Баатарын НЯМСҮРЭН
“Чингис хаан” музейн үзэсгэлэнгийн танхимд Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Энхбатын “Монголын шуудангийн түүх” үзэсгэлэн болон “Хилэн эх” хэмээх луу жилийн шуудангийн маркийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн танхимаар зочлох үед уригдаж ирсэн зочид, марк, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн хөл ихтэй угтав. Удалгүй уртын дууны ая эгшгээр нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.
“Луу жил” сэдэвт марк хөшгөө нээв
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хоёр нэрийн маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олжээ. Үүнийг хос мөнгөн луунаас сэдэвлэсэн ба луу нь язгууртнуудын бэлгэ тэмдэг билээ. Тиймээс зэрэг зиндааг илэрхийлдэг. Лууны бүтэн дүрс нь Азийн анхны олдвор юм. Маркийн фон хэсэгт тухайн жилийн махбодыг дүрслэн, купонтой ба хуудсандаа таван багц марктайгаар хэвлэсэн байна. Айлчлан ирж буй луу жил эрүүл чийрэг, хүч тэнхээ, үнэнч, цайлган сэтгэлийг илэрхийлнэ. Тус маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, Ж.Гончигсүрэн, зурхай судлаач С.Даваабаяр, археологич, түүхч Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвөлгөө өгч, холбогдох зураг, материалаар хангасан гэнэ. Тэгвэл маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг ажиллажээ. Ингээд маркыг дэлхий дахинд түгээх үнэт цаас болгох ёслолд Марк үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, "Чингис хаан" музейн захирал С.Чулуун нар оролцож гарын үсэг зурж баталгаажуулав.
“Монголын шуудангийн түүх” үзэсгэлэн нь дөрвөн хэсгээс бүрджээ
Монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн морин өртөө шуудангаас бие даасан шуудангийн системд шилжсэн түүхийн ховор баримтыг “Монголын шуудангийн түүх” үзэсгэлэнгээс харж болно. Тус үзэсгэлэн нь үндсэн дөрвөн хэсэгтэй. Эхний хэсэг нь Монголын морин “Өртөө” шуудангийн систем. Хоёрдугаар хэсэгт Ар Монгол дахь Хаант Оросын шуудангийн салбарууд. Дараагийн хэсэгт Ар Монгол дахь Хятадын шуудангийн салбарууд багтсан бол сүүлийн хэсэгт БНМАУ-ын шуудангийн түүх. Мөн есөн дэд хэсэг хамаарна. Үүнд “БНМАУ”-ын анхны шуудангийн салбаруудын дөрвөлжин дардасууд”, “Шуудангийн салбаруудын анхны бөөрөнхий төрлийн дардасууд”, “Монголын анхны ил захидлууд”, “Анхны агаарын шуудан, агаарын шуудангийн зам”, “Монгол Улсын анхны шуудангийн маркны төрөл ба шуудангийн төлбөр”, “Зөвлөлт Орос улстай шуудангийн хамтын ажиллагаа”, “Хаант Оросын шуудангийн “Хүрээ/Ur-ga” 7B төрлийн дардасыг Улаанбаатар хотын шууданд ашиглаж байсан нь”, “Зөвлөлт Орос улсаар дамжсан Монгол Хятад руу хүргэгдсэн шуудангийн Хятад дахь нэмэлт төлбөр үнэ” зэрэг нэн ховор баримт материалуудыг багтаасан байлаа.
Орчин үед маркийн технологи сайжирсан, олон төрлөөр хэвлэгдэж буйг Ч.Энхбат онцолж байв. Хэдэн жилийн өмнө маркийг зөвхөн захиан дээр наадаг байсан бол өдгөө бэлэг дурсгал, мэндчилгээний зориулалтаар ашигласаар. Монгол Улс шуудангийн марктай болсны түүхт 100 жил энэ онд тохиож буй. Түүхэн ойгоо угтаж хоёр дахь үзэсгэлэнгээ толилуулж байгаа нь энэ юм. Тус үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)