Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч энэ хуулийн төслөөр АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Аливаа улс орны эдийн засагт гурван хүчин зүйл маш чухал. Улсын төсөв, гадаадын зээл, хөрөнгө оруулалт. Үүнээс харахад Улсын төсөв маань маш их алдагдалтай. Гадаадын зээл нь өрийн хязгаар давчихсан байна. Энэ үед хөрөнгө оруулалтын ямар орчинтой байх уу гэдгийг одоо ярьж байна. Өчигдөр бид твиттерт 600 гаруй иргэнийг хамруулан хэлэлцүүлэг хийсэн. Тэнд Ерөнхий сайд асан М.Энхсайхан гуай орж ирээд нэг зүйлийг хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл нь хэзээ ч өр үүсгэдэггүй юм. Тэгэхээр өрийн дарамт байхгүй болох нь. Дараагийн нэг асуудал нь шинэ зах зээлийг бий болгодог. Ажлын байр бий болно. Дөрөвдүгээрт, шинэ технологи нөү хау орж ирнэ. Энэ мэтчилэн маш олон давуу талтай. Бид хөгжиж байгаа орон учраас гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг бид эцэслэх хэрэгтэй. Би АН-ыг баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас үзэл санаандаа нэгдэж энэ хуулийн төслийг дэмжээд яваасай гэж хүсч байна. Яагаад гэвэл зүүний үзэл санаа биш баруун төвийн үзэл баримтлал монголд ус агаар шиг хэрэгтэй байна. Гадны хөрөнгө оруулагчдын хөөж, дотоодын хөрөнгө оруулагчдаа шоронд хорьдог биш дэмждэг үзэл санаандаа хатуу зогсож өгөөч. Эрх баригчид бас ирцээ бүрдүүлээд кнопоо дараад өгөөч. Өнөөдөр энэ асуудлаа бид шийдэхгүй бол ирээдүйдээ асар их хохирлыг бий болгоно шүү. Шинэ үе чинь та нарт хариуцлага тооцно шүү. ХҮН шинэ үеийн манлайлаад гарч ирвэл бас та нарт хариуцлага тооцно гэдгээ хэлье. Дараагийн нэг асуудал нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн асуудал үнэхээр хэрэгтэй юм байна. Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүн Төрийн ордонд орж ирлээ. Нүүрсний сонсголоос хоёр удаа зугатсан байдаг юм. Тэгсэн атлаа гэв гэнэт эх оронч, иргэдэд хайртай дүр үзүүлээд баатрын дүрээр гарч ирлээ. Хуулийн төслөөс шал өөр газар нутагтай агуулга ярьж, иргэдийн тархи угаалтыг хийж байна. Энэ бол худлаа мэдээлэл тарааж, монголчуудыг хагалан бутаргаж байгаа үйлдэл. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой албан тушаалтан. Энэ хүн ажлаа өгсөн ч Ерөнхийлөгчөө гэж харж хүндэтгэдэг. Өнөөдөр бусад Ерөнхийлөгч асан хүмүүс ордонд орж ирээд УИХ-ын даргатай уулзаж, хагалган бутаргах үйл ажиллагаа хийж байна уу. Үгүй биз дээ. Тэгэхээр одоо бид энэ асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуульдаа оруулж өгөх ёстой юм байна. " гэлээ
Эх сурвалж:www.polit.mn