Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Швейцарын Давос хотноо ажиллана.  Тэрбээр  Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, Швейцарь, Армен, Сингапурын ерөнхийлөгчид бараалхаж, БНСУ, Тайландын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.   Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөж байна. “Өвлийн Давос” хэмээх энэхүү арга хэмжээнд манай улс 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болоод  анхны айлчлалаа гуравдагч хөрш болох Япон улсаас эхэлж байсан билээ.  Цар тахлын нөхцөл байдал амаргүй байсан нь Монгол Улсын гадаад бодлогод ч нэг томоохон сорилт  болж  байв.  Гэсэн ч энэ сорилтыг Монгол Улс амжилттай давж, гадаад харилцаа сүүлийн жилүүдэд  сэргэж, урагшилж байна.

 Үүний нэг томоохон илрэл нь манай улсад зочилсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг юм” хэмээн Монгол Улс дэлхийн хаана  явааг тод томруун хэлж өгөв.  Мөн 800 жилийн өмнөх урилгыг сануулан Монгол Улсад анх удаа морилсон Ромын пап, Гэгээн ширээт улсын тэргүүн Францис “Тэнгэр шиг бай” шүлгийг эшлэн үг хэлэхдээ ч “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын эд эс бүхэнд гүн гүнзгий шингэсэн учир Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм” хэмээн онцолсныг бид гүн талархалтайгаар хүлээн авахын зэрэгцээ тэрүүхэндээ омогшиж байлаа.

Дэлхийд данстай эдгээр эрхмүүд Монгол Улсад ирэхдээ зүгээр л монголчуудад таалагдахаар гоё үгс бэлтгэж хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол өргөн утгаар нь үзэхэд дэлхий дахинаа сонордуулсан Монголын гадаад бодлогыг үнэлсэн үнэлэмж мөнөөсөө мөн юм. Хэдийгээр бид дотооддоо замын түгжрэл, өвлийн утаа, ногоон автобус, “авлига” хороолол гээд олон асуудалтай ч олон улс руу чиглэсэн нэгдмэл байр суурь, олон тулгуурт гадаад бодлого баримталж чадаж буй нь төрийн тамгыг атгалцаж байгаа эрх баригчдыг сайхан үгээр магтах, нэг шалтгаан гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл, бид дотооддоо ямар ч асуудалтай байсан гадагш нэгдмэл байр суурьтай, гадаад бодлогоо ганхуулахгүй авч явж буй яалт ч үгүй оновчтой төрийн бодлогын нэг билээ.

Манай улсын гадаад харилцааны ухаалаг бодлогын талаар бусад улс орнууд суралцах, туршлага судлах хүсэлтээ ч илэн далангүй илэрхийлдэг болсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, өнгөрсөн онд Киргизстаны нийслэл Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж танилцах хүсэлтэй удирдагч олон байсан. Тэд далайд гарцгүй ч оюун санааны хувьд хязгаарлагдаагүй Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг сонирхон, жишиг замнал болгох боломжтой тухайгаа ч илэрхийлж байсан гэдэг. Ийнхүү  Монгол Улс дотооддоо олон асуудалтай тэмцэж байгаа ч  гадаад бодлогын үнэлэмж өссөн, гадагшаа сайн сайхан, зөв харагдаж, үнэлэгдсэн он жилүүд өнгөрч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эх сурвалж:www.polit.mn