Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Өнгөрөгч нэгдүгээр сар Монголын болоод дэлхийн спортын ертөнцөд олон үйл явдал өрнөсөн, ололт амжилтаар дүүрэн сар болж өнгөрлөө. Энэ сард болсон тэмцээнүүдийн тухай тоймлон хүргэе.

 

Монголын цаначид 21 дүгээрт бичигдэв

 

Нэгдүгээр сард болсон онцлох тэмцээний нэг нь БНСУ-ын Канвон хотноо 13 өдрийн турш болсон Залуучуудын өвлийн IV олимпын наадам байв.  Дэлхийн 78 улсын залуу тамирчид цугласан энэхүү олимпод  эх орноо төлөөлөн биатлоны зургаа, гүйлтийн цанын дөрөв, уулын цанын хоёр тамирчин оролцсон юм. Үүнээс багийн уралдаануудыг онцолбол, эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчнаас бүрдсэн нийт 26 баг 4х6 км-ийн буухиад уралдсан юм. Энэхүү уралдаанд Италийн баг 1:15:12.4 цагийн амжилтаар түрүүлж, Франц 1:16:25.4 үзүүлэлтээр удаалан Чехийн баг 1:18:23.4 цагаар хүрэл медалийн эзэд болсон. Харин манай цаначидын хувьд Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэй уралдаж, 21-р байрт орсон амжилт үзүүлсэн билээ. Манай тамирчид Залуучуудын өвлийн олимпын холимог буухиад анх удаа өрсөлдсөн нь энэ юм. "Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т болоход  79 тамирчин хурд сорьсноос манай тамирчин, ОУХМ Т.Өсөх-Ирээдүй тун сайн уралдаж, 79 тамирчнаас 22-р байрт орлоо. Тэрбээр өөрийн зайг 20:51.9 минутад туулсан юм. Булган аймгийн Тэшиг сумын 11-р ангийн сурагч тэрбээр өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас гурван алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм. Харин энэ төрөлд уралдсан А.Хүслэнгийн хувьд 22:01.7 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдсэн юм. Ийнхүү Монголын өвлийн спортын түүчээ болсон залуу тамирчдын хувьд амжилт дүүрэн энэ удаагийн олимпод оролцлоо. Тэднийг "Харбин 2025" Азийн наадам, "Милан Кортина 2026" өвлийн олимпын наадам хүлээж байна.

 

Олимпын эрх өвөртөлсөн буудлагынхан

 

Индонезын Жакарта хотноо нэгдүгээр сарын 5-18-ны хооронд буудлага спортын ААШТ амжилттай болж өндөрлөсөн. Үүнээс эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 55 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, олимпын эрхээ өвөртөлсөн юм.  Түүнээс өмнө О.Есүгэн олимпын эрх аваад байгаа билээ. Э.Даваахүү урьдчилсан шатанд 579 оноогоор шигшээ наймд шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноо авснаар гуравдугаар байр эзэлжээ. Энэ дасгалд Энэтхэгийн Варун Томар алт, Аржун Синх Чеема мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна тэрбээр 25 метрийн дасгалд мөнгөн медаль хүртэж, Азийн наадмын хос медальтан болсон билээ. Манай тамирчны увьд дөрвөн жилийн өмнө Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай.

 

Монгол хүү дэлхийн аварга боллоо

 

Дараагийн онцлох тэмцээн бол Франц улсад бролсон  мөсөнд авиралтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.  Нэгдүгээр сарын 18-20-ны хооронд болсон энэхүү тэмцээнд  Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртсэн юм. Мөн энэ насны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Тэгвэл энэ он гарснаар Олон улсын жүдо бөхийн холбоо­ноос 2024 онд зохион байгуулах цув­рал тэмцээний эхний “Их дуулга” Францын Парис хотод болж өндөр­лөлөө. 107 орны 621 жүдоч барилдсан уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж, нэг хүрэл медальтай эх орондоо ирсэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Узбекистаны Севинч Исокова, Чехийн Ренота Зачова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Нидерландын Жоанне Ван Лийхоуст ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Кубын Маялин Карваялыг, хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчиг ялсан юм.

Мөн Италийн Ломбардиа мужид болсон Дэлхийн мастеруудын өвлийн гуравдугаар наадмаас Монголын ахмад тамирчид 15 медаль хүртсэн юм. ОУХМ Топруулбал, Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдсөнөөс 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв. Харин шорт трэкийн төрөлд 500, 1000, 1500 метрийн зайд уралдсан 38 настай О.Энхбат шагналт тавдугаар байранд шалгарчээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль хүртжээ.

 

Ёкозүна Тэрүнофүжи ес дэх түрүүгээ хүртлээ

 

Мэргэжлийн сүмогийн ертөнцөд монголчуудын түрүү үргэлжилж байна. Уламжлал ёсоор нэгдүгээр сарын Хацү башё амэилттай болж өндөрлөлөө. Тэмцээний  сүүлийн өдрийн барилдаан эхлэхэд өмнөх өдөр нь өвдөг шороодсон озэки Киришима Б.Лхагвасүрэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давбал сэкивакэ Котоновака түрүүлэх учиртай байв. Гэтэл ёкозүна Тэрүнофүжи бэлтгэл сайтай байгаагаа харуулж, Киришимаг давж, улмаар Котоновакатай нэмэлт барилдаан хийв. Нэмэлт барилдаанд ёкозүна илүүрхэж, энэ оны эхний башёд 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн юм. Хэрэв Хацү башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх болзолтой байсан Киришима 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгалаа.Ингэснээр их аварга эргэн ирснээ зарлаж, мэргэжлийн сүмогийн ертөнцөд монгол бөхчүүдийн ноёрхол дуусах болоогүйг баталсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)