М.АНАР

 

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар ХНХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 1-нээс хэрэгжиж буй Нийгмийн даатгалын багц хуулиар хуримтлалын тогтолцоонд шилжинэ хэмээн ХНХ-ын сайд Х.Булгантуяа онцолсон юм. Түүнчлэн хууль хэрэгжсэнээр эв санааны зарчимд суурилсан хуваарилалтын тогтолцоонд шилжиж нэрийн дансыг үе шаттай мөнгөжүүлэн, хөрөнгө оруулалт хийх замаар хагас хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлэх аж. Ингэснээр бүрэн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх суурь болох юм байна.

Нийгмийн даатгал нь тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх учиртай. Тиймээс  тэтгэврийн нөөц сан бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ үе шаттайгаар шилжсэн хуримтлалын тогтолцоогоор дамжуулан даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулж тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх нь. Хамгийн гол нь нөөц санд байршуулсан орлогоор даатгуулагчийн саналыг үндэслэн “Хөрөнгө оруулалт” хийх хуулийн зохицуулалтыг бий болгожээ. Тодруулбал, иргэн Амар ипотекийн зээлийн төлбөрт нөөц сангийнхаа орлогоос санхүүжилт хийх боломжийг тухайлсан хуулиар зохицуулах юм байна. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрийн нэрийн дансан дахь мөнгөжүүлсэн орлогыг эрүүл мэнд, боловсрол, ипотект хөрөнгө оруулах замаар зарцуулахдаа тухай бүрт холбогдох хууль, дүрэм, журмын дагуу санхүүжилт хийх эрх үүсэх нь.

Амар хэдийгээр тасралтгүй 15 жил ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэдий ч хууль хэрэгжиж эхэлсэн 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээсээ тэтгэврийн нөөц санд байрших өөрийн нэрийн дансанд тэтгэврийн шимтгэлд төлж буй мөнгөн дүнгийнхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хуримтлуулж эхэлэх юм байна. Тиймээс энэ сараас эхэлж тоологдсон цаг хугацаа 2030 он гэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх түвшинд хүрнэ гэдгийг уулзалтад оролцогчид тайлбарлаж байлаа.

Бүр тодруулбал, нэг сая төгрөгийн цалинтай Амар сар бүр тэтгэврийн даатгалд 85 мянган төгрөг төвлөрүүлдэг. Үүн дээр ажил олгогч мөн 85 мянгыг нэмж төлдөг. Үндсэндээ 170 мянган төгрөгийг тэтгэврийн даатгалд сар бүр төлөхдөө үүнээс хоёр хувь буюу 3400 төгрөгийг өөрийн нэрийн дансанд хуримтлуулах нь.

Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтээр тэтгэврийн нөөц санд байршуулах даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлого энэ сараас төвлөрч эхлэх нь ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)