П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-УИХ-ын Хянан шалгах түр хорооны  хяналт шалгалтын ажлыг дэмжиж байгаа.   Улс төрийн эр зориг гаргаж байгаад талархаж байна. Гэхдээ цаашид энэ арга замаар улстөрийн  өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болж даамжирах вий гэсэн  болгоомжлол  байна.  Манай улс 30 гаруй жил нилээн ололт амжилттай байсны хажуугаар  гажуудуулсан алдаа савнаасаа хальж гарчээ. Товчхондоо төр өөрөө алдаа гаргаж хяналтаа ч гэсэн алджээ гэж харж байна.  Бид  энэ сонсголын ачаар Өмнөговь аймагт үүрлэсэн улс орноо тонож дээрэмдсэн түүхийг ил болголоо. Энэ тайлангаас харвал шулуухан хэлэхэд орон нутгийн жижиг “Тавантолгой” ХХК-ийг АН эзэн суужээ. Орон нутгийн ИТХ дураараа дургиад зогсохгүй үр  хүүхдүүд нь хүртэл компани  байгуулж,  цаашид хулгай луйвар тасрах биш үргэлжлэх болгоомжлол байна . Ялангуяа  сонгуулийн жил болж байна. Тойрог томсохын  хэрээр  өндөр зардалтай нүүрсний хулгайгаар мөнгөжсөн хүмүүс тэр  хэмжээгээрээ орж ирээд хэн ч  хариуцлага хүлээхгүй үлдэх вий гэдэгт иргэд  нилээн санаа зовж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх баригч хоёр нам ялангуяа  тэр дундаа манай нам ч гэсэн их алдаатай бодлого явуулж хяналтаа алдсан байна. Нүүрсний хулгай  сүүлийн 10-15 жилд нүүрлэсэн  сонсголын үйл явцаас харахад ард түмнийг төлөөлж төр түшиж,  эрх  мэдэлд байсан зарим хүмүүс энэ сонсголд дуудагдаж байгаад их харамсаж байна. Энэ төрд эзэн байгаа  байна уу. Хариуцлага ёс зүй гэж хаана  байна вэ.  Тийм учраас 2013 оноос хойш үе үеийн УИХ-ын гишүүд  Ерөнхийлөгч нар , Засгийн газар,  хоёр нам  иргэдээсээ уучлалт гуйх наад захын соёлыг хангах нь чухал байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК 110 сая тонн нүүрс олборлосон юм байна  гэж  ойлгосон. Гаалийн бүртгэлгүй гарсан  нүүрсний хэмжээ энд орсон юм уу, ороогүй тоо хэмжээ юу. Энэ сонсголыг үр дүнтэй, хариу үйлдэлтэй байгаасай гэж хүсэж байна.  Энэ тэндгйү бариад орхичихсон байгаа мухар төмөр замуудаа яах вэ. Энэ замуудаа яаралтай холбож экспортоо нэмэгдүүлэх шаардлага  Монгол Улсад тулгарч байна.   БНХАУ бол дэлхийн  хамгийн том нүүрс хэрэглэгч, экспортлогч орон. Өнөөдөр  Монгол  Улс  зах зээлийн өрсөлдөөнд хаана нь явна вэ. Бизнесийн өрсөлдөөн талаас нь аваад үзэхээр газарзүйн байршлын хувьд Монгол Улс хамгийн давуу талтай болчихоод байдаг. Нүүрс нь уул уурхай гэхээс  илүү тээврийн бизнес.   Хэн бага өртөг хүргэж чадсан нь  илүү ашиглтай ажиллах боломжтой.  Өнгөрсөн хугацаанд худалдааны эрх зүйн бодлого зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотой.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -УИХ-ын гол үүрэг бол ард түмний төлөөллийн байгууллага юм. Тэр утгаараа иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Мэдээж хэн хэнийгээ хардсан, сэрдсэн зүйл Хөгжлийн банк, Нүүрсний сонсгол дээр ч байсан.  Х.Баттулгын хулгайг ярихаар Ч.Хүрэлбаатар  баярлаад сэвж өгнө. Нөгөө талын хулгайг ярингуут Х.Баттулга нь баярлаад сэвж өгнө.  Түр хорооныхныг сүүлдээ тэр, энэ хүн гэнэ. Ер нь бүх хүний  хүн болсон  шүү дээ. Анхнаасаа ч энийг мэдэж байсан. АН нь яригдахаар МАН-ынхан  захиалгаар хэллээ гэнэ.  Манайхан баярлаад байсан. Сүүлдээ манайхан яригдаад эхэлсэн чинь сүүлдээ АН-ын захиалгаар гээд яригдаад эхэлсэн. Б.Пүрэвдорж  гишүүний хэлсэнчлэн  хэдэн жолооч  нар авчраад байцаагаад   жижигрээд байсан юм  ерөөсөө байхгүй.  Гаалийн бүрдүүлэлтгүй гарсан тээврийн хэрэгслийн гурван мянган  жолоочоос таван жолоочийг түүвэрлэж сонсголд авчирсан.  Энэ нь тэдгээр хүмүүсийг ялгах гэхээсээ илүү тухайн жолооч нар ер гаалийн бүрдүүлэлтгүй гарч  байсан эсэх, тээвэрлэлтийг яаж хйидэг вэ. Асуудал тээврийн  хэрэгслийн жолоочид  байна уу, тээвэр хийлгэж байгаа клмпанид байна уу. Тэнд хил гаальтай холбогдсон, татвараас зайлсхийх, өөр үгсэн хувилдсан санаа  байна уу гэдгийг тодруулах  явдал юм.

Эх сурвалж:www.polit.mn