“Зууны мэдээ” сонин Сар шинийн босгон дээр “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа 1980-аад оныхныг урилаа. Тодруулбал, цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөлөл болсон 33 зочныг урьж ярилцав. Ингэхдээ Монгол Улсын нийслэлийн бүх дүүрэг болон 21 аймаг, гадаадад амьдран суугаа монголчуудынхаа төлөөллийг хамруулахыг зорилоо.

 

-Сар шинэ бол монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр. Таны хувьд өсөж төрсөн нутаг орны уламжлалтай холбоотойгоор сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
-Сар шинэ гэхээр хамгийн түрүүнд ямар дурсамж санаанд ордог бол?
-Үндэсний гэх онцлог чанар улам бүдгэрч даяарчлагдаж байгаа энэ үед 1980-аад оныхон бол цагаан сарын өв уламжлалыг тээгч, үр хойч үедээ ач холбогдлыг нь таниулах үүрэг хүлээж буй онцгой үеийнхэн гэж хэлж болно. Энэ үүргээ хэрхэн харж, биелүүлдэг вэ?

 

Баянзүрх дүүрэг

 

Өв соёл, уламжлал гэсэн агуулгад нь илүү ач холбогдол өгдөг

Түмэндэлгэрийн Батцогт

Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн

-Би Дархан хотод төрж, өссөн. Уламжлал, хэв маягийн хувьд айхтар ялгаа байгаагүй. Тухайн цаг үеийн тэр жишгээр тэмдэглэдэг байсан. Айлын том хүүхэд учраас  буузны гурил элдэх ажил дээр оногддог байлаа.

-Манай 1980-аад оныхны нэг онцлог байдаг.  Тэр нь бидний хүүхэд нас нийгмийн шилжилтийн үед өнгөрсөн. Нэг талдаа бид их азтай, сонирхолтой дурсамжтай. Одоогийн 20, 30 настай залуучууд бол бүгд ардчилсан нийгэмд өсөж төрсөн.  Харин бидний үед картын бараанд дугаарлаж, хаа нэг тохиох баяр ёслолоор эрээн цаастай чихэр, мандарин харж баярладаг л байлаа. Тухайн үед амттан, чихэр, жимс ховор байсан болоод ч тэр үү хүүхэд насны баярууд их сайхан дурсамж болон үлджээ.

-Сар шинийн баярын түүх, өв соёл, уламжлалд агуулга, утга учир талаас нь анхаарч, ач холбогдол өгдөг. Нүүдэлчин монголчууд өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр хэмээн тэмдэглэн ирсэн түүх, соёлтой. Цагаан сар бол монголчууд бидний үнэт өв мөн юм. Биднээс гадна ОХУ-ын Буддын шашинт Буриад, Тува, Алтай, Халимагийн ард түмэн тэмдэглэн өнгөрүүлдэг гэж байсан. Тиймээс бид цагаан сарын баярын утга, агуулгыг өвлөн уламжилж үр хүүхэддээ үлдээх үүрэгтэй.  Сүүлийн үед залуучууд маань шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг хэрнээ цагаан сарын баярыг зөвхөн ахмад настнуудын баяр гэж ойлгох хандлагатай байна.  Магадгүй, цагаан сарын баяр өөрөө өртөг, зардал өндөртэй, үндсэн агуулгаасаа хөндийрч нийгэмд материаллаг, хэрэглээний ялгаатай байдал үүсгэхээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбоотой байх. Тиймээс 1980-аад оныхон бид цагаан сарын баярыг илүү уламжлалт агуулгыг илтгэн, хавар цаг, урин цагаа угтан байгаа гэдэг агуулгад илүү ач холбогдол өгөхийг уриалах нь зүйтэй болов уу гэж боддог. Монголын түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Налайх дүүрэг

 

Надад үлдсэн нандин дурсамж хүүхдүүдэд маань ч гэсэн үлдээсэй гэж хүсдэг

Дамдинсүрэнгийн Отгонсүрэн

Далайн захиргааны газрын дарга

-Миний төрж, өссөн Налайх дүүрэг бол аж үйлдвэрийн ууган гал голомт, хөдөлмөрийн баатруудын өлгий нутаг, уул усны үзэсгэлэн сайхан бүрдсэн бахархам үүх түүхтэй газар. Миний аав Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн Монгол Улсын гавьяат уурхайчин, Хүмүүнлэгийн ухааны доктор Л.Дамдинсүрэн гэж хүн бий.  Манай гэр бүл, ахан дүүс цагаан сарыг тэмдэглэхдээ өвөг дээдсийнхээ ёс уламжлалын дагуу шинийн нэгний өглөө “Дээр мөргөх” ёслолыг хийж гүйцэтгэдэг. Энэ нь тэнгэр, газартаа мөргөж, лус савдагаа аргадаж, ирж буй жилдээ эрүүл энх, аз хийморьтой явахыг бэлгэдсэн ёслол юм.

-Бага ангийн сурагч байхаасаа өвлийн амралтаар өвөөгийнхөө цагаан сарын буузны махыг үеэлүүдтэйгээ хамт татаж, ус авах, нүүрс бутлах зэргээр эмээдээ тусалдаг байлаа. Аав, ээж, ах дүүс болон өвөөгийн ойр хавийн хөршүүд гээд гэр дүүрэн хүмүүс нэг оройжин суугаад гурван мянга орчим буузыг ядрахгүй, хөгжилтэйгөөр, инээж хөхрөн чимхэнэ. Миний хувьд бууз өрөх, тоолох, гаргаж хөлдөөх, савлах ажилд оролцож өвөөдөө тусалдаг байсан дурсамж маань тод үлджээ. Эмээ минь одоо хэдэн бууз болж байна гээд асуухаар, тэд гээд цовоо дуугаар хариулж байсан хүүхэд насны гэгээн дурсамжаа эргэн санахад нүүрэнд инээмсэглэл тодроод сайхан байна. Өвөө, эмээ минь ач, зээ нартаа ажлын дөр суулгаж байжээ. Надад ийм нандин дурсамж үлдсэн шиг үр хүүхдүүд маань ч гэсэн ийм дурсамж үлдээсэй гэж хүсдэг.

-Цагаан сар бол ахмадаа хүндэлж, ах дүүс дотносож, төрөл садангаа мэддэг, мөн Монгол ёс, уламжлалаа хойч үедээ, үр хүүхдүүддээ биетээр үзүүлж харуулж, зааж өгдөг, дадлага хийлгүүлж, өвлүүлэн өгдөг онцгой баяр гэдгийг улам ихээр ойлгох болсон. Манайх ам бүл тавуулаа, гурван хүүхэдтэй. Жил бүр аав ээжийнхээ цагаан сарын бэлтгэлд санаа тавьж тус дэм болохыг хүсдэг. Цагаан сараар ч тэр, бусад үед ч ахмадаа хүндлэх, монгол дээл хувцасаа өмсөж хэрэглэх, идээ будаа бэлтгэх, хүнтэй мэндлэх, ерөөл, билэгтэй үг хэлэх зэргээр хүүхдүүддээ үлгэрлэхийг хичээдэг дээ.

 

Хан-Уул дүүрэг

 

Хүүхдүүдээ алаг мэлхий өрөхийг зааж өгч өв соёлоо хадгалж үлдэхийг  эрмэлздэг

Цэдэвсүрэнгийн ГАНСҮХ

УСУГ-ын Шугамаар ус хангах албаны ажилтан

-Би малчин айлд төрж, өссөн. Цагаан сарыг малчин түмний баяр гэж нэрлэдэг  учраас их ач холбогдол өгч тэмдэглэдэг.  Битүүний өдөр  алаг мэлхий өрж тоглодог. Мөн шинийн гурван хүртэл алаг мэлхийгээ бүрэн тоголж дуусдаг байсан. Одоо ч гэсэн  монгол түмний уламжлалт наадгай болсон шагайг цуглуулж, хүүхдүүдээ алаг мэлхий өрөхийг зааж өгч  өв соёлоо хадгалж үлдэхийг  эрмэлздэг. Мөн зүг мөрөө гаргах, битүүний орой Лхам бурхнаа ундаалах гээд уламжлалт  ёс заншлаа дагаж, хүндэтгэн тэмдэглэн өнгөрүүлэхийг чухалчилдаг.

-Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул.  Хүүхэд байхдаа  өвөө дээрээ  өссөн. Тиймээс цагаан сарын баяр гэхээр өвөөтэйгээ өнгөрүүлсэн  дурсамжууд тод буудаг даа.  Өвөө маань гэрийнхээ хоймроор дүүрэн  бурхны ном судар өрсөн айл байлаа. Битүүний урд өдрөөс эхлээд өглөө, орой малаа хотлуулсны дараа Алтангэрэл,  мал, хүний Банзрагч гээд  гэртээ байдаг бүх тангад номнуудыг уншдаг том лам хүн байсан. Шинийн гурван хүртэл  тасралтгүй   таван өдөр ном уншдаг хүн байсан. Хүмүүс золгоод буцсаны дараа өвөөгийн  гэрээс номны дуу сонсогддог байлаа.

-Монгол түмний ондоошлыг  харуулдаг чухал баяр бол цагаан сар, үндэсний их баяр наадам гэж  боддог учраас их ач холбогдол өгдөг.  Тиймээс  эдгээр баярын үеэр үр хүүхдээ дагуулан явж, таниулж, зааж сургах хэрэгтэй. Учир нь мартагдаж буй өв соёлыг үр хүүхдэдээ  үлгэрлээд  явбал тэд цааш нь өвлөөд явна шүү дээ.Тиймээс цагаан сарын баярыг хэтэрхий нүсэр тэмдэглэж байна зэрэг үгүйсгэсэн зүйл байж болохгүй гэж боддог.

 

Багануур дүүрэг

 

Өвөөгийнхөө өвөлжөөнд цугларч, бууз хийдэг байсан үеийг мартдаггүй

Түмэндэмбэрэлийн  Байгальмаа

Багануур дүүрэг I хорооны иргэн, багш

-Монгол ёсоороо идээ будаагаа засаж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Манай Багануурчуудын хувьд ч энэхүү баярт хамгийн их ач холбогдол өгдөг. Шинийн нэгний өглөө ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, амар мэндийг нь ирдэг уламжлалтай. Манай гэр бүл ч ялгаагүй өглөө туулай цагтайгаа уралдан босож, үндэсний хувцсаа өмсөж, гэр бүл дотроо хамгийн эхний золголтоо хийдэг.

-Шинэхэн оёсон дээл хувцсаа өмсөхөөс гадна айл хэсч, бэлэг авна гэдэг хамгийн гоё. Мөн манайх өвөөгийнхөө өвөлжөөнд бөөнөөрөө цугларч, бууз хийдэг байсан үеийг хэзээ ч мартдаггүй. Халуун ам бүлээрээ цуглараад, нэг үдшийг их л хөгжилтэй өнгөрүүлдэг байжээ. Өвөө минь модон тэвшиндээ сонгиноо хийж, сүхээр жижиглэж өгөөд л. Миний хувьд эхлээд бууз өрөгч байсан бол жаахан том болоод элдэгч болж дэвшээд дараа нь чимхэгч болсон доо.  

-1980-аад оныхон гэдэг яг л ид хийж бүтээх насныхан. Бидний хувьд өвөө эмээ, аав ээжээсээ цагаан сарын баярын утга учрыг, өв соёлыг түүчээлэн авсан улс. Тиймээс өвөг дээдсийнхээ энэ сайхан уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь үүрэг. Өнөөдөр би энэ баярт ямар ач холбогдол өгнө үр хүүхэд минь ирээдүйд тэгж л хандана. Ахмадаа хүндэлж золгохоос эхлээд идээ будаагаа ч уламжлалын дагуу бэлтгэхийг хичээдэг.

 

Баянголд дүүрэг

 

Ухаан сууж, утга учрыг таньж мэдэхийн хэрээр уламжлалаа хадгална гэдгийн үнэ цэнийг ойлгодог болсон

Болдын УЯНГА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

-Бидний тэмдэглэдэг баяруудаас хамгийн утга учиртай нь Сар шинийн баяр гэж боддог. Битүүний өдөр гэл бүлийнхээ хүрээнд сайхан битүүрэхээс эхлээд, Шинийн нэгний өглөө эртлэн босч, цай, сүүний дээжээ өргөж, хань минь мөрөө гаргаж, ам бүлээрээ золголтоо хийснээр ахмад настнуудынхаараа зочлохоор хөдөлдөг.  Цаг зав тун бага байдаг учраас удаан уулзаагүй хамаатан садныхантайгаа уулзаж, мэндийг мэдэж, ерөөл өргөх нь бүтэн жилээ даах эрч хүчийг өгдөг дөө.

-Цагаан сар гэхээр өвөө, эмээгийнхээ гал тогоог барих их ажил л санаанд ордог байлаа. 20-иод настай байхдаа сар шинээр зочид гийчид ирж, олон айл хэсэхээр төвөгшөөдөг байсан байж магад. Харин одоо бол хамгийн дуртай баяруудын маань нэг. Ухаан сууж, утга учир таньж мэдэхийн хэрээр уламжлалаа хадгална гэдгийн үнэ цэнийг ойлгодог болсон.

- Үр хүүхдүүддээ сар шинийн уламжлалаа өвлүүлэх юмсан гэж боддог. Тиймдээ ч учир ойлгох болсон том хүүгээ айл хэсэх бүртээ дагуулж явж ач холбогдлыг нь тайлбарлаж таниулдаг. Зориуд бүх хүмүүстэй танилцуулдаг. Хань минь Эрэмбэ дараатай золгох, хүндлэх, мэндлэх бүхий л ёсыг нэгд нэгэнгүй зааж өгч байгаа харагддаг даа. Улам олон жил уламжлал маань үргэлжлэх болтугай.

 

Чингэлтэй дүүрэг

 

Уламжлагдан өвлөгдөх соёл юм

Нацагдоржийн Батсүмбэрэл

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн

-Монголчууд өнө эртнээс сар шинийн баярыг тэмдэглэн ирсэн заншилтай. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу ирж яваа урин цагийн эхлэл хэмээн өвөө, эмээ маань ихэд бэлэгшээн тэмдэглэдэг байсан. Ахмад настнууддаа очин золгож, ахан дүүс мэндээ мэдэлцэж, ирж яваа цагийг хамтдаа угтан авдаг. Миний өсөж, төрсөн нутагт тэгж л тэмдэглэдэг. Өнөө ч тэр уламжлал улам дэлгэрэн хөгжиж байгаа.

-Өглөө эртлэн босоод аавыгаа дагаж, овоонд чулуу нэмээд ёс уламжлалын дагуу зүг чигээ гаргана. Эргээд ирэхэд ээж маань цайгаа чанаад, буузаа жигнэчихсэн байдаг. Тэгээд аав, ээж, дүү нар бид хооронд золгоцгооно. Гэртээ идээ шүүс болсны дараа ах, дүү, ойр дотнын хүмүүсээрээ явж золгодог хүүхэд насны дурсамж бодогдож байна.

-Нүүдэлчин ахуйгаас улбаатай олон өв соёлыг монголчууд өөртөө шингээн тээж, уламжлан өртөөлүүлж яваа онцлогтой ард түмэн. Түүний дотор цагаан сар бол чухал хүндтэй голлох баяруудын нэг яалтгүй мөн. Хүний өмсгөл, хүнснээс эхлүүлээд өрх, бүлийн дотносол, цаашлаад үндэсний эв нэгдлийг ханган бэхжүүлэхэд үнэтэй үүрэг бүхий уламжлалт баяр гэж боддог. Үндэсний онцлог шингэсэн уламжлалт баяраа манай гэр бүл одоо ч өвөг дээдсийн жаягийн дагуу тэмдэглэдэг. Үүргээ биелүүлж яваа гэж хэлж болно. Цаашид үр хүүхдүүдээр дамжин уламжлагдан өвлөх нэг соёл юм.

 

Сонгинохайрхан дүүрэг

 

Сар шинээр нутгаа, төрсөн гэрээ, аав ээжээ зорьж очоорой 

Сүрнээгийн Солонго

СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч

-Хөдөө өссөн болоод ч тэр үү манай гэр бүлийнхэн Монголын уламжлалт сар шинийн баярт онцгой ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг байсныг хотод амьдардаг болоод ойлгосон. Шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд аав, ах нар аргамжаатай морио эртлэн авчраад зүг мөрөө гаргахаар мордоцгоодог. Харин ээж цайгаа чанаж бид сар шинэдээ тусгайлан бэлтгэсэн дээл хувцасаа өмсөнө. Нар ханын толгойд тусахаас өмнө халуун ам бүлээрээ золгож цайлаад дараа нь хамаатныхаа хамгийн ахмад айлынх руу золгохоор явцгаадаг даа. Одоо бол аав, ээжид минь хүмүүс золгохоор эртлэн ирж сар шинэ хуучиртал олны хөлд дараатай өнждөг болсон.

-Сар шинэ гэхээр хамгийн түрүүнд ээжийн зайрмаг санаанд ордог. Битүүний өдөр бид гэрээ “гангаруулж”, ээж ууц өвчүүгээ чанадаг бол аав бөхөө үзэж өнжинө. Аав бал дэвтэр барьчихаад бөхийн таавар бичиж суудаг. Таавар эвдсэн бөхийг энэ жилийн наадмаар өнгөтэй байх нь ээ гээд бахархан ярих дүр зураг тэр л янзаараа санаанд тод бууж байна. Харин бид битүүний орой ээжийн чихрийг тэсэн ядан хүлээнэ. Хөдөө хамгийн ховор олдох зайрмагийг аймаг, сумаас олж авчраад орой гаднаас хөлдүүгээр нь оруулж ирж өгдөг уламжлал бага байхаас одоо ч үргэлжилж байна.

-Монголын өв соёлыг тэр чигт нь багтаан харуулдаг, ойлгуулдаг Сар шинийн баярыг ялангуяа манай үеийнхэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Үр хүүхэддээ таниулах үүрэгтэй.

 

Багахангай дүүрэг

 

Өндөр толгой дээр гарч нараа угтдаг уламжлалтай

Г.Тэмүүлэн

Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга

-Сар шинийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе.   Ахмад настнаа хүндэтгэн дээдэлж, мэндэлж хүндлэхийн илэрхийлэл болсон цагаан сарын баяр удахгүй болох гэж байна.   Манай багахангайчууд шинийн 1-ний өглөө эртлэн босож, “Өндөр толгой” дээр гарч нараа хардаг уламжлалттай.  Бусад зан үйл нь  бүгд  л бусдын адил өнгөрдөг дөө.

-Миний бага нас   Төв аймагт өнгөрсөн.  Зургадугаар ангиасаа эхлээд  аав ээж эмээ өвөөгийнхөө сар шинийн баярын бэлтгэлийг базаадаг.  Буузны гурилыг хамгийн хурдан, гоё элддэг охин байлаа.  Өвөө эмээ маань хэвийн боовоо бас өөрсдөө хийдэг, бид ч олон зүйл хийж сурсан даа.  Мөн цагаан сарын бэлэгнээс эмээ, өвөө маань бэлэг хамгийн том нь байсан.

-Хөгшин залуу гэлтгүй бүгд л энэ баярыг тэмдэглэх ёстой.  Мэндлэх хүндлэх ёсыг хадгалсан сайхан баяр гэж боддог.

 

Сүхбаатар дүүрэг

 

Тусгаар тогтнолын нэг баталгаа нь удам судраа, ёс заншлаа танин мэдэж эрхэмлэх юм

Гантөмөрийн Түвдэндорж

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд

-Монгол түмнийхээ жишгийн дагуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэж ирсэн. Хүүхэд байхад аав, ээжийгээ дагаж ах дүү, хамаатныхаараа зочлох нь сайхан санагддаг байснаас сар шинийн баярын утга учир, ач холбогдлын талаар төдийлөн боддоггүй байжээ. Дараа нь боловсролын мөр хөөж гадны улс оронд багагүй хугацаанд амьдрахад эх орон, эцэг эх гээд хайртай бүхнээ өөрийн эрхгүй сангалздаг юм билээ. Эрхэмлэх ёстой үнэт зүйл рүүгээ өнгийж харах ухаарлыг өгдөг. Энэ нь цагаан сарын баярын цаадах ач холбогдол, мөн чанарын нэг тод илрэл болов уу. Yндэснийхээ энэ сайхан баярын утга учир, бэлгэ чанарыг илүү нарийн таньж, ёс жаягийн дагуу өргөн тэмдэглэхийг эрмэлздэг болсон.

-Цагаан сар гэхээр гандан хавийн орчин, хоёр эмээ маань бодогдож байна. Очих бүрт л ганданд суралцаж байгаа ламхай нар гэрээр нь дүүрэн,  өөрийн хүүхдүүд шиг тэдэнтэй хамт байхыг харах их гоё байлаа. Эмээ бидэнд буян хэрхэн үйлдэх, яаж бурханд сунаж мөргөх, зулын гол ороож цөгцөнд хийх, шар тос хайлуулж зул хийх талаар зааж өгч байсан нь санаанд орж байна. Манай аавын ээж өнөр болохоор цагаан сар их өргөн болно.

-Сар шинийн баяр бол Монголчуудын оюун санааны дархлаа болохын зэрэгцээ соёлын биет болон биет бус олон өвийг тээсэн хамгийн чухал баярын нэг. Улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа нь удам судраа, ёс заншлаа танин мэдэж, түүнийг эрхэмлэж явахад оршдог гэж хувьдаа боддог. Тийм учраас  ураг төрлөө мэдэлцэхийн зэрэгцээ ялангуяа багачуудад мэндлэх, хүндлэх ёсыг таниулах, үндэсний дээл хувцасаа зүй зохистой эдэлж хэрэглүүлэхийг үлгэрлэх, өөрсдөө эртнээс нааш уламжлагдаж ирсэн ёс заншлыг ахмад үеэсээ суралцах гээд ач холбогдлын хувьд асар өндөр юм. Тэгээд ч монгол хүн амны бэлгээрээ гэдэгчлэн шинэ сардаа бэлэгтэй үгсийг хэлэлцэж, сайн сайхныг бодож, элбэг дэлбэг хаврын тэргүүн сараа угтдаг учраас тухайн жилийнхээ өнгийг энэ баяраар тодорхойлж, халуун ам бүлээрээ угтаж, тэмдэглэхийг хичээдэг. Гарч буй луу жилд манай улсын эдийн засаг тэлж, энэхүү өсөлт өрх бүрд эерэг нөлөөллөө үзүүлж, хүн бүр элбэг дэлбэг, элэг бүтэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Архангай

 

Цагаан сар бол бидний ондоошил

Пүрэвбаатарын Мөнхтулга

Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат

-Монголчууд бид сарны тоололтой, нүүдэлчин ард түмэн шүү дээ.   Тиймээс цагаан сар бол бидний хувьд баяр гэхээс илүү  өвөг дээдсээс  минь уламжлан ирсэн өв соёл, монгол түмний онцлог юм.   Орчин үед суурин соёл иргэншил рүү эрчимтэй шилжиж байгаа ч уламжлан ирсэн өв соёл, ондоошлоо улам төгөлдөршүүлэн үргэлжлүүлэх нь бидний үеийнхний үүрэг хэмээн боддог.  Миний хувьд багаасаа морь унаж, монгол ахуйтайгаа их ойр  өссөн хүүхэд.  Цагаан сарын морин уралдаан гэж болдог байлаа.  “Дүнжингарав”-ын Их хурд уралдаанд  монголын бүх л алдартай уяачид, хурдан хүлгүүд цуглардаг байлаа.   “Түргэний гол”-д их найр наадам, цагаан сарын угталт болж, өв уламжлалын уухай хадаж, монгол хүн болсноороо жинхэнэ бахархах сэтгэл төрдөг.  Тийм л орчинд хүүхэд нам минь өнгөрсөн дөө.  Тэр соёл маань жаахан бүдгэрч, алсарч байгаад харамсдаг.  Өвлийн  морин уралдаан эрсдэлтэй төрөл хэмээн нэрлэгдэж байгаа ч монгол эрчүүд эндээсээ л хатуужиж, жинхэнэ нүүдэлчин ард түмэн гэдгээ мэдэрдэг гэж боддог. 

-Би эдгээр өдрүүдэд Өвөрхангай, Архангай  аймгийн зарим сумаар явж, малчин түмэнтэйгээ уулзаж байна.   Малчин түмний маань сар шинийн бэлтгэл бараг дуусаж байна.   Бага байхад сар шинийн бэлтгэл гэж их сайхан зүйл байлаа.  Халуун бүлээрээ цуглаад элдвийг хүүрнэн бууз, баншаа чимхэнэ.  Тэр уур амьсгал хамгийн түрүүнд дурсамжид бууж байна.  Мөн бид нүүдэлчин ард түмэн учраас бүхнийг архивлах боломжгүй.  Тиймээс сар шинийн баяраараа ураг удмаараа цуглаж, нэг нэгнийгээ таньж мэдэх нь чухал ач холбогдолтой юм.

-Бүгдээрээ хүн төрөлхтний ирээдүйн 20 жилийг төсөөлье л дөө.  Дэлхий даяар бүгд адилхан хөгжиж, өндөр шилэн барилгууд дунд, техник технологийн шийдэлтэй, цахилгаан машинаа унаад амьдарч байна байх. Энэ дэлхийд сонирхолтой зүйл их цөөхөн үлдэнэ. Тэр үед том газар нутаг дээр, байгаль дэлхийтэйгээ ойрхон амьдардаг нүүдэлчин ард түмэн минь яаж гоё ондоошиж чадах бол.  Энэ ондоошлийг өв соёл уламжлалаараа бий болгох,  дамжуулан авч үлдэхэд 1980-аад бид чухал үүрэгтэй гэж боддог.  Тийм учраас бид уламжлалт баяраа маш өргөн дэлгэр тэмдэглэх хэрэгтэй юм шүү.  Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР

 

Цагаан сараар аав минь охиддоо цэцгэн хээтэй сүлжмэл идээ хийж өгдөгсөн

Даваасүрэнгийн Отгонжаргал

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин

-Сар шинийн баяр гэдэг монголчуудын хувьд зайлшгүй тэмдэглэх, өв соёл, ёс уламжлалтай нь хадгалж үлдээд, ирээдүй хойчдоо өвлүүлэх ёстой баяр юм шүү. Манай гэр бүлийн хувьд энэхүү баярт хамгийн их ач холбогдол өгч, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг. Мөн Баянхонгорчууд битүүний орой хиншүү гаргаж, хуушуур хийдэг уламжлалтай. Яагаад ч юм байнга л хуушуур иддэг мөртлөө тэр дотроос битүүний өдөр ээжийн хийсэн хуушуур л хамгаас амттай нь байдагсан. Ингээд өөрсдөө идээ будаандаа хүрч, битүүлснийхээ дараа хөрш айлдаа битүүлэг өгдөг сайхан уламжлал бий.

-Хүүхэд байхдаа халуун ам бүлээрээ буюу наймуулаа суугаад шинэлдэг байсан үе бол миний хувьд хамгийн сайхан дурсамж. Энэ үед аав ээж минь хөвгүүддээ зориулж, дөрвөлжин сүлжмэл тавгийн идээг, охиддоо дугуй хэлбэртэй, цэцгэн хээтэй сүлжмэл боовыг хийж, тахилын ширээнд тавьдаг байсан. Харин бид тэрхүү идээг чимэглэх ёстой. Хэн нь хамгийн гоё чимэглэсэнд нь аав минь цагаан сарын сүүлийн өдөр маш гоё бэлэг өгдөг байлаа. Аав ээж хоёр минь их хөдөлмөрч хүмүүс байсан. Манай гэр бүл сар шинийн баярын идээ, будаагаа үргэлж өөрсдийн гараар хийнэ.

-Цагаан сар бол хүнд хүчир өвлийг өнтэй сайхан давж, энх улиралтай угтан золгож, ахмад буурлуудынхаа амар мэндийг мэддэг баяр шүү дээ. Миний хувьд 75 настай ээжтэйгээ хамт амьдарч, цагаан сарын баяраа тэмдэглэдэг. Тиймээс бүгдийг ёс  уламжлалынх нь дагуу бэлдэж, ээжийгээ баярлуулахыг хүсдэг. Мөн 1980-аад оныхон бид энэ цаг үед яахын аргагүй ирээдүй хойч, үр хүүхэддээ ёс уламжлал, өв соёлынхоо үнэ цэнийг ойлгуулж, уламжлжуулах хариуцлагатай насан дээрээ иржээ.  Мөн миний хувьд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Тиймээс урлагийн мэргэжлийг сонгосны хувьд монголчуудын хэзээ ч дундрашгүй энэ сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчилах нь уран бүтээлч болсны үүрэг гэж бодож байна.

 

Сүхбаатар

 

Хүүхдүүддээ морийг нь унуулж зүг мөрөө гаргадаг

Буяндэлгэрийн Дорждэрэм

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нэгдүгээр багийн малчин, аймгийн  алдарт уяач

-Манай гэр бүлийн тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн сайхан баярын нэг бол яах аргагүй цагаан сар. Би багаасаа л мал маллаж өссөн. Бид цагаан сарын шинийн нэгний өглөө морио унаж ойр тойрны настай хүмүүстэй түрүүлэн очиж золгож шинэлгээ эхэлдэг.

-Цагаан сарын баяр гэхээр хамгийн  түрүүнд багийн дурсамж минь тод буудаг.  Бага байхад морио хөнгөрүүлж дэлийг нь засаж гоёод, морио унаж олуулаа ойр хавийн айлуудаар золгож явсан минь одоо бодоход их сайхан санагддаг. Тиймээс энэ сайхан өв уламжлалаа хадгалж авч үлдэхийн тулд хүүхэд насандаа сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан тэр л уламжлалаараа үр хүүхдэдээ үлгэрлэж байна даа. Одоо ч гэсэн шинийн нэгний өглөө эртлэн босч, морио барин эмээллэн хүүхдүүддээ морийг нь унуулж зүг мөрөө гаргаад бидний цагаан сарын баяр эхэлнэ.

 

Баян-Өлгий

 

“Монголдоо төрж өссөнөөрөө  бахархдаг”

М.Асылбек

Бүргэдчин

-Сайн байна уу. Намайг Манаагийн Асылбек гэдэг. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн. Юуны түрүүнд бүх монголчууддаа цагаан сарын  баярын мэнд хүргэе. Хамгийн түрүүнд Монголдоо төрж өссөнөөрөө  бахархдаг.  Учир нь би Казах үндэстэн ч Монгол улсын иргэн.  Монголчууд 'Усыг нь уувал ёсыг нь дага'  гэдэг шүү дээ. Манай сумын монгол ахан дүүс сар шинийн баярыг  өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.  Би хүүхэд байхаасаа монгол хүүхдүүдтэй тоглож өссөн. Тиймээс хүүхэд байхдаа цагаан сарын баярыг их баяртайгаар  догдлон хүлээдэг байсан. Одоо ч ялгаагүй.  Учир нь сар шинийн баяраар ахмад настанууддаа хүндэтгэж золгож,  хамаатан саднаараа зочилж, бэлэг авах сайхан санагддаг.

-Цагаан сарын баяр гэхээр хамгийн түрүүнд  монгол үндэстний өв соёл санагддаг. Эрт үеэс залгамжилж ирсэн өв соёл тасрах ёсгүй. Намайг бага байхад сар шинийн баяраар үндэсний хувцасаараа гангарсан, морь унасан  хүмүүс олон байдаг байсан. Харин одоо ховор болсон байна.

 

Булган

 

Бөх тайлбарлагчийн хоолой одоог хүртэл чихэнд сонсогддог

Пушкины Лхагва-Очир

Булган аймгийн  Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын Засаг дарга

 

-Миний хувьд Цагаан сарын баярыг ахмад настнаа хүндэлж, мэндийг нь мэдэх хүндлэлийн баяр гэж бэлгэшээдэг. Тиймээс утга учрыг нь дээдэлж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Манай Хутаг-Өндөр сумынхан цагаан сарын баярыг хуучны сайхан уламжлал ёсоороо тэмдэглэж, өндөр настнууддаа золгодог.

-Хүүхэд насны Цагаан сар хамгийн сайхан, дурсамжтай. Бага байсан болоод ч тэр үү аав ээждээ золгож үнсүүлээд, айл хэсч, бэлэг авах л сайхан санагдахаас нарийн ёс, утга учрыг нь мэддэггүй байлаа. Шинийн нэгний өглөө эртлэн босож, аав ээжийнхээ авч өгсөн шинэ хувцсыг өмсөх их гоё мэдрэмж  байдагсан. Ингээд хамгийн түрүүнд ижий аавдаа золгож, хүндэтгэл үзүүлнэ. Сар шинийн бас нэгэн гол утга учир нь бөхийн барилдаан шүү дээ. Битүүний орой аавтайгаа бөх их үздэг байсан. Тэр тайлбарлагчийн хоолой одоог хүртэл миний чихэнд сонсогдож, дотно санагддаг.

-1980-аад оныхон бид өмнөх үеийнхээ түүх, өв соёл, ёс заншлыг тээж түгээх үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгодог. Миний хувьд Монголын уламжлалт өв соёл, ёс заншлыг орхигдуулж, гээж болохгүй гэсэн үзэл санаатай хүн.  Тиймээс өөрийгөө сар шинийн утга учир, ёс заншлыг түгээх, өвлүүлэн үлдээх, монгол дээл хувцсаа өмсөх, зүг чигээ гаргах зэргээр дүү нартаа үлгэр дууриалал үзүүлж, бас тайлбарлан таниулахад л гар бие оролцож явна гэж боддог.

 

Говьсүмбэр

 

Хүүхэд насны цагаан сар дурсамжтай

Лувсандашийн Баттулга

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн

-Сар шинийн баяраа уламжлалаараа тэмдэглэдэг. Шинийн  1-3 хүртэл баярлах жишээтэй. Хол ойроос хамаатан ирж золгоод энх цагтайгаа золгоно. Мэнд мэдэж хөөрөглөхдөө үгийн сайхныг хэлдэг. Миний тэмдэглэсэн цагаан сар бүр дурсамжтай. Гэхдээ бага насны айл хэсдэг байсан  үе жаргалтай. Намайг хүүхэд байхад цагаан сарын баяр өргөн дэлгэр болдог байлаа. Одоо уламжлал тасраагүй  хэдий ч хүүхэд насны цагаан сарыг гүйцэхгүй. Би өв соёлдоо хүндэтгэлтэй ханддаг. Мөн цагаан сарын тавгийн идээний уламжлал, утга бэлгэдлийг хойч үедээ таниулахыг хүсдэг юм.

 

Говь-Алтай

 

Өв уламжлалаа дээдлэх ухааныг таниулах үүрэгтэй

Жамсрангийн Ундрахжаргал

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал баг

-Цагаан сар бол ахан дүүс, ураг төрлөөрөө уулзан учирч ахмад настангуудаа хүндлэн амар мэндийг нь асууж бие биенээ хүндэтгэн дээдэлдэг нас  нэмсний баяр юм.

-Айл бүр гэр орноо сайхан цэвэрлэж, гэрээ гоёж, идээ ундаагаа засах нь сайхан мэдрэмж. Хүүхэд насны минь цагаан сар хамгийн сайхан. Юу ч бодохгүй  аав ээжийгээ дагаад ахмад настан, ах дүүтэйгээ золгоно. Банш буузаа идэж , бэлгээ даахгүй чирээд явдаг байсан үе минь одоо бодоход хамгийн гэгээлэг сайхан дурсамж  юм даа.

-Цагаан сарын баяр холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг монголчуудын хамгийн том баяр шүү дээ. Аав болон ахмад настай айлаас өндөр идээ өрж болохгүй. Хөөргөлөх, ахмадын  амар мэндийг мэндлэх, Монгол үндэсний хувцас болох  малгай, дээл, гутлаа зөв өмсөх, биеэ сайхан авч явахыг зааж сургах нь хамгийн чухал юм. Тиймээс энэ бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд үлгэр дуурайлал үзүүлэх, өв уламжлалаа дээдлэх ухааныг дунд залуу үеийнхэн таниулах үүрэгтэй.

 

Ховд

 

Залуус бид хөөргөний соёлыг зөв дэлгэрүүлэх хэрэгтэй

Отгоншарын Батнайрамдал

Ховд аймгийн Жаргалант сумын уугуул

-Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө өрх гэрийн эзэн шүтлэгтэй ууландаа мөрөө гаргаж байгаль хангай дэлхийдээ идээ будаагаа өргөдөг. Ийнхүү халуун ам бүлээрээ золгуутаа хийж ээжийн цай, идээг хүртчихээд аавыгаа дагаад айл хэсдэг уламжлалтай. Хол, ойрын ах дүү хамаатан садныхаараа зочилж мэндэлж, хүндлэх нь хүртэл Монголын уламжлал соёлоо таньж мэдэх том ухаан байжээ. Айл хотол, өргөн түмнээрээ тэмдэглэдэг Монголын сар шинийн баяр хорвоод хосгүй өв соёл юм гэдгийг жил ирэх тусам ойлгож ухаарч явна. 

-Сар шинэ гэхээр олон сайхан дурсамж сэтгэлд тодорч байна. Цагаан сар дөхөхөөр зөвхөн өөрийн гэлтгүй сумын айлууд, найз нөхдийнхөөрөө хэсэж бууз банш, гүрмэлийг нь хийлцдэг байлаа. Баярын өмнөх өдрүүдэд хамгийн олон урилгатай, хамгийн их ажилтай хүн болчихдог нь багачууд бидний хувьд хөдөлмөрийн амтыг мэдрүүлж өгсөн юм болов уу. Тэр дундаа халуун ам бүлээрээ цуглаад бууз баншаа боож, торгууд гүрмэл хийж ширээгээ хамтдаа засах нь хамгийн сайхан байдаг. Сар шинийн өмнөх орой шинэ дээл хувцасаа бэлтгээд өглөө нар мандахтай зэрэгцээд босдог бага насны дурсамж одоо ч сэтгэлд тодхон.

-Цагаан сар бол бидэнд олон мянган жил уламжлагдан ирсэн томоохон өв билээ. Тийм ч учраас энэхүү үндэсний өв уламжлалаа дараа үедээ өвлүүлж үлдээх нь манай үеийнхний үүрэг хариуцлага мөн. Энэ дундаас хөөрөг зөрүүлж тамхилан мэндчилэх нь их утга учиртай санагддаг. Хөөрөг зөрүүлж тамхилна гэдэг маш нарийн утга учиртай Монголын эртний соёл юм билээ. Заримдаа бид мэндлэхдээ анзааргагүй алдаа гаргах тохиолдол байдаг. Хүнтэй хөөргөө зөрүүлчихээд шууд хамраа арчдаг нь ёс заншил талаасаа буруу юм. Мэнд мэдээд хөөргөө зөрүүлэн,тамхилаад хөөргөө болгоомжтой буцааж өгнө. Эсвэл хөөргөнөөс тамхийг нь гартаа чимхэж аваад тамхилах ёстой. Энэ мэтээр залуус бид хөөргөний соёлыг зөв дэлгэрүүлэх хэрэгтэй.

 

Завхан

 

Цагаан сар бол ураг төрлийн баяр

Энх-Амгалангийн БАТЖАРГАЛ

Завхан аймгийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч

-Манай нутагт битүүний өдөр нар жаргахаас өмнө идээгээ засаж,  хамаатан саднаараа цуглаж, битүү хоол хийж идэцгээгээд шагайгаар алаг мэлхий  өрж, үйчүүр тоглож өнгөрүүлдэг.

-Цагаан сарын баяр гэхээр хамгийн түрүүнд ойрд уулзаагүй авга, нагац талын настан буурлуудаа боддог. Шинэ хуучрахаас өмнө очиж золгохгүй бол зэмлүүлнэ. Багадаа морь унаад, ах нараа дагаад нутгийн айлуудад алгасахгүй золгож, өвөрт багтахгүй бэлэг цуглуулж явдаг байсан дурсамжаа боддог.

- Цагаан сар бол ахмад настнаа хүндлэхээс гадна ураг төрлийн баяр. Тиймээс сар шинийн баяраар  өмсөж буй бүс хувцас нь монгол үндэснийхээ  өв уламжлалыг шингээсэн байх хэрэгтэй. Мөн тавгийн идээгээ шимт малынхаа сүү, цагаан  идээгээр засахаас гадна шимийн архиа хэрэглэмээр санагддаг. Цагаан сараар хэвийн боовоо өөрсдөө хийж, гарч буй жилийнхээ өнгийг шинждэг байсан  уламжлал одоо бараг үгүй болж байна. Энэ мэтчилэн өв уламжлал алдагдаж байгаад сэтгэл  эмзэглэж явдаг.

 

ӨВӨРХАНГАЙ

 

Сонинд боосон бэлэг өгснийг нь хурдан л гэртээ аваачиж задлах гэж яардаг байсан

Нэргүйн Цэвээндулам

Өвөрхангай аймгийн иргэн

-Сар шинийн баярт бэлдэж гэр бүлээрээ дээл хувцсаа шинэчилж, идээ цагаагаа бэлтгэн, айлчин гийчиддээ гарын бэлэг бэлддэг. Битүүний өдөр хоёр талын ээждээ очиж битүүлнэ. Шинийн нэгний өглөө гэртээ хүүхдүүдтэйгээ золгож, цай ундаагаа зооглоод хамгийн түрүүнд ээжийндээ очиж золгодог. Дараа нь ах дүү, төрөл садныхаа хамгийн өндөр настай ахмадаас эхлээд золголтоо хийнэ.

-Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд  хүүхэд насны дурсамжууд санаанд буудаг.  Сар шинэ дөхөхөөр аав маань хэвийн боовныхоо хэвийг өөрөө зорж хийж бэлдэнэ. Тэгээд л би эгч, дүү нартайгаа  гурил машиндаад, нухдаг байлаа. Тэр үед аав маань гурилын нухалт дутуу байна гэж буцааж шиддэг нь санаанд орж байна.  Бас айлуудаар золгуут хийж сонинд боосон бэлэг өгснийг нь хурдан л гэртээ аваачиж задлах гэж яардаг байсан.

-Нийгэм, цаг үеэ дагаад монгол түмний уламжлалт цагаан сарын баяр улам хумигдаж, залуучууд бараг ёслох төдий тэмдэглэх болсонд харамсдаг. Тиймээс би хувь хүний хувьд энэ сайхан уламжлалаа алга болгочихгүй юмсан гэж хичээдэг. Хэдийгээр  хүмүүс цаг завгүй ажиллаж амьдарч байгаа ч  жилдээ ганц удаа ах дүү, ураг төрлөөрөө айлчилж, удам судраа мэдэлцэх том ёс заншил гэж ойлгож ач холбогдол өгч тэмдэглэдэг.  Дүү нар болон найз нөхөд, хамт олондоо цагаан сарыг ураг төрөл, ах дүү, удам судраа таних баяр шүү гэдгийг байнга хэлж, гэр бүлээрээ үлгэрлэдэг гэж боддог.

 

УВС

 

“Уламжлагдаж ирсэн өв соёлыг хойч үедээ өвлүүлэх чухал”

Зундуйн Балжинням

Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ын

Бодлого зохицуулалт  хариуцсан мэргэжилтэн-Монголчуудын  эрт үеэс уламжилж ирсэн баярын нэг цагаан сар. Өдий хүртэл уламжлалаасаа гажихгүй тэмдэглээсээр ирсэн. Манайх идээний дээжээрээ ширээ засаж баярладаг. Шинийн нэгний өглөө эртлэн босож овоондоо гарч нар харж, хийморио сэргээдэг. Ажил амьдралын онцлогоос шалтгаалан сүүлийн жилүүдэд ах дүүстэйгээ цагаан сараар уулздаг болжээ. Сар шинийн баярыг айл хотлоороо тэмдэглэн өнгөрүүлдэг гэр бүлийн баяр гэж тодорхойлно. Одоо үед хүмүүс гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх болсон нь ажиглагдаж байгаа. Хүүхэд байхад их өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан даа. Айл ч их хэснэ, одоо энэ зүйл эсрэгээрээ болжээ.  Уламжлагдаж ирсэн өв соёлыг хойч үедээ өвлүүлэх чухал. Тиймээс залуус хүүхдүүддээ ахмадаа хүндлэх ёсыг өвлүүлэхийг хичээдэг. Мөн ах дүү нараа таньж мэдүүлэхийг зорьдог юм.

 

Санкт-Петербург

 

Бид цагаан сарын баярын үнэ цэнийг өвлөн, үргэлжлүүлж, үлдээх үүрэгтэй

Ганбаатарын Ариунбаатар

Гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт, дуучин

-Сарын шинийн баярыг  Монголын ард түмэн минь өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг.  Манай гэр бүлийнхэн ч өв уламжлал, Монгол гэдэг ахуйг илтгэсэн баяр цэнгэл хэмээн хүлээн авч, хүндэтгэн тэмдэглэж ирсэн.  Би хөдөө, малчин ахуйд өссөн.  Жинхэнэ малчин айлын цагаан сарын баярын дурсамж миний сэтгэлд тод үлджээ.   Битүүний орой морьдоо бариад уяна.  Аав минь морьдынхоо дэлийг сайхан засна. Ээж минь гэрийнхээ тоос шороог цэвэрлэнэ. Би аав ээждээ тусална.    Хивсээ цасан дээр гөвөөд л, хашаа хороогоо цэвэрлэнэ.  Ээжийн минь хийдэг цагаан идээний өнгө сайхан гэж.  Гэрээс үнэр нь ханхалаад л.  Шинийн 1-ний өглөө аавтайгаа хамт морьтой зүг чигээ гаргана.   Өвөө, эмээтэйгээ золгохоос эхлээд морьтойгоо айл хэснэ.  Одоо эргээд бодоход сэтгэлд их л сайхан санагдаж байна.

-Цаг үе мэдээж их өөр болжээ.  Суурин амьдралын хэв мая   г, соёл давамгайлж байна. Үүнийг дагаад сар шинийн баяр маань бас жаахан өөрчлөгдөж байна уу гэсэн зүйл анзаарагдаж байна.   Сар шинийн баяр бол жинхэнэ монгол уламжлалыг харуулсан, хадгалсан, монголчуудын ондоошлыг шингээсэн баяр юм даа.  Дээр үед малчдын баяр гэж нэрлэдэг байсан түүх байдаг юм билээ.   Тэгэхээр бидний үеийнхэн энэхүү цаг үеийн өөрчлөлтөд сар шинийн баяраа өвлөн уламжилж,үр хүүхдүүддээ, үүх түүхтэй нь үлдээх үүрэгтэй гэж ойлгодог.  

-Өнгөрсөн жил сар шинийн баяраар Монголдоо очиж чадаагүй.  Энэ жил гэр бүлтэйгээ зорин очиж, аав ээжтэйгээ золгохоор бэлдэж байна.  Цагаан сарын гоёлоо бэлдээд сэтгэл догдлон сууна.  Цагаан сар бол баяр гэхээс илүү монгол хүний үнэ цэн, үндэстний онцлог, хэв шинжийг хадгалсан ийм сайхан уламжлал билээ.  Тиймээс монгол хүн бүр өвгөдөөс минь өвлөн ирсэн энэ тансаг уламжлалаа баяр гэж хүлээж авахаас илүүтэй үүний цаана оршин буй хайр хүндэтгэлийг алдахгүйгээр өвлүүлэн авч явахыг хичээцгээе.  Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Төв

 

Үндэсний тодотголтой бүхэн  өв соёл тээдэг

Галсан-Очирын ГАНЖАД

Төв аймгийн Сүмбэр сумын иргэн, Монгол Улсын начин

-Цагаан сар бол монгол түмний уламжлалт баяр. Тиймээс их ач холбогдол өгч, өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн.  Миний хувьд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай нутгийхан эртний уламжлалаараа тэмдэглэдэг . Хол ойрын хамаатан садантайгаа сар шинийн баяраар уулздаг.

-Цагаан сарын баяртай холбоотой дурсамжаа бодохоор бага насны дурсамж сэтгэлд бууж байна. Хөдөө морь унаад хамаатан, саахалтын айлдаа очдог  байсан. Өвөр дүүрэн бэлэгтэй гэртээ харьдаг байж билээ. Эргээд бодход их сайхан дурсамж болж үлдэж дээ.

-Үндэсний тодотголтой бүхэн  өв соёл тээдэг. Үндэсний хувцасаараа гоёх бахархалтай.  Манай гэр бүл баяраар үндэсний хувцасаараа гоёх дуртай. Дээл чинь их сайхан хийморьтой хувцас шүү дээ.

 

АНУ

 

Хүүхдүүдээ Монгол сургуульд явуулж эх хэл, соёлоо уламжлуулдаг

Б.Тунгалагтамир

АНУ, Виржиниа мужийн Арлингтон хотод амьдардаг

-Манай гэр бүл АНУ-ын Виржиниа мужид ирээд найм дахь жилээ угтаж байна. Бид Цагаан сарын баяраа тэсэн ядан хүлээж тэмдэглэдэг. Хэдий алс хол байгаа ч гэсэн Шинийн нэгний өглөө эртлэн босож Монголд байгаа аав ээж, ахмад настнуудтайгаа цахим золголтоор амар мэндээ мэдэлцдэг. Мөн Америкт байгаа ахмад настай хүмүүс дээрээ золгож, найз нөхдөөрөө цугларч, монгол тоглоом наадгай тоглож хөгжилдөн өнгөрөөдөг.

-Хамгийн дурсгалтай цагаан сар гэвэл мэдээж бага насны минь аав ээж, дүү нартайгаа хамт тэмдэглэдэг байсан үе минь санаанд тод байна. Манайх ам бүл зургуулаа. Шинийн нэгний өглөө аав их эрт босгоно оо. Тэгээд шинэ дээл хувцасаа өмсөөд жигтэйхэн гоёчихоод бид дөрөв аав ээж хоёртойгоо насны эрэмбээрээ золгоно. Дараа нь ээж маань цайгаа чанаж, аав болон бид дөрөвт аягалаад буузаа жигнэдэг байсан. Аав маань хүүхдүүдтэйгээ хөөрөглөж үгийн сайхныг асууж, манай гэр бүлийн шинийн өглөө болгон ингэж эхэлдэг. Энэ маань их сайхан дурсамж юм.

-Үндэсний өв уламжлал бүдгэрч даяарчлагдаж  байгаа энэ үед бид аль болох Монгол зан заншил, өв соёлоо үр хүүхдүүддээ танин мэдүүлэх зааж сургах үлгэрлэх тал дээр их анхаардаг. Бидний хувьд хүүхдүүдээ АНУ дахь Монгол сургуульд явуулахаас гадна, үндэснийхээ баяр, тэмдэглэлт өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэж хүүхдүүддээ ёс зан заншлаа зааж сургадаг.

 

ӨМӨЗО

 

Өвөрмонголчууд бид сар шинээр галаа тахидаг уламжлалтай

Содовлагийн Үзэсгэлэн

Шилийн гол аймгийн Он шулуун хөх хошууны

-Цагаан сар бол монгол үндэстний уламжлалт баяр билээ. Манай нутагт цагаан сарыг Билиг гүн улирал буюу хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Ийнхүү сар шинэ болох үеэр галаа тахидаг сайхан уламжлал бий. Мөн цагаан сарын бууз баншаа хийхээс гадна тавгийн идээгээ ч өөрсдийн гараар хийж, хайрдаг.  Ийнхүү битүүний өдөр махаа чанадаг уламжлалтай. Өдрийн 12 цаг болохоос өмнө тавгаа засах ёстой. Эхлээд цагаан идээндээ хүрнэ. Манай Өвөрмонголчууд битүүний буузаа тусад нь хийдэг. Ингэхдээ буузандаа дамар зоос хийж, хэн нь азтай байхаа үздэг. Тэр буузыг идсэн хүн тухайн жилдээ эд баялаг арвин байх нь гэж бэлгэшээдэг юм.  

-Миний хүүхэд насанд сар шиний баяртай холбоотой олон сайхан дурсамж бий. Үүнээс хамгийн сайхан нь хүүхэд байхдаа шинэ жил гарахад унтвал тэр жилдээ байнга унтана гэдэг үгэнд үнэмшдэг байлаа. Тиймээс битүүний шөнө ерөөсөө нойр хүрэхгүй, элдвийг бодон өнгөрүүлдэг байснаа санаж байна.

-Цаг үе, нийгмээ дагаад зарим уламжлалт ёс хувирах нь бий. Гэхдээ бидний хувьд ямагт монгол үндэстэн гэдгээрээ бахархаж, омогшиж, хаа ч явсан гайхуулсаар ирсэн. Тиймээс энэ сайхан өв соёлоо хайрлан, хамгаалж, уламжлан түгээх нь 1980-аад оныхон бидний эрхэм үүрэг болоод байна. Өвөрмонголчууд бидний хувьд өөрийн биеэр үлгэрлэхээс гадна өөрсдөө ч түүх соёлоо сайн судалж, үр хүүхэддээ Монголын ёс уламжлал, амьдралын онцлогийг ойгуулж, эгэл жирийн монгол айлын халуун дулаан, сайхан уур амьсгалыг цаг ямагт бүрдүүлэхийг хичээсээр ирсэн. 

 

ӨМНӨГОВЬ

 

Морин хуураа түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна

Өлзийбаярын Золбаяр

Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул

-Нийт монголчууддаа ХVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.  Би айлын ууган хүү.  Гэргий маань бас айлын том охин.  Тийм учраас манай гэр бүл аав ээжийн гал голомтоо хүндэтгэн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.  Бид дүү нартаа үлгэр дуурайлал болж, 20 гаруй настайгаасаа цагаан сараа утга төгөлдөр тэмдэглэж ирсэн дээ. Жил ирэх бүр л бидний бүл улам өргөн дэлгэр болж байна.  Цагаан сарын баяр бол ах дүү, ураг удмыг хооронд нь учран золгуулдаг, монгол түмний уламжлалт хамгийн сайхан баяр. Их дуртай баярын маань нэг. Энэ баяр байхгүй байсан бол хамаатнуудтайгаа жилдээ ч ганц удаа уулзаж чадахгүй, ийм цаг үед амьдарч байна гэсэн яриа бий. Энэ бол үнэний ортой.  Ураг удмыг учран золгуулдаг нь энэ баярын нэг утга учир юм даа.

-Битүүний орой бөхөө үзээд идээ тавгаа засаад их сайхан байдаг.  Шинийн 1-нд мөрөө гаргаж, хангай дэлхийдээ хүндэтгэл үзүүлдэг. Тэгээд аав ээжийнхээ амар мэндийг эрэн золгоно.  Энэ бүхэн сэтгэлд бууж байна.   Мөн шинийн 1-нд байгаль дэлхий ч ер бусын урин дулаан сайхан байдаг шүү дээ.  Энэ нь хүний сэтгэлд ч сайн сайхныг урин дууддаг юм шиг санагддаг.

-Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуур хөгжмөө дээдлэн залах зарлиг гаргасан.  Энэ зарлигийн гол агуулга нь сурагчдад морин хуур хөгжмийн хичээл орох, гурван жил тутамд Ерөнхийлөгчийн ивээл дор морин хуурын наадам зохион байгуулах, сум, аймаг, дүүргийн соёлын төвүүдэд морин хуур хөгжмийн сургалтын төв байгуулах агуулгуудыг багтаасан ийм зарлиг гарсан.  Морин хуурын аялгууг сонссон хүний сэтгэл уужим болж, зөөлөн дулаан мэдрэмж төрдөг.  Энэ нь монгол хүний тө­рөлх мөн чанартай холбоотой байх гэж би боддог. Монгол хүн сайхан сэтгэлтэй, өр нинжин мөн чанартай байдаг.  Морин хуурыг үр хойчдоо түгээн дэлгэрүүлнэ гэдэг нь тухайн хөгжмөөр дамжуулан хүний сэтгэлд хүрэх, монгол хүн гэдгээрээ бахархах, санаж сэрэх чухал ач холбогдолтой билээ.  Тэгэхээр нийт монголчууддаа шинийн 1-ний өглөө мо­рин хуурынхаа чавхдасыг дуугаргаж, гэрийнхээ жаврыг үргээ­дэг ийм уламжлалаа сэргээн дэлгэрүүлэхийг уриалж байна.

 

Дорноговь

 

Үр хүүхэддээ өв уламжлалаа заан сургаж таниулах нь бидний үүрэг

Нармандахын Солонго

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Хяналтын инженер

-Манай гэр бүлийн хувьд сар шинийн баярыг монголчуудын нийтлэг зан үйл, уламжлалаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Битүүний өдөр элбэг дэлбэг, сайн сайхныг бэлгэдэн идээ будаагаа засаж, гэр орноо цэвэрлэн хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтахад бэлдэцгээдэг. Шинийн 1-ний өглөө нар мандахаас урьтаж гэр бүлийн хүн маань хийморийн овоо зарим жилүүдэд манай нутгийнхний тахин шүтдэг хүслийн Ханбаянзүрх хайрханд гарч өргөл өргөж, тухайн жилээ даатган ирдэг.  Зүг мөрөө гаргачихаад эмээ, аав, ээж тэргүүтэй ахмад настнуудаасаа эхлэн хүндэтгэл үзүүлэн очиж золгодог.

-Хот хөдөө, хол ойрын ах дүү, хамаатан садан маань цагаан сар болон улсын баяр наадмаар л цуглаж уулзацгаадаг болохоор ахан дүүс элгэн саднаар нь нэг дор цуглуулдаг сайхан баяр шүү. Тийм ч болохоор цагаан сар гэхээр ахан дүүстэйгээ уулзаж баярласан, тоглож наадсан, нэгнээ санасан сэтгэлээ тайлсан, бүх хүн инээж баяссан нэг тийм гэгээн сайхан мэдрэмж буудаг даа.

-Манай үеийн үнэндээ өв уламжлал, ёс заншилаа бүгдийг бүрэн төгс мэднэ, чадна гэж хэлж чадахгүй л байна. Гэхдээ үр хүүхэддээ өв уламжлалаа заан сургаж таниулах нь бидний үүрэг гэж хардаг. Тиймдээ ч гэр бүл үр хүүхдүүддээ өөрийнхөө хэмжээнд ээж, аав, ахмад буурлаас багаасаа үзэж харж өссөн уламжлалт зан үйл, ёс заншилыг үг, хэл, үйлдлээрээ хэлж сургаж, үлгэрлэхийг эрмэлздэг.

 

Дорнод

 

Сүүлийн үед залуус хэт их европжих хандлагатай байна

Нанзансүрэнгийн Отгонжаргал

Баян-Уул сум дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа

-Сар шинэ бол миний хамгийн дуртай баяруудын нэг. Яагаад гэвэл өвөг дээдэс, ах дүү хамаатан саднаа мэдэх боломжтой баяр гэж ойлгодог. Би хилчин хүн болохоор олон газар нутагт сар шинийн баярыг тэмдэглэж явсан. Тиймээс тухайн газар нутгийн ёс заншилаа дагадаг.

-Сар шинийн баяр гэхээр титаникийн зурагтай хөзөр, өнгө өнгийн бал бас ээжийгээ их санадаг. Ээж минь өглөө эрт босоод цайгаа чаначихаад мөрөө гарга гэж хэлдэг байсан нь их дурсамж болон үлджээ.

-Сүүлийн жилүүдэд сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь залуучууд хэт их европжих хандлагатай болсон байна. Үүнийг маш буруу гэж үздэг. Миний хувьд сар шинийг бүрэн утгаар нь тэмдэглэж үр хүүхэддээ таниулж, ойлгуулахыг хичээдэг. Жилд үндэсний хувцсаа өмсөж ах дүүгээ таньж мэдэх гурав хоног бол сар шинэ гэж бодддог.

 

ДУНДГОВЬ

 

Хүн бүхэнд хийморь бэлгэддэг баяр

Бямбаагийн Хандаа

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн тэмээчин

-Цагаан сарын баярыг  2000 жилийн уламжлалтай гэж нэг номоос уншиж байсан санагдаж байна.Монголчууд  өв уламжлалаа  сэргээж хардаг гол баяр нь цагаан сар юм. Тэр дотроо манай төв халхынхан илүүтэй эртнээс хийж ирсэн өв уламжлалаараа сайхан тэмдэглэдэг. Өнөө үед айлын эзэгтэй миний хувьдшинийн нэгний өглөө эртийн эрт босчцай сүүнийхээ дээжийг уул овоондоо өргөдөг.Тэгээд нартай уралдан золголтоо хийгээд хамгийн ойрхон овоон дээрээ гарч хийморио сэргээнэ Ямар жил гарч байгааг тэнгэр хангайг харж бас малаа харж шинждэг.Даангүй эцэг малын ааш аяг их юм хэлдэг дээ.

-Тээр жил гэхээр юм даа. Шинийн нэгний өглөө аав хоймортоо заларчихсан хүүхдүүд бид дараалаараа суучихсан.Ижий маань бидэнд цай цагаа аягалаж  ерөөлийн үг хэлээд л. Цөмөөрөө шинэ дээлээ өмсч хамаг гоёлоо зүүчихсэн л байлаа. Хүүхдүүд бид бие биерүүгээ харж жуумалзаад л ... Хамгийн сонин гэвэл  ижий бидэнд сонинд боосон бэлэг өгсөн. Түүнийг л бушуухан задалж үзэхсэн гэж яарна. Би гадаа гараад бэлэгээ задлаад үзсэн чинь зөндөө боов,чихэр нэг их гоё үсний боолт байв. Бөөн баяр тэр байлаа. Даяаршиж байгаа ч монгол үндэснийй цагаан  сар өв уламжлалл хадгалан улам өргөн болдог боллоо. Монголчууд бидний нэг онцлог бий. Ёс номоор нь өв уламжлалынхаа дагуузан үйл,ажил амьдралын алив бүхнийг  хийж үзүүлдэг. Эндээс хойч үе нь суралцаж байдаг шүү дээ.

-Мал малагааны арга ухаан бол яг тийм аргаар өвлөн уламжлагдаж ирсэн. Тэгэхлээр миний хийж буй ажлаараа хойч үедээ бүхнийг зураглан үзүүлснээр өөрийн үүргээ биелүүлж  л явна даа.

 

Хэнтий

 

Ахмадаа хүндэтгэхийг хичээдэг

Ноовын Энхболор

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн

-Монгол зан заншил, өв уламжлалын гол баяр, монгол хүний ахмадаа тохойноос нь өргөж хүндэтгэх ганцхан баяр учир хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Бид үндэсний дээл хувцсаа өмсөн жилдээ нэг удаа болдог хаврын тэргүүн сардаа настан бууралдаа очиж хүндлэн золгох дуртай.

-Дурсамж гэвэл би сургуульд арай ороогүй байсан. Тэр жил аав ээжийгээ дагаад морьтой 50 орчим км явж хөдөө гэрээсээ сумын төв орж хөгшин ээждээ золгохоор явсан үнэхээр сайхан байсан. Ингэж явах нь хол аян замд яваа аялал шиг л сайхан санагдаж билээ. Манай Хэнтий аймгийн Батширээт сум үнэхээр сайхан байгальтай болохоор морьтой цагаалж эмээдээ очих замд үнэг, гөрөөс гэсэн ан амьтан таарах, модон дундуур, хөлдсөн гол дээгүүр явдаг байсан нь одоо бодоход үлгэр шиг сайхан байна.

-Сар шинийн баяраа зөв сайхан тэмдэглэн өнгөрүүлж энэ баярын ач холбогдлыг үр хүүхэддээ таниулан сургаж, заах ёстой гэж боддог.

 

Хөвсгөл

 

Манайх гэр бүлээрээ өв тээгчид

Горшиг Өнөрсайхан

Цагаан-нуур сум Баруун тайг II багийн цаатан

-Би бага наснаасаа өнөөдрийг хүртэл Хөвсгөлийнхөө хөх тайгад амьдарсаар ирлээ. Аав маань биднийг бага байхад Цагаан сарын шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд бидний шүтээн болсон уул тайгадаа цай сүүний дээжээ өргөөд арц, хүжээ асааж гэр болсон урцаа ариусган сангаа тавьж цаа малаа  утдаг уламжлалтай. Энэ заншил маань өвөг дээдсээс уламжлагдан ирсэн. Гэрт орж ирээд хойморт байрлах идээ ундаа, шүүс, зэргээ сэргээж  сангаа тавина. Ээж маань цай, сүүний дээжээ онгод тэнгэртээ өргөсний дараа золголт эхэлнэ. Манайх дөрвөн хүүхэдтэй, 50 цаатай. Монголын уламжлалт цагаан сараа мөн л аав, ээжээс уламжилж ирсэн энэ л ёс заншлаар тэмдэглэдэг.

-Бага байхад одооных шиг чихэр, печень амттан ховор. Аав ээжийгээ  дагаад саахалт айлд очиход нэг ул боов, хоёр чихэртэй боож өгөхөд маш их баярладаг байсан. Мөн битүүний өдөр цааны хураасан махаа чанаад хорол, даам тоглох их сайхан. Одоо ч үр хүүхдүүдтэйгээ сайхан тоглож битүүрнэ.

-Манайх гэр бүлээрээ өв тээгчид. Цаагаа маллахын зэрэгцээ цааныхаа эврээр төрөл бүрийн бэлэг дурсгал болон ахуйн хэрэглээний зүйлс урладаг. Цаатангууд бүгд л гар урлалын зүйлс хийж орлогоор нь амьдардаг. Түүнчлэн цааны ааруул, хуруудаа хийж борлуулах зэргээр амьжиргаагаа залгуулдаг. Цаа буга ашиг шим ихтэй. Мөн үндэсний цөөнх гэдгээрээ бидэнд улсаас сар бүр тэтгэмж  олгодогт үргэлж талархдаг.Залуучуудад хандаж цаатан өв соёлоо хамгаалж өвөг дээдсийнхээ үлдээж өгсөн онгон дагшин байгалиа энэ хэвээр нь хамгаалж яваарай гэж хүсч байна. Цаа буга байгальтайгаа шүтэлцэж амьдардаг амьтан. Тиймээс байгал дэлхийгээ хайрлан хамгалах нь чухал.

 

Сэлэнгэ

 

Сар шинийн баяр гэхээр хамгийн түрүүнд хүүхэд насны  дурсамжууд тод буудаг

Олзвойн ГАНТУЛГА

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын  хоёрдугаар багийн иргэн

-Монгол түмний  өв соёлыг шингээсэн баяр бол яах аргагүй сар шинийн баяр. Тиймээс цагаан сарын баяраа аль болох уламжлал ёсоо даган өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэхийг  хичээдэг.

-Сар шинийн баяр гэхээр хамгийн түрүүнд хүүхэд насны  дурсамжууд тод буудаг даа. Айл хэсэж, ах дүү, хамаатан садангийнхаа амар мэндийг эрж хүндэтгэдэг.

-Үндэсний өв уламжлал, хэв маягийг шингээсэн сар шинийн баярыг аль болох бусдад таниулан сурталчлах зорилгоор өөрийн   мэдлэгийн хүрээнд үр хүүхэд, залууст зааж өгөхийг хичээдэг.

 

ОРХОН

 

Хүүдээ морин хуур тоглохыг өвлүүлэн сургаж байна

Д.Бат-Эрдэнэ

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн иргэн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын технологич

-Манай гэр бүл 1978 оноос хойш Эрдэнэт хотод суурьшин амьдарч байгаа. Би эхээс наймуулаа болохоор уламжлалт цагаан сарын баяр бол манай гэр бүлийн хувьд маш том баяр. Ах дүү, төрөл садан бүгд манайд цугларч аав, ээжтэй минь золгож амар мэндээ мэдэж, өнгөрсөн жилийн амжилтаа дүгнэж хөгжилдөж өнгөрөөдөг.

-Бага байхдаа аавтайгаа хамт шинийн нэгний өглөө мөрөө гаргаж уул овоондоо идээ будаагаа өргөж явах нь сайхан байдаг байсан. Би дөрөвдүгээр ангиасаа эхлэн морин хуур хөгжим тоглож сурч, багшаасаа сурсан аяа ах дүү нартаа тоглож өгөхөөр тэд маань их баярлаж бэлгэшээдэг.

-Үндэсний өв уламжлал бүдгэрч даяаршлагдаж байгаа энэ цаг үед үр хүүхэддээ өв уламжлалыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар өөрийн зүгээс чадах боломжоороо зааж сургаж байгаа. Хүүдээ морин хуур хөгжмөө өвлүүлэн зааж сургах, мөн өөрөө үндэсний шагайн харваан спортыг сонирхон суралцаж байна. Ахмад хүнийг хүндлэх ёс, зөв сайхан үгээр хэлэлцдэг уламжлалаа сэргээн, өөрсдөө суралцаж үр хүүхэддээ зааж үлгэрлэхийг хичээж байгаа.

 

ДАРХАН-УУЛ

 

Шинийн нэгний өглөө эрчүүд “Дархан хайрхан” ууландаа  гарч, өглөөний нарыг хардаг

Чимэдцэеэгийн Дунгаамаа

Дархан сум 10-р баг, тавдугаар хорооллын иргэн, “Залуучууд” театрын жүжигчин

-Дархан хот маань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байна. Дарханчуудын хувьд сар шинийн баярыг үндэсний хувцсаараа гангаран өргөн дэлгэр тэмдэглэдэг.  Шинийн нэгний өглөө манай эрчүүд Дархан хайрхан ууландаа  гарч, өглөөний мандах нараа тосон угтаж, улиран одож буй жилээ үдэж ,ирэх жилээ бэлгэдэн идээ ундаа, арц хүжээ уугуулдаг уламжлалтай.  Миний аав ээж  хоёр Баянхонгор аймгийн улс байдаг. Хонгорчууд битүүний өдөр заавал хиншүү гаргах ёстой учир хуушуур хайрдаг.

-Манайх цагаан сарын хавсайгаа өөрсдөө хийдэг байсан. Аав бидэнд нэг, нэг ул боовны яг ижил хэмжээтэй зуурсан гурил өгөөд нухуулна. Их гоё үнэртэй. Ямар ч хийгүй болтол нь нухдаг байснаа санаж байна. Муу нухсан хүүхдийн хэвийн боов цэврүүтнэ. Сайн нухвал цэврүүтэхгүй гээд л. Энэ дурсамж л их гоё санагддаг юм.

-Бидний аав ээж минь сар шинийн баярын утга учрыг үр хүүхэддээ таниулж өсгөжээ. Тиймээс өөрийн хүүхдүүд болоод залууст  идэж уух, өмсөж зүүхдээ гол нь биш, өвөг дээдсээс  уламжлагдан ирсэн монголчуудын өв их соёл юм шүү гэдэг талаас нь ойлгуулж биечлэн мэдрүүлэхийг ихэд хичээдэг. Ээж минь бидэнд битүүний өдөр хоорондоо муудаж болохгүй, хог шороог нар буухаас өмнө гарга гэж сургасан. Харин аав минь бүрий болохоор аав гэрийн тотго дээрээ Лхам бурхан морьтойгоо ирж ундаална гээд гурван мөс, тос зэргийг тавьдаг байсныг одоо ч манай гэр бүл санаж, уламжлан түүчээлж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 24 (7268)