Б.ДАМДИН-ОЧИР

Жилийн өмнө, бар жилийн сүүл дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Их эзэн Чингис хаан нэгэнтээ “...Эрдмийн дээд эв” хэмээн айлдсан байдаг. Иймээс манай ард түмэн Их хааныхаа билиг сургаалыг санаж, эрдмийг эрхэмлэж, эвийг сахин, зөвийг бүтээж, Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих учиртай” гэсэн. Энэ нь олны анхаарлыг татсан юм. Учир нь 2021 оноос хойшх хоёр жилийн хугацаанд Монголын төр авлигын эсрэг хүчтэй акцуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газар санаачилж, УИХ хуульчлан батлах замаар олон өөрчлөлтүүд явж байв. Харин төрийн зүгээс хэрэгжүүлсэн энэхүү авлигын эсрэг үйл ажиллагаа нь улс төрийн томоохон намууд, нөлөө бүхий улстөрчид, бизнесмэн, хууль хяналтын байгууллагынхны “эрх ашиг”-ийг хөндөөд эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн савлагаа, хууль эрх зүйн донсолгоо үүсэх нөхцөл бүрдсэн гэхэд болно. Чухамдаа эдгээрийг анзаарсан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 30.1-д “...Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан үүргийнхээ хүрээнд туулай жилийн босгон дээр хэлсэн болов уу. Олон нийт ингэж ойлгож хүлээж авсан.

Яг ийм агуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар бар жилийн сүүл, туулай жилийн босгон дээр хэлж байсан. УИХ-ын дарга яг жилийн өмнө “...Үндсэн хуульдаа 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үр дүнд хүргэж, эрх зүйн шинэтгэлийг тууштай, эрчимтэй гүйцэтгэж эрчимжүүлэх нь туулай жилийн зорилт байх болно. УИХ улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр есөн багц хууль, нэг бодлогын цогц арга хэмжээг багтаасан 10 реформ, шинэчлэлийг хийх зорилгыг дэвшүүлээд байна” гэж байлаа. Түүнчлэн тэрбээр УИХ-ын 2023 оны хаврын чуулганы нээлт дээр “...Энэ чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална. ...Мөн саяхан Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эхлүүлснийг УИХ хуулийн бодлогоор дэмжиж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж ажиллах шаардлагатай” гэж байв. Энэ нь биелсэн. УИХ-ын даргын тухайд, ер нь энэ УИХ лав бар жилд авлигын эсрэг эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хэлэлцэж баталсан. Энд дурдахад УИХ-ын дарга Г.Занданшатар нам гацчихаад байсан нүүрсний сонсголыг “хөдөлгөсөн” байдаг. Хэрвээ тэр захирамж гараагүй бол нүүрсний сонсгол тэр чигтээ замхрах байсан нь бодит үнэн билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд зорилго нь олон нийтэд бараг тодорхой болчихсон. Гэхдээ түүний бар жилийн сүүлчээр МҮОНТВ-д өгсөн томоохон ярилцлагаараа “...Туулай жилд юу хийх вэ” гэдгээ нэлээд сайн ярьсан байдаг. Тэгэхдээ “...Цар тахлын өмнөх дэлхий рүү дахиж хэзээ ч очихгүй. Дэлхий нийтээрээ л одоо маш их жагсаал цуглаантай, уур бухимдалтай цаг хугацааг өнгөрүүлж байна. Байгалийн гамшиг, сөрөг үзэгдлүүд их өсөж байна. Ийм тохиолдолд Монгол Улс хэрхэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглал, ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэх вэ гэдэг бидний том сорилт болоод байна.

...Хамгийн чухал нь бид мөнгө олох ёстой. Үүн дотроо тээвэр логистикийн боомыг тайлах Боомтын сэргэлт нэгдүгээр бодлого байна.

...Манайх жилд 30 орчим сая тонн нүүрс зардаг. Үүнийг 40-45 сая тонн руу оруулбал Монгол Улс өөр түвшинд гарна. Далд эдийн засаггүйгээр, нүүрсээ амны биш хилийн үнээр зарж чадвал, 50-100 сая тонн нүүрсийг экспортолдог болж, ДНБ 10 мянган ам.доллароос давна. Гэхдээ бидэнд жилийн дараа 5000 ам.долларт хүргэх боломж байна.

 ...Оюу толгойн гэрээний тухайд “Рио Тинто”, “Туркойз Хилл групп” буюу хөрөнгө оруулагч тал буулт хийсэн. Оюу толгой Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэлээ. Энэ өр төлөгдчихсөн учраас гүний уурхай хийгдэж байгаа юм. Гүний уурхай гуравдугаар сарын 13-ны өдөр нээгдэнэ. Энэ бол Монгол Улсын түүхэнд маш тод өдөр болж үлдэнэ.

... “Welcome to Mongolia” кампанит ажлыг хийнэ. Аялал жуулчлалын хууль гарч байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдад татварын буцаан олголтыг өгөхөөр болж байна. Агаарын тээврийн либералчлал хийж байна. Бусад улс руу шууд нислэгүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр олон жил ярьсан нэг сая жуулчиндаа бол хүрнэ.

...2023 оныг авлигатай тэмцэх жил болголоо. Чадах бүх зүйлээрээ хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Жилийн дараа л үр дүнг нь харна. Үнэнийг хэлэхэд би Ерөнхий сайд болоод яг энэ чиг үүргийн дагуу ажиллаж үзсэнгүй. Ковидын үе таарсан болохоор Онцгой байдлынхантайгаа илүү ажиллалаа. Одоо бол авлигалын эсрэг одоо хууль тогтоомжийн дагуу АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн байгууллагуудтай нэлээд тулж ажиллана. Энэ асуудлаар би Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн хувьд “Эрдэнэт”-ийн 49, Оюу толгойтой холбоотой асуудлуудыг Ерөнхий сайд байхдаа бас гаргаж тавьж дуу хоолойгоо илэрхийлж байсан улстөрч. Тэр нь үргэлжлээд л явж байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн дэмжлэг үзүүлж Засгийн газрыг дэмжинэ гэдэгт миний хувьд итгэлтэй байгаа.

...Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй. Түгжрэл, утаа бол мөсөн уулын орой гэдэг шиг энэ авлигал, буруу системийн бидний нүдэнд харагдаж байгаа хэсэг нь л юм.

 ...2023 онд “5Ш” ажиллагааны хүрээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд болоогүй том хэмжээний үр дүн гарна. Мэдээж 30 жил хуримтлагдсан олон асуудал байна. Үүнийг бүгдийг илчилж, ялан дийлэх том боломж яалт ч үгүй олон нийтэд байдаг.

 ...Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бий. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр өргөдлөө өгөөд “Шалгуулъя” гэчихээд байж байна. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.Чуулган эхлээд нэн тэргүүнд хоёр гишүүнтэй холбоотой асуудлуудыг ярилцана. “Үнэхээр олон нийт хардаж байгаа бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулцгаа” гэж би хэлж байгаа юм.

...ОУВС-гийн удирдлагууд “Ер нь Хөгжлийн банк чинь байх хэрэгтэй юм уу” гэдэг асуултыг надад тавьсан. “...Татан буулгах ёстой” гэсэн. Татан буулгачихаар нэгдүгээрт, энэ өрүүд төлөгдөх туйлын эрсдэлтэй болж хувирна.Хоёрдугаарт, цаашдаа Хөгжлийн банкийг дахиж байгуулах боломж туйлын хомс болно. Нэг үгээр хэлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх зүйлгүй болно л гэсэн үг.

...УИХ-ын сонсгол гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд оруулж байна гэсэн үг. Тэрнээс биш тэнд шүүн таслах ажиллагаа биш. “...Засгийн газар элдвийн баримтуудыг гаргаж ирээд, задлаад л байна” гэж намайг зарим хүн шүүмжилдэг юм. Ер нь бол зарлана. Ил тод болгоно. Ерөнхий сайдын хувьд хийж чадах зүйл л энэ.

 ...Миний нэг баяртай байгаа зүйл бол саяын нүүрсний хулгайг дөрөв, таван жил яриад төдийлөн анхаарлын төвд ороогүй байсан. Харин одоо энэ системийн авлигыг олон нийт бараг бүтэн олоод харчих шиг боллоо. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Яагаад гэхээр олон нийтийн анхаарал сулраад ирэх үед л шүүхийн шатанд ч юм уу завхрал явдаг.

 ...Энэ хаврын чуулганаар Засгийн газраас УИХ, Засгийн газрын гишүүд өөрийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаа төрд томилох эрхийг хуулиар хаах гэж байгаа юм. Дээрээс нь эцсийн өмчлөгч нь болж хувьцаа эзэмшдэг компаниараа төрийн тендерт орохыг хуулиар хаана. Төслийг нь УИХ-д өргөн барина. Энэ дээр бас олон нийтийг дэмжихийг уриалж байна. Дахиад л дэмжлэг хэрэгтэй. Энэ хууль батлагдвал төр, бизнес хоёрын зааг тогтож эхэлнэ. 

...”...Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний байр суурь юу байна вэ” гэж тодруулбал би “...Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ. Холимог гэдэг маань эхнийх нь тойргоос парламентын гишүүдийг сонгоно. Энэ бол тойргоо төлөөлнө. Үндэсний хэмжээнд парламентын гишүүд сонгогдоно. Тэр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. Ингээд 50:50 болчихлоор 50 хувь нь тойрогжих үзэгдэл, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна” гэж ярьж байсан. Тэгвэл жилийн дараа эргээд харахад тэдний үг ямар үйлдэл болж хөрвөснийг харах хэрэгтэй юм. Ямартай ч УИХ-аар “...Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах Засгийн газрын санаачилгыг дэмжиж, улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглосон. Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталсан. Ингэж хариуцлага тооцдог систем албажсан.

За тэгээд, Хөгжлийн банкны хэрэг хэлтэй амтай ч шүүхээр шийдвэрлэгдээд эхэлсэн. Үр дүнд нь бондуудын өрийг хугацаанд нь төлж дуусгасан. Нүүрсний хулгай энэ хооронд ямар ч байсан зогсож, эдийн засагт өсөж 6.8 хувьд хүрсэн. Монгол Улсын эдийн засаг анх удаа хоёр дахин тэлсэн. Тэнцэл эерэг болсон. Нэг хүнд ноогдох ДНБ 5000 давж, валютын нөөц нэмэгдэж байна. Саяхан Тавантолгойгоос бага ч гэсэн ноогдол ашиг тараалаа. Баялгийн санг улс төрийн нам, хүчнүүд нэг байр суурьтайгаар дэмжлээ.

“5Ш” ажиллагаагаар Монголын улс төр, эдийн засагт нэлээд оролцоотой явсан этгээдүүдийн зарим нь баригдаж ирсэн. Цахим систем хэрэгжиж урьд өмнө олон нийтийн мэддэггүй байсан олон мэдээлэл ил болсон. Боловсролын зээлийн сангийн зарцуулалт үүний томоохон жишээ болно. Хотын асуудал ягтаа тулсан нь өнгөрсөн зуны үер, энэ өвлийн цасны дараах замын байдал, сая болсон хий ачиж явсан машины ослоос тодорхой харагдана. Үүнд ногоон автобусны хэрэг мандсаны дараахан хотын удирдлагуудад хийсэн сэлгээ томоохон нөлөө үзүүлж таарна. Цаашлаад Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн бүсчилсэн том тойргоор явуулж, УИХ-ыг 126 гишүүнтэй болгох өөрчлөлтийг оруулсан. Энэ ч шууд утгаараа авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл гэхэд болно.

Шулуухан хэлэхэд, энэ өөрчлөлт Монголын улс төрд олон том өөрчлөлтийг авчрах шинж ажиглагдаж байна. Хууль батлагдсаны дараахнаас л том намууд жагсаалтад бичигдэх, тойрогт нэр дэвших хүмүүсийн асуудал яригдлаа. Гол нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагахтай зэрэгцээд том намууд дотоод асуудлаа цэгцлэх ажилтай тулж байх шиг байна. МАН-ын дотоодод тодорхой зөрчил байгаа нь сүүлийн үед нэлээд хурцаар илрэх боллоо. АН ч хуучин хэдэн фракцын нэр барьсан хоёр, гурван улстөрч нь намынхаа удирдлагуудыг хэсэг сандаргасан. Одоо бол намын дарга нь бууриндаа үлдэж, нөгөөдүүл нь хаяасахаас өөр хугацаа үлдсэнгүй. Жижиг намууд том намуудын жагсаалтгүй, тойроггүй хүмүүст орон зай бэлэглэж байна. Дийлэнх нь дээр хэлсэнчлэн том намын улстөрчдийн мэдэлд очсон. Үнэд хүрээгүй зарим нь сандарчихсан “...МАН, АН-аас бусадтай нь нийлье” гээд явж байх жишээтэй. Бар жилд бас хэд хэдэн томоохон үйл явдал болж өнгөрлөө. X Богдыг залсан. Ер нь бол монголчуудын эв нэгдлийг хангадаг нэг сэжим итгэл үнэмшил, шаштин шүтэх эрх байдаг. Үндсэн хуулиар энэ эрх чөлөөг хамгаалж өгсөн. Манайхан лав 100 гаруй жилийн өмнөөс “...Тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ зална даа” хэмээн дуулдаг байсан түүхтэй юм байна лээ. X Богдыг залсантай шууд бус холбоотойгоор голдуу хөшигний ард нэлээд үйл явдал өрнөлөө. Заримыг нь бид албан бусаар сонссоор л ирэв. Харин гадаад ертөнц, тэр дундаа өмнөд хөршийн зүгээс энэ үйл явдалд хүндэтгэлтэй хандах болсон талаар улс төрийн хүрээнд нэг зүйл яригдсан. Тэр юу юм гэхээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ X Богдыг залахаас өмнө Хятадад айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ “...Төвд танай дотоод асуудал, харин X Богд манай асуудал” гэсэн байгаа юм. Энэ мэтчилэн манай улсын гадаад харилцаатай холбоотой бас нэг сонин содон айлчлалыг дурдах хэрэгтэй. Бар жилийн нам Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монголд айлчилсан. Энэ нь дэлхийн чихийг нааш нь сортойлгосон их сонирхолтой үйл явдал болсон. Тэр айлчлалын үеэр Ерөнхийлөгч “...Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид монгол туургатныг нэгтгэн, Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, “Монголын их амар амгалан”-г тогтоосноор, Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм. Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг” гэсэн нь дэлхийн хэвлэлийн олон агентлагаар түгсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг үг Монголын талаар олон улсад ой санамж сэргээсэн явдал болсон юм. Өөр бусад онцлох үйл явдал олон л болж өнгөрчээ. Гэвч цаг, цаас хоёр хэмжээтэй тул томоохноос нь “жагсааж” бичлээ. Учир нь, өдөр тутам, өч төчнөөн дуулиан шуугиан дунд явдаг бидний монголчууд эдгээрээс улбаатай хэмнэл, өөрчлөлтүүдийг мэдрэхгүй өнгөрч байж мэднэ. Гэхдээ энэ үйл явдлууд хүссэн хүсээгүй өнөөгийн монголчууд бидний үлдээж буй түүх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)