П.БОЛОРМАА

Элэгний B, Д вирусын тариаг Монголд оруулж ирэхийг шаардаж “Элэгний В, Д вирустай тэмцэгчид” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус ТББ-ын элэгний В, Д вирустай иргэдийн амь нас, амьдрал цаг, минутаар хэмжигдэж байдаг тул “Хамтдаа шийдэж элэг бүтэн амьдаръя” гэсэн уриатай элэг бүтэн амьдрахын төлөө явж байгаа ажээ. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд элэгний B, Д вирустай 450 мянган иргэнээс элэгний D вирус нь идэвхжсэн 150 мянган хүн бий. Монгол Улс элэгний шалтгаант нас баралт түүний дотор Д вирусанд уух эм,тарих тариагүйгээс дэлхийд тэргүүлж байна. 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний Д вирустай иргэдийн 50 хувийг эмчилнэ гэсэн сайхан заалт орсон. Иргэд ч амьд явах цаг хугацааг наашлуулсан сайхан мэдээ гэж таатай хүлээн авч баярласан. Гэвч бодит амьдрал дээр энэ дөрвөн жилийн хугацаанд нэг ч хүнийг эмчилсэнгүй. Тийсээс  элэгний Д вирусын Мирклудекс тариаг ОХУ-аас оруулж ирэхийг Засгийн газраас шаардаж байна. Энэ тариаг татвар төлөгчдийн мөнгөнөөс ЭМЯ-нд төсөвлөсөн 13.5 тэрбум төгрөгөөс зарцуулахыг Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн ч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Элэгний B, Д вирустай иргэд тэмцэн ажлиллаж байгаа ч ЭМЯ ажлаа хийхгүй байна” гэв. Мөн өнөөдөр Засгийн газарт тавьсан шаардлагынхаа хариуг авна. Хэрэв хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ ТББ-ын гишүүд илэрхийллээ.

Эх сурвалж www.zms.mn