Т.САЙХАН
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд болов.
Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ.
Б.Чимидийн нэрэмжит шагналд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас доктор, профессор Н.Лүндэндоржийн 2023 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” хэмээх бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Доктор, профессор Н.Лүндэндорж нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан судлаач, олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг бид сайн мэднэ. Түүний бүтээл нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, агуулгыг хуульчдад төдийгүй ард иргэдэд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой сайн бүтээл болжээ. Түүнчлэн философи, иргэний эрх зүй, эрх зүйн онол зэрэг олон шинжлэх ухааны уулзвар цэгт огтлолцсон, хууль зүйн болон нийгмийн байгуулал, эдийн засгийн онол, арга зүйг хослуулан туурвисан бүтээл болсон гэж үзсэн. Энэхүү бүтээлийн үнэ цэнийн талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хэлэхдээ, “Профессор Н.Лүндэндоржийн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс тайлбарлахын хамт түүний эрхийн философийг нь дэлгэн харуулах задлан шинжилгээг хийсэн нь Монгол Улсын үндэсний эрх зүй, ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд томоохон түлхэц болохуйц жинтэй болжээ” гэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал бүхний цаана утга агуулга бий гэж Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Тэгвэл доктор Нанзаддоржийн Лүндэндоржийн бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үг, ойлголт бүрийг шинжлэх ухааны үүднээс задлан тайлбарласанд ач холбогдол, үнэ цэн нь оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Эх сурвалж:www.polit.mn