Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Сүүлийн жилүүдэд яах аргагүй монголын гадаад харилцаа сайжирсан. Төрийн тэргүүн санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Зөвхөн зам тээврийн салбарт гэхэд маш олон гэрээ хэлцлийг хийсэн. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэж их ярьж байна. Өнгөрсөн жил гэхэд олон жил яригдсан Улаанбаатар төмөр замын асуудалд анхаарч, энэ компанийн дүрмийн сан нэмэгдэж, 200 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн. "Улаанбаатар төмөр зам" энэ жил түүхэндээ анх удаа 70 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын хүрээнд автотээврийн хэлэлцээрийг байгуулсан. Үүний үр дүнд Монголын том оврын автомашинууд Хятад улсын газар нутаг дээр болон гуравдагч улс руу тээвэр хийх боломжтой болсон. Монгол автобусууд өнөөдөр Бээжин, Хөх хот, Тяньжин орж байна. Энэ бол гадаад харилцааны яамны үйл ажиллагааны үр дүн. Мөн АНУ руу нислэг үйлдэх боломж бүрдлээ. Веатнам, Лаос улстай шууд нислэгтэй боллоо. Энэ мэтчилэн гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч байна. Цаашид Герман, Польш улстай автотээврийн хэлэлцээ байгуулах гэж байна. Энэ бүхэнд Гадаад харилцааны яамныхан маань оролцож байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэр дэвшиж байгаа та бүхэн маш сайн ажиллаж байсан. 1955 оны төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц дээр анхаарч ажилламаар байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:- Ерөнхийлөгчөөс Элчин сайд нарыг оруулж ирж байна. Сүүлийн үеийн Элчин сайд томилгоо их алдаа дутагдалтай байсан. Улстөрч, ашиг сонирхолтой хүмүүсийг оруулж, ирж байсан бол энэ удаа бэлтгэгдсэн хүмүүс орж иржээ.
Эх сурвалж:www.polit.mn