Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа товчхон “...Улирах өвлийг өнөтэй давж, урин хаврыг угтан бэлгэдэж, азай буурлуудынхаа амар мэндийг айлтган золгохоор ахан дүүсээрээ хуран цугласан монголчууд та бүхэндээ XVII жарны “хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Учран золгож буй луу жилдээ амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хотол даяараа сайхан шинэлээрэй” гэсэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Харин Монгол Улсын тод манлай уяачидтай ярилцаж буй “Монгол хууч” нь түүний сар шинийн мэндчилгээ болж буй бололтой.
Өвөрмөц байдлаар, уяачидтай хамт “хүргэсэн” мэндчилгээндээ улирч буй жилийг “...Түүхэн талаасаа хараад үзвэл туулай жилд Монголд оюун санааны ертөнцөд том зүйл боллоо. II Богдоос хойш 266 жилийн дараа Монгол Богд тодорлоо. Энэ бол бэлгэшээлтэй сайхан үйл явдал юм. Дээрээс нь Ромын пап Гүюг хаан элч довтолгож уулзаж байснаас хойш 778 жилийн дараа Монголд ирлээ. Өвөг дээдэс чинь хараа дээгүүр байсан шүү гэдгийг хэлээд буцлаа” хэмээн тоймлон дүгнэсэн байна.
Гарч буй луу жилийн талаар тухайлсан үг хэлсэнгүй. Гэхдээ “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм. Бидэнд мэдээж их түүх бий. Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм. Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж. Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг. Өөрөөр хэлбэл, улс орон яагаад урагшлан хөгжсөн, уруудан доройтсон тухай ойлголт юм. Ер нь бидний ялгарах гэж байгаа бүх зүйлийг ялгарахгүй болгох том бодлого явж байвал яах вэ. Энэ дээр бид анхаарах ёстой” гэв.
Ам л нээвэл авлига, шүүх ярьдаг Ерөнхий сайд сар шинийн босгон дээр өнгөрсөн жилийг гадаад харилцаа, түүх талаас нь “базаад” өнгөрсөн нь анхаарал татаж байна. Уг нь гарч буй луу жилд урьд урьдынхаас онцлогтой УИХ сонгууль болно. Тэр утгаар нь, “...Сонгууль” гэдэг үг ч хавчуулсангүй. Гэхдээ “...“Чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг” гэсэн нь цаад агуулгаараа өөрийнхөө үйл ажиллагаа, үзэл бодолд нэгдэхийг уриалсан бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)