Б.ГАРЬД

Монголд 1990-ээд оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Бүгд ерөнхийдөө нэг загвараар явж ирсэн. Харин энэ 2024 оны сонгууль шал өөрөөр явна. Бүсчилсэн том тойрог, намуудын жагсаалтаар 126 гишүүнийг сонгох ёстой.

Том тойрог нь гуравхан сумын дэмжлэгээр УИХ-ын гишүүн болдог тогтолцоог халж байгаа юм. 126 гишүүн гэдэг нь тэдний худалдагдах боломжийг хааж байгаа хэрэг. Товчхондоо, ингээд ойлгочиход болно.

Ер нь бол цөөнгүй “улстөрч” мухар сохроор зүтгэсээр байгаад УИХ-д ордог. Ороод ойгүй баяждаг. Хязгааргүй эрх мэдэл хэрэгжүүлдэг. Урьд нь ингэдэг байсан. Харин одоо орж ирэх гишүүдэд тийм боломж байхгүй. Хэрвээ УИХ-ын гишүүн болсон л бол тэр ажлаа л хийх хуулийн “хашаа”-г хийчихсэн. Жишээ нь, хэн нэгэн бизнесмэн УИХ-д ороод бизнесээ хамгаалж, өргөжүүлэх ямар ч боломжгүй. Тийм хүнд УИХ-ын гишүүний сэнтий бараг л гай болно. Өнгөрсөн жилүүдэд УИХ-аас улстөрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох, дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталсан. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдэд хялбаршуулсан журам үйлчлэхгүй, ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн ийм гэмт хэрэгт шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх, төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах зэрэг өөрчлөлтийг хуульд оруулчихсан. Хууль чангарсан учраас хулгай хийх боломж дараагийн УИХ-ын гишүүдэд олдохгүй. Тэгэхээр элдэв санаа агуулалгүй, мөрөөрөө хууль тогтоогчийн үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд л нэр дэвших ёстой болж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, энэ 2024 оны УИХ-ын сонгуулийг судлаачид, ажиглагчид “...Үнэмлэхүй ялагчгүй болно” хэмээн хэлж байна. Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна. Тэр намуудын хэд хэд нь ойролцоо хувьтайгаар УИХ-ыг бүрдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн 2000, 2016, 2020 оны сонгуулийн дүн энэ удаа давтагдахгүй. Бүсчилсэн том тойргийн онцлогийг тэгж харж байгаа аж. Тэгэхээр дараагийн УИХ-аас ямар нэг байдлаар эвссэн Засгийн газар бүрдэх магадлал үүсэж байгаа юм. Өөр өөр нэртэй л болохоос улс төрийн нам, хүчнүүд эвсэж Засгийн газрыг байгуулсан түүх хэд хэд бий. Гэхдээ энэ удаад “...Аль нам олон суудал авч, хэн гэдэг Ерөнхий сайдтай болох вэ” гэдэг чухал болж буй юм. Учир нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлж, гүйцэтгэх эрх мэдлийг зөвхөн Засгийн газар хэрэгжүүлнэ. Үүнд Ерөнхий сайд гол рольтой. Товчхондоо, Ерөнхий сайд хэн байхаас улсын хөгжлийн бодлого шууд хамаарна. Үүнтэй холбоотой өөрчлөлтийг Үндсэн хуульд 2019 онд хийсэн. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоосон. Үүгээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд УИХ хяналт тавьдаг болсон. Бас Ерөнхий сайд бусад сайд нарыг өөрөө томилж, чөлөөлдөг байх зохицуулалтыг Үндсэн хууль тусгасан. Энэ нь сайд нар өөрийг нь томилсон УИХ-ын гишүүдийн хэлснээр ажилладаг гэсэн шүүмжлэлд цэг тавьсан. Үүнээс гадна Засгийн газар танхимын зарчмаар нэгдсэн бодлого, шийдвэртэй ажиллах нөхцөл нь бүрдсэн. Өнгөц харахад, томилгооны эрх мэдлийн өөрчлөлт мэт боловч цаагуураа Засгийн газрын тогтвортой байдал зэрэг алдагдаад байсан улс төрийн тэнцвэржилтийг хангахад дориун өөрчлөлт болж чадсан. Улмаар “...2023 онд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоотой холбоотой өөрчлөлт нь 2019 оныхыг баталгаажуулсан явдал болсон” гэж туршлагатай парламентчид, судлаачид үзэж буй юм.

Энэ агуулгаараа, дээр хэлсэнчлэн аль нам нь ялж, эсвэл олон суудал авч, хэн гэдэг Ерөнхий сайдыг тодруулахаас улс орны цаашдын олон асуудал хамаарахаар болчихож байгаа юм.

Удахгүй УИХ-ын сонгуулийн графикт үйл ажиллагаа эхэлнэ. Тэр үед улс төрийн хэдэн нам, хэчнээн эвсэл сонгуульд өрсөлдөх нь ил болно. Одоогоор Дээд шүүхэд Монгол ардын нам, Ардчилсан нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын либерал ардчилсан нам, Эх орон нам, Монголын либерал нам, БНН, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын социал демократ нам, Ард түмний нам, Монголын үндэсний ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, ХҮН нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын консерватив нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ард түмний хүч нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, ард түмний олонхийн засаглал нам, Их эв нам, Гэр хорооллын хөгжлийн нам, Миний Монгол нам, Монголын шинэчлэлт нам, ШИНЭ нам, Ардчилал шинэчлэлийн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам гэсэн 37 нам энэ бичсэн дарааллаар бүртгэлтэй байна. Эдний 10 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс ирэх сонгуульд хамгийн олон санал авах нам тодорно. Саяхнаас Н.Номтойбаяр МНН, МҮАН-ыг нийлүүлж "Үндэсний эвсэл" байгуулаад өөрөө тэргүүнээр нь ажиллах болсон. Гэхдээ СЕХ бүртгэх хугацаа арай болоогүй, Дээд шүүхийн бүртгэлээр О.Бум-Ялагч МНН-ын дарга, Б.Цогтгэрэл МҮАН-ын дарга хэвээр байна. Намуудын олных нь дүрэмд зааснаар дарга нь Ерөнхий сайд болно. Хамгийн гол нь хэн Ерөнхий сайд болж, юу хийж чадах вэ. Аль эсвэл хэнийг Ерөнхий сайдаар сонговол ард нь ямар үйл явдлууд өрнөх вэ. Ийм асуултуудад бид хариулт олох хэрэгтэй юм. Ингэхийн тулд улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, дэлхийн эдийн засаг, геополитикийн өөрчлөлтийг ч давхар “анзаарах” шаардлага үүсээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 32 (7276)