Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал хуулийн төсөл.  Гэвч ганц хоёрхон заалтаас шалтгаалан унаж болохгүй.  Тухайлбал, Гадаадын иргэнд 100 жилээр газрын өгөх гэж байна гэж яриад байна.   Харин хуулийн төсөл дээр эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглуулах тухай заасан.  Мөн үүний цаана гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг адил хэмжээнд авч үзэхээр заасан.  Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагч ч гэсэн газрыг эзэмшихгүй ашиглах нь.  Ингэж дотоод хөрөнгө оруулагч нараа хохироож болохгүй.  Хөрөнгө оруулалтын босго гэдэг дээр бас эргэлзээтэй асуудлууд их бий.  Үүнийг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой.  Түүнээс биш хүч түрээд унагадаг, эсвэл хүч түрээд цаашаа явуулдаг байж болохгүй.  Бид нэг Монгол  Улс ойлголцоод явмаар байна.   Хоёрдугаарт, Ховдын Хөшөөтөд  Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байна.  Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авмаар байна.  Энэ уурхай нөөцийг төсвийн хөрөнгөөр тогтоосон.  Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтын компани маань Хонгконгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгож ирсэн.  Ингэхдээ их олон зүйл амласан.  Их үүрэг хүлээсэн.  Дулааны цахилгаан станц барих байв. Коксын үйлдвэр барина.  Дотоодын компаниудыг дэмжинэ гэсэн.  Үүнээс ганцхан хэрэгжүүлж байгаа ажлууд нь дотоодын компаниудыг ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.  Тээврийг монголчууд тэр дундаа манай Ховдчууд хийж байгаа.  Цахилгаан станц барих асуудал байхгүй болсон.  Баруун аймгийнхан ОХУ, Хятадаас цахилгаанаар хараат, өндөр үнэтэй тог тэндээс авч байна.  Коксын  үйлдвэр байхгүй.  Ийм байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна.  Тийм болохоор стратегийн ордод авъя.  Монголын төр 34 хувийг эзэмшье гэсэн саналтай байна.  Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрхээ Монголын ард түмэн эдлэх эрхтэй, байгалийн баялагийн тухай мэдээллийг мэдэх эрхтэй.  Үндсэн хуульд заасан энэ заалтаа хэрэгжүүлмээр байна.  Тэгэхгүй хардаж, сэрдээд хууль бус гэж яриад байх юм.  Үүнийг нэг талд нь гаргаж шалгамаар байна. Монголын хууль хяналтын байгууллагынхан бас ажилламаар байна"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn