П.АМГАЛАНБАЯР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирэв. Төрийн айлчлал хоёрдугаар сарын 7-8-нд үргэлжлэх юм.Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав. Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөвдэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна .Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон ХБНГУ-ын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Талууд олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)