Зам”-ын хүрээнд аюулгүй байдал, хууль сахиулах чадавхийг бэхжүүлэх зэргийг хамруулан тусгажээ. БНХАУ-ын төрийн мэдээллийн Синхуа агентлаг ням гарагт нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохун  Унгар улсын Дотоод хэргийн сайд Шандор Пинтертэй уулзаж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан хэмээн мэдээллээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Унгар улс Европ тив дэх НАТО-гийн тэлэлтийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Одоогоор Унгар улс Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг зогсоогоод байгаа сүүлийн улс аж. Хоёр орны байгуулж буй аюулгүй байдлын түншлэлийг Унгар улс барууны орнуудаас хэт хараат байдлаа бууруулахаар эрс шийдэмгий хөдөлж байна хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn