Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг хүртэл хуралдаж, нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Нүүрсний сонсголыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан. Түр хороо байгуулагдаад бүтэн хоёр жил ажиллаад өнөөдөр дүгнэлтээ танилцуулж байна. Анх байгуулсан түр хорооны үйл ажиллагаа, нотлох баримтыг бид хэлэлцээгүй. Анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж байна. Төр хувийн хэвшлийн нүүрсний асуудал, худалдаа, борлуулалт, тээвэр ложистикийн асуудал, улсын хилээр нэвтрүүлсэн асуудлыг өмнөх түр хороо шалгасан. Монгол Улс 2023 онд 68 сая тонн нүүрс гаргасан. Үүний 28 сая тонн нь Төрийн болон орон нутгийн өмчит Тавантолгойн нүүрснүүд, 40 сая тонн нүүрс яаж гарсан бэ гэдэг нь хамгийн том булхай луйвар юм. Түүний дотор Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн асуудал яригдана. Энэ түр хорооны шинжээчдэд би маш их эргэлзэж байна. Энэ асуудал нэг парламентаар дуусахгүй. Цаг хугацаа гэдэг зүйл бий. Дараагийн парламентын үед асуудал чинь ноцтой сөхөгдөнө шүү. Анхны хурал дээр нас барсан хүмүүсийг та нар дуудлаа. Дараагийнх дээр нэг хүнийг дуудсан. Үүнийг хэн дуудсан юм. Ямар баримтаар дуудсан юм. Үүнийг асуумаар байна. 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэдэг нь худлаа гэдэг нь яригдсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм. Мөн олон баримт мэдээллийг дарлаа. Тэр баримтууд надад байгаа шүү.
УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Б.Энхбаяр:- Ер нь хяналт шалгалтын цар хүрээ их том. Нэгдүгээрт, энэ түр хороо Ховдын Хөшөөтийн уурхайн асуудлыг хянан шалгах үүрэггүй. "Тавантолгой", "ЭрдэнэсТавантолгой"-н худалдан авалтыг шалгах тогтоолтой түр хороо. Түүнээс биш Монгол Улсын бүх уурхайг шалгах чиг үүрэггүй. Тухайлбал, Ш.Адьшаа гишүүнээ таны Төмөрзамын асуудал руу орж шалгаагүй шүү. Хоёрдугаарт, шинжээчид маань 12-13 жилийн хугацаан дахь цаасан нотлох баримтуудын хүрээнд хяналт шалгалтаа хийсэн. Тухайн үед шийдвэр гаргаж гарын үсгээ зурсан хүмүүс одоо ямар нөхцөлтэй байгааг бүгдийг нь мэдэхгүй. Хэдэн мянган хүний мэдээлэл цуглуулж байгаа. Сонсголын үеэр энэ асуудал дээр ар гэрээс нь уучлал хүссэн. Одоо ч уучлал хүсч байна. Таны яриад байгаа 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэх асуудал бол 25 хувийн шалгалтаар яригдсан дүн. Түр хороо намрын чуулганы хугацаанд тайлангаа тавих чиг үүрэгтэй. Бидэнд хоёрхон сарын хугацаа байсан. Би өмнө нь Хөгжлийн банк дээр 1.6 жил ажилласан. Ийм хугацаа байсан бол өшөө олон асуудалд тодорхой болно. Бид өөр баримтууд байсан. Энэ түр хорооны хэмжээнд шалгах боломжгүй баримтууд байсан.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Төр хувийн хэвшлийн хууль тогтоомж зөрчсөн ажиллагаа түр хороонд хамаагүй юм байна гэж ойлголоо. Энэ сонсгол өөрсдийн өрсөлдөгчид, сөрөг хүчнээ намнах, том гэмт хэргийг дарах ийм ажиллагаа болсон шүү. Цаг хугацаа харуулна.
УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Б.Энхбаяр: -Цаг хугацаагаар олон зүйл тодорхой болсон. Тухайлбал, Н.Алтанхуягийг хамааруулж, Г.Дэнзэнгийн гэх 17 тэрбумын талбайн асуудал бол анх Ш.Адьшаа гишүүнтэй холбоотой байсан юм билээ. Ш.Адьшаа гишүүн тэрийгээ авч чадахгүй алдаад алдсандаа хорсоод холбогдох мэдээллийг тухайн үеийн сөрөг хүчин МАН-ынханд мэдээлэл дамжуулсан. Тэд нараар Г.Дэнзэнг хусуулж, Я.Батсуурийг хонгилоор чирүүлж явсан түүхтэй хүн байна лээ. Түр хороог анх байгуулсан учир шалтгаан нь нүүрстэй холбоотой асуудал дээр нэлээд монопол болох зорилготой байгуулаад мэхт мэхэндээ гэдэг болчихсон ийм л хүн.
Эх сурвалж:www.polit.mn