Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:- Ерөнхийлөгч, Я.Содбаатар дарга, Б.Батцэцэг сайд нар маш зөв хүмүүсээ орж ирсэн байна. Дандаа мэргэжлийн дипломатууд гэдгийг батлан хэлэх байна. Хэн ч аав ээжийнхээ татаасаар яваагүй. Үүнийг олон нийт маань ойлгох биз ээ. Н.Анхбаяр маань Гадаад яамны консулын хэлтсийн даргаас эхлээд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, ТНБД хүртлээ дэвшин ажилласан. Дараагийн удаа Элчин сайдад оруулж ирэхдээ гадаад харилцааны салбараас илүүтэй нийгэм, эдийн засаг, бизнесийн, элстөрийн салбараас хүмүүс түлхүү оруулж ирэхийг бодоорой. Ер нь болдог бол Элчин сайд нарын корпусыг 50, 50 хувиар нь бүрдүүлж байвал зүгээр юм шиг санагддаг. Өөр салбараас Элчин сайдаар томилогдоод сайн ажиллаж байгаа хүмүүс олон байна. Бөөн хэрүүл, хэл ам болж явсан АНУ-д суугаа элчин сайд Батбаяр бол ажлаа сайн хийж байна. Би Монгол, АНУ-ын парламент хоорондын бүлгэмийн даргаар ажиллаж байгаа. Тэгээд үйл ажиллагааных нь процессыг харахаар сайн ажиллаж байна. Москвад Энхтүвшин сайд, БНХАУ-д Бадрал генерал маань бас сайн ажиллаж байгаа. Өөр салбараас Элчин сайд орж ирэх нь Монгол төрийн дипломат албанд хэрэгтэй байна. Гадаад харилцааг эдийн засагжуулна гэж яриад Элчин сайд нартаа захиад байна. Хөрөнгө оруулалтын асуудал нь тэнд биш Монголдоо байгаа юм. Монголд ямар бараа бүтээгдэхүүн, юу хэрэгтэй байгааг асуухаар хэлдэггүй. Яамдуудаас нь хариу ирдэггүй. Ганц нэг компани холбоод өгөхөөр манай бизнесийнхэн хулхидаад алга болчихдог. Элчин сайдын үүрэг бол улс төрийн харилцааны чухал алба шүү. Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа эрчимжүүлмээр юм байна.
Эх сурвалж:www.polit.mn