Т.САЙХАН
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг парламент хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий иргэн 2013 онд батлагдсан хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж, УИХ-ын албан ёсны цахим системд санал асуулга байршуулаад байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хөдөө орон нутагт ажиллаж иргэд, малчидтай уулзахад газрын 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалттай хуулийн талаар байр сууриа илэрхийлж, санаа зовж байгаагаа хэлж байна. Яг үүнтэй холбоотойгоор иргэн Н.Номуун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд энэ хуулийг төслийг хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж парламентын нийтийн мэдээллийн өргөдлийн системд байршуулсан. Энэ санал нь 100 мянган иргэний дэмжлэгийг авсан. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэд хууль санаачилж түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх ёстой. Энэ хуулийн дагуу 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох газраас нь санал авахаар шийдвэрлэлээ. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn