Х.ХАТАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Зууны мэдээ”-ний ярилцлага буландаа Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын Инновацын төв, Гарааны бизнесийн хэлтсийн дарга Г.Жаргалмааг урилаа.

 

-Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын үйл ажиллагааны талаар уншигчдад товч мэдээлэл өгвөл?

-Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь Улаанбаатар хотын инновацын экосистемийг хөгжүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн StartUp бизнесийг дэмжих, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хотын тулгамдсан асуудлыг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

Инновацыг хөгжүүлэхэд бид залууст шинэ санаа гаргаж, төсөл боловсруулаxад нь туслах, ажлын таатай орчноор хангах, StartUp-уудыг хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар инновацын төв, Баянхошуу бизнес инкубатор төв, орон зай, цаг хугацаанаас үл хамааран виртуал орчинд уулзах Метахаб, хөрөнгө оруулагч нарт бүтээгдэхүүнийхээ анхны загварыг туршин үзүүлэх Бүтээгчдийн талбар гэсэн дөрвөн үндсэн дэд бүтцийг байгуулан ажиллаж байна. 

-Монгол Улс 2050 он гэхэд мэдлэгийн эдийн засагтай, хөгжингүй орон болохоор зорилт тавьсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад инновацад суурилсан гарааны бизнесийн орчин ямар түвшинд байгаа вэ?

-Израиль улсын StartUp Blink платформ дээр 2023 оны Дэлхийн гарааны бизнесийн экосистемийн тайланд Монгол Улс топ 100 улсын тоонд багтаж, 2020 оноос долоон байраар урагшилж 79 дүгээр байранд, Улаанбаатар хот топ 1000 хотын 448-т бичигдэн, гурван жилийн хугацаанд 43 байраар дээшилсэн үзүүлэлттэй байна.

Гэсэн хэдий ч энэ нь Монгол Улсад гарааны бизнес эрхлэхэд хангалттай таатай орчин бүрдээгүй байгааг илтгэж байна. Тиймээс бид үүнийг сайжруулахын тулд анхаарч ажиллаж байгаа. StartUp-уудад тулгардаг томоохон асуудлын нэг бол мэдээж хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал, цаашлаад татвар, нийгмийн даатгалын ачаалал байдаг.

-Хэрэгжилт, үр дүнг сайжруулахын тулд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-2016 оноос эхлэн Монголын гарааны бизнесийн орчинд амжилт, нөлөөллөөрөө манлайлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадны зах зээлд гаргаж байгаа манай компаниуд бий. Жишээ нь, манай Улаанбаатар инновацын төвийн хамгийн анхны StartUp болох “Эрксис Монголиа” нь маркетингийн технологийн платформыг олон улсын зах зээлд нэвтрүүлсэн, АНУ-ын Цахиурын хөндийд хүлээн зөвшөөрөгдсөн, хоёр сая гаруй долларын үнэлгээтэй болсон байна.

Монгол артистуудын бүтээлийг дэлхийн 25 оронд үйлдвэрлэж, 120 гаруй улсад хүргэгдэх шийдлийг гаргасан “Гэрү платформ” компани нь мөн манай Хабаас эхлэлтэй бөгөөд зах зээлийн үнэлгээ нь өнөөдөр гурван тэрбум төгрөгт хүрчээ.  Улаанбаатар инновацын төвд үүлэн технологийн коммюнитийг хөгжүүлдэг “Фибо Клуад”-ынхан маань Төв Азийн хэмжээнд зохион байгуулагддаг "Google for Startups" тэмцээнд 330 StartUp-тай өрсөлдөж, шилдэг 15 StartUp-ын нэгт тунаж үлдэн "Silkway Accelerator" хөтөлбөрийг төгсөхдөө шилдэг гурван StartUp-ын нэгээр шалгарч, улмаар БНКУ-ын харилцаа холбооны тэргүүлэх оператор “Транстелеком” компанитай хамтран ажиллах том гэрээ байгуулсан. Эдгээр амжилтуудаас харвал инновацын төв нь эдгээр StartUp, энтрепренер залуусын хамтдаа хөгжих огтлолцох цэг болж чаддаг.

Иймд цаашид инновацын дэд бүтцийг олноор байгуулж, гарааны бизнес эрхлэгчдийг төрийн нэгдсэн бодитой том бодлогоор дэмжих, хамтран ажиллах,  бизнесийн орчныг сайжруулах, улмаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн гарааны бизнесийг дэмжих эхлэлийн хөрөнгө оруулалтаа босгоход нь грант, тусламж олгох зэргээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх санал хүсэлтийг манай төвөөс хийсэн StartUp-ын орчны судалгаанаас харж болно. Инновац, StartUp-ын индексээр дээгүүр буюу топ 10-т жагсаж байгаа гадны орнуудыг үзвэл судалгаа, хөгжүүлэлтдээ зарцуулж байгаа зардал болон StartUp-уудаа хэрхэн дэмжиж байгааг бодлогыг харвал урт хугацаандаа улс орныхоо эдийн засгийн өсөлтөнд хүчтэй эерэг нөлөө үзүүлж, тухайн улсын өрсөлдөх чадварын индексийг дээшлүүлж байна.

-Инновац, гарааны бизнесийг хөгжүүлэхийн тулд нийслэлээс ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй вэ?

- StartUp, дөнгөж байгуулагдаж буй компаниуд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, R&D үйл ажиллагаандаа нөөцөө чиглүүлэхийн тулд бусад ашиглалт, үйлчилгээ, интернэт холболт гэх мэт аж ахуйн асуудалд анхаарах боломжгүй байдаг. Мөн зүгээр оффис түрээслэхэд дор хаяж нэг жилээр гэрээ хийх сонирхолтой байдаг. Гэтэл компани нь яагаа ч билээ, хэзээ ч гарах болоо билээ, ер нь хэдэн сар тэсэж чадах уу, үгүй юу гэдэг нь энтрепренеруудын хувьд асуудал байдаг. Тэгвэл дундын оффис нь энэ асуудлыг шийдсэн уян хатан зохицуулалт болдог. Дангаараа өөрсдийн оффис түрээсэлж юм уу, худалдаж авах боломжгүй байдаг. Үүнээс гадна тус тусынхаа ажлыг хийж байгаа ч гэсэн нэг дор хамт байдаг болохоор өөрсдийн коммюнити хүрээлэл үүсгэж хамтдаа хөгжихөд дөхөм байдаг.

Түүнчлэн компаниа байгуулаад татвар, оюуны өмч, хууль эрх зүй, борлуулалт, маркетинг гэх мэт чиглэлээр үнэгүй сургалт, зөвлөх үйлчилгээнд хамрагдаж богино хугацаанд өсөхөд нь ч маш том дэмжлэг болдог. Тиймээс олон нийтэд зориулсан коворкинг, инкубатор орчин нь эдгээр компаниудад үзүүлж буй шууд дэмжлэг, хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл энтрепренерууд, StartUp компани эрхлэгчид гэх мэт уламжлалт бус, өмнө нь байгаагүй ажлын байрны хүмүүс хамт суун ажиллах боломжтой орчин үүсгэж буй коворкинг оффис олноор байгуулагдах нь цаашлаад урт хугацаандаа Монгол Улсын өрсөлдөх чадварын индексийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм. Дэлхий дахинаа ч коворкинг соёл нь тренд болж байгаа. “Global coworking survey” /2018, Deskmarg/ тайланд дурдсанаар 2008 оны байдлаар дэлхий дахинд 160 орчим л дундын оффис байсан бол 2023 онд 18 мянга болж нэмэгдсэн байна.

-Цаашид танай газраас ямар аж­луудыг хийхээр төлөвлөсөн байгаа вэ. Томоохон ажлуудаас дурдвал?

-Цаашид ч мөн жил бүр шинээр инновацын дэд бүтцүүдийг байгуулан, хотын асуудлыг шийдэх инновацын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй стартапуудыг дэмжин ажиллах болно. Нэмж хэлэхэд, Улаанбаатар инновацын төвд амжилттай бойжсон 34 компанийн зах зээлийн үнэлгээ 137 тэрбум төгрөгт хүрсэн нь нийслэлээс тус компаниудад хийсэн хөрөнгө оруулалт 73 дахин буюу 7300 хувь өгөөжтэй хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)