Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан ч Ардчилсан намын бүлэг гурав хоногийн засварлага хүссэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, ёсоор болголоо.
Завсарлага авах болсон үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Ардчилсан нам засаг барьж байх үед орж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг ярьж байгаа үед сүржин мэдэгдлээр хандах нь буруу. Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлэхэд Ардын намын гишүүд хашигчиж гуугчих хэрэггүй.Хөрөнгө оруулалтын тухай хуульд шинэчилсэн заалтуудыг яагаад оруулж ирэх болов. Энийгээ судалгаа тооцоотой хэл. Би эх орондоо хайртай, чи эх орондоо хайргүй гэдэг хандлагаар төслийг хэлэлцэх юм бол зөв хууль гарахгүй.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Энэхүү хуультай нийцүүлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа тул завсарлага хүсч байна” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn