МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнэ УИХ-д  нэр дэвших улстөрчдийг хэрхэн сонгох тухай байр сууриа илэрхийлжээ.

....УИХ-д хэнийг дэвшүүлэхээ намын бүх гишүүдийн эсвэл нийт сонгогчдын нууц санал хураалтаар шийдье.  Санал хураалтыг СЕХ явуулах ёстой! Зөвхөн ингэж байж Үндсэн хуулийн 3.1, Улс төрийн намын тухай хуулийн 8.2.1 хэрэгжинэ. Ардчиллаа сэргээнэ, авилгачдаас сална....

Тэрбээр “УИХ-д хэнийг дэвшүүлэхээ Монголын ард түмэн өөрсдөө шийдье.  Хэрэгжүүлэх үндсэн арга нь нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сонгууль (primary election) буюу сунгаа! АНУ-аас эхлээд ихэнх ардчилсан орнуудад тогтсон үндсэн арга. Анхан шатны сонгуулийг нам, намаараа хийж болно. Хаалттай сунгаа (closed primary) гэдэг. Эсвэл бүгдийг хамруулан нээлттэй (open primary) хийж болно, Энэ нөхцөлд хэн нэгэн хүн тухайн тойргийн сонгогчдын 50+ санал авбал сонгогдсонд тооцдог. Дахин сонгууль явуулах шаардлагагүй. Зөвхөн ингэж байж Үндсэн Хуулийн 3.1 хэрэгжиж “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Зөвхөн ингэж байж л төрийн эрх мэдэл ард түмнээс ургах болно. Монголын ард түмэн жинхэнэ өөрсдийн төлөөлөгчдөөр УИХ-аа бүрдүүлнэ. Зөвхөн ингэж байж л ард түмэн жинхэнэ утгаар төрийн эрхийг барих болно.  Монголын ард түмэн эрх чөлөөтэй, эх орондоо, ирээдүйдээ эзэн байх болно. Эрх чөлөөтэй байхын үндэс нь ардчилал буюу төрийн эрх мэдэл ард түмэнд байж, тэднээс ургаж байх явдал! Тиймээс сонгууль ард түмнээс, сонгогчдоос эхтэй байх учиртай, ёстой, хуультай юм.

Хэрэгжүүлэх хууль, эрх зүйн үндэс бий. Улс төрийн намын тухай хуулийн 8.2.1-ээр нэр дэвшүүлэлтийг “нууц санал хураалт”-аар явуулах ёстой.  Нууц санал хураалтыг Монгол улсад зохион байгуулах хууль ёсны эрхтэй цорын ганц байгууллага нь Сонгуулийн Ерөнхий Хороо. Тиймээс нууц санал хураалт буюу анхан шатны сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хороо орон даяар нэг бол нам намаар, эсвэл бүх намыг оруулан нээлттэй хэлбэрээр зохион байгуулах ёстой.

Гэтэл одоо улс төрийн намын удирдлагууд, эрх мэдэлтнүүд намын удирдлагыг гартаа авах замаар нэр дэвшүүлэх эрхийг атгах санаатай. Тиймээс нам нь Монголын ард түмнээс эрх мэдлийг нь цувчуулан авах үндсэн суваг, хонгил нь болсон гэсэн үг. Энэ хонгилийг таслах ёстой. Үгүй бол намын дарга нар эрх мэдэлтнүүд өөрсдийн төлөөлөгчдөө тулгана.  Нэмэгдэхүүний байр нийлбэрийн дүнг өөрчлөхгүй.  Эрх баригчид авилгачид нэр дэвшүүлэх тохиолдолд зөвхөн эрх баригчид авилгачдын эрх ашигт үйлчлэх этгээдийг дэвшүүлэх болно. Монгол улс, Монголын ард түмэн хэзээ ч нар үзэхгүй! Авилгачид төлөөлөгчдөө мөнх дэвшүүлнэ, аргагүйдсэн та “сонгоно”.

Намын босс бус, намын дарга бус харин нэг бол нам намын бүх гишүүд нийтээрээ, эсвэл Монголын сонгогчид нийтээрээ анхан шатны сонгуулиар нууцаар саналаа гаргаж УИХ-д нэр дэвшигчийг тодруулах явдал.  Төрийн эрх мэдэл, сонгууль намын даргаас, намын даргын үзэмжээс ургах хуульгүй, ёсгүй.  Сонгууль намын даргын багийг ёсчлох зан үйл биш.  Төрийн эрх мэдэл, сонгууль ард түмнээс ургах хуультай, ёстой. Зүтгэхийг хүссэн нь нэрээ бүртгүүлж, хэнийг сонгохоо ард түмэн мэдэх хуультай.  Авилгачдыг зайлуулах, ардчилалаа сэргээх, улс орноо, ирээдүйгээ гартаа авах төдийгүй, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх цорын ганц зөв зам энэ болов уу “ гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn