Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу түр хороо байгуулагдаж, сонсгол хийлээ. Парламент дээр асуудлыг ярьж олон түмэнд мэдээллийг хүргэнэ гэдэг маш чухал асуудал.  Энэ сонсгол олон нийтийн мэдэх эрхийг хангасан сонсгол болсон гэж найдаж байна.  Гэхдээ энэ сонсголоор ялангуяа бизнесийнхэнд хатуу хандсан ийм тохиолдол гарсан.  Ялангуяа нүүрсний жолооч нар их өртлөө.  Тэд Улаанбаатар Увс хоёрын хооронд 14 хоногт тээвэр хийгээд нэг сая төгрөгийн ашиг олдог байж байгаа нүүрс тээвэрлэх арай ашигтай болоод л тийшээ явцгаасан хүмүүс шүү дээ.  Жолооч нарын буруу гэж бол байхгүй. Тэр компаниуд ч хүмүүсээ ашиг орлоготой болгох гэж зүтгэсэн.  Хөрс хуулагч компаниуд байна. "Макмахн", "ТТЖИВИКО" компаниуд дээр үед найман ам.доллараар хөрс хуулдаг байсан.  Одоо тэрийг гурван ам.доллар болтол нь буулгаж чадсан байна. Энэ хүмүүс хямдхан хөрс хуулсныхаа төлөө чичлүүлэх ёсгүй байсан.  Энэ бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүстэй асуудлыг ярих биш.  Харин энэ салбарт авлига хээл хахуулийг цэцэглүүлсэн төрийнхөнтэй асуудлаа ярих ёстой байсан шүү.  Би 2024 оны  УИХ-ын сонгуулийн дараа нүүрсний сонсголыг хийнэ. Ингэхдээ тээврийн компаниуд, жолооч нар, хөрс хуулалтын компаниуд гээд энэ хэрэгт холбогдоогүй УИХ, Засгийн газрын 10 орчим гишүүн байна, тэр хүмүүстэй нэгдэж, нүүрсээ магтаж, сонсгол хийнэ.  Харин түүний дараа нүүрсний хулгайн сонсгол хийнэ.  С зөвшөөрлийн хулгай,  бөмбөлөгтэй холбоотой хуулийнхан, хил гаалийнхан, системийн  хулгайтай холбогдсон улстөрчдийг дуудаж, хулгайн сонсгол хийнэ.  Эрх баригчид нүүрсний сонсгол дээр гол хүмүүсээ хамгаалаад үлдлээ. 

Эх сурвалж:www.polit.mn