Б.ГАРЬД

 

Хөрөнгө оруулалтын хууль тойрсон улс төр оволзож байна. Эхлэл нь МАН, АН-ын хоёр улстөрчийн хоорондын зөрчил байв. “...Тэд хэн бэ” гэхээр эртнээс л бие биедээ ил далд саад тээг тавьж ирцгээсэн сайд болоод Ерөнхийлөгч асан хоёр л доо. Нэг нь Хөрөнгө оруулалтын хуулийг санаачилж буруутаад, нөгөөх нь тэр төслөөс нь “цоорхой” олж хараад явчихсан л хэрэг. Хамгийн гол нь улс орны хувьд нэлээд чухал энэ хуулийг дундаа хийгээд улстөржүүлээд хаячихлаа. Уг нь тэгэлгүйгээр УИХ дахь бүлэг нь зарчмын санал оруулах хуулийн эрх, үүрэгтэй сэн.

Гэвч лавшраад улс төрийн намуудын үзэл баримтлалд “ огцом эргэлт” хийж орхив. Учир нь АН-ын дарга Лу.Гантөмөр олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “...АН гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, татаж чаддаг улс төрийн xүчин. Ийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг АН анхааралтай, нухацтай авч үздэг. Гэтэл 2024 оны сонгууль дөxсөн энэ үед МАН Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна. Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж АН үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна. АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, системтэй үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд тууштай хэрэгжүүлэх болно” гэв. Уг нь МАН социал демократ, АН нь либерал үзэл баримтлалтай. Гэтэл яг энэ асуудал дээр АН-ын дарга “...Гадаадын хөрөнгө оруулалт болохгүй” гээд мэдэгдлээ. Үзэл баримтлалаараа бол АН "...Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ" хоёр гараа өргөж байх учиртай. Энэ сацуу “...2012-2016 онд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр дарамтад өртөж байсан”, “...Тэр үед гаднын хөрөнгө оруулалттай компаниуд олноороо хувьцаагаа дээрэмдүүлсэн”, “...Жапан тауны газрыг дээрэмдсэн”, “...Чайна энержи компаниас 76 тэрбумыг нэхсэн” гэдэг асуудлууд сэргэж байх юм.  Харин МАН нь түүнийг хамгаалаад байгаа нь хачин харагдаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл, үнэт зүйл, үдийн цайны улс төр хоёр холилдсон энэ үйл явдал нь “...МАН либералчлагдаж, АН социалист болчихсон уу” гэсэн маш эргэлзээтэй асуултыг босгож ирлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)