П.АМГАЛАНБАЯР
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулав. Тэрбээр “Өнгөрсөн оны байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг нийслэл дангаар үйлдвэрлэж байна. Хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлдэг. Тиймээс төсөв дагасан санхүүгийн схемийг шинэчлэх хэрэгтэй. Олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэнэ” гэлээ. Мөн төсөлд нийслэл нь Засгийн газар, төрийн өмчит компанийн нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мөн онцолж байв.
Нийслэлээс олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Хууль батлагдсанаар урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой. Мөн Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.
Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Инженер, дэд бүтцэд түшиглэн орон сууцжуулах, автозамын нэвтрэх чадварыг сайжруулах, шинэ технологыг нэвтрүүлэх асуудлыг дэмжиж байна. Энэ чиглэлд бэлэн болсон техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн төслүүд хэр байна вэ?
Хотын дарга Х.Нямбаатар:
-Бид хотын Төв талбайгаас хойш 1.7 км-ын зайд байрлах Сэлбэ дэд төвийн ус, дулаан, цэвэр бохирын шугамын асуудлыг цогцоор нь шийдсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. 160 га талбайд төлөвлөлт хийж, ажлын зураг боловсруулах тендер зарласан. Тэнд ойролцоогоор 12 мянган айлын орон сууцны хороолол барина. Ингэснээр 32-ын тойрог хүртлэх 5,6 буудал, Дэнжийн 1000 орчмын 12 мянган айлын газрыг шууд орон сууцаар своп хийх нөхцлөөр нүүлгэн шилжүүлэх хуулийг баталсан. Ингэснээр 701 га орчим газрын газар чөлөөлөлтийн ажлыг 2025, 2026 онуудад хийхээр төлөвлөсөн. Ингэснээр төлөвлөлтийн дагуу орон сууц барих боломжтой газар чөлөөлөлтийн 25 хувь нь хамрагдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Уг төсөл Өрийн удирдлагын тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг хангаж байгаа юу?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:
-Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)