Базарбямбын НЯМСҮРЭН

 

Монгол Улс 126 гишүүнтэй, парламентын шинэ танхим бүрдүүлэх анхны түүхэн сонгуулийг явуулах онцгой жил эхэлж буй. Тэгвэл энэ жил санал хураалтын хуудсанд дарагдах улс ганц манайх биш. Сонирхолтой нь дэлхий нийтээр 50 гаруй улс оронд энэ жил ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуулиуд болох юм. Тэдний олонх нь ардчилсан зарчмаар төр засгийн удирдлагуудаа сонгоно. Ардчиллын индексийн зурагт мэдээллээс үзэхэд, дэлхий дээр ардчилсан тогтолцоотой 167 улс орон бий. Хэдий дийлэнх нь энэ замналтай ч заримдаа дэлхий нийт ер нь ардчилсан замаар явах нь зөв үү гэдэгт үе үеийн нийгэм судлаачид санал зөрөлдөн мэтгэлцдэг.

“Нээлттэй нийгэм” олон улсын сангаас дэлхийн 30 гаруй орны 36 мянган сонгогчдын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь ардчилсан нийгэмд амьдрах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, судалгааны дүнгээс харахад “Ардчилал төгс биш, гэвч энэ бол одоогоор хүн төрөлхтний олж авсан хамгийн зөв зам юм” гэдэг үгийг баталж байх шиг. Ингээд энэ онд дэлхий нийтээр чих тавин чагнаархах зарим улс орны сонгуулийн талаар "Аль Жазера" хэрхэн тоймлосныг хүргэе.

 

Бангладеш

Энэ жилийн сонгуулийн салхийг Бангладеш улс хагалж, Ерөнхий сайдын суудалд хэн суухыг тодруулах эхний санал хураалтын дүн гараад удаагүй байна. Урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхий сайд Шейх Хасина дахин сонгогдож, тав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлэх нь тодорхой болоод байгаа. “Avami League” улс төрийн хүчинд харьяалагддаг Шейх Хасина 2009 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа юм. Гэвч тус улсын гол сөрөг хүчин болох Бангладешийн үндсэрхэг нам сонгуулийн дүнд засгийн газар хөндлөнгөөс оролцсон гэж үзэн эсэргүүцээд байна. Энэ талаар АНУ-ын Иллинойсийн их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн тэргүүн Али Риаз “Бангладешийн 2024 оны сонгууль тус улсын түүхэнд үлдэх хамгийн онцгой сонгууль болж магадгүй. Тэд нэг намын удирдлага доор, ардчиллаас ухрах эсэхээ шийдэх уулзвар дээр зогсож байна" хэмээн дүгнэжээ.

 

АНУ

Ирэх арваннэгдүгээр сарын 5-ны өдөр америкчууд төрийн тэргүүнээ дахин сонгоно. Мөн Төлөөлөгчдийн танхимын бүх суудал, парламентын дээд танхим Сенатын гуравны нэгийг шинэчлэх сонгуулиуд болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас одоогийн ерөнхийлөгч Жо.Байден өрсөлдөх нь тодорхой байгаа. Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд гурван нэр дэвшигч нам дотроо өрсөлдөж байна. Одоогоор Дональд Трамп өрсөлдөгч Рон ДеСантис, Никки Хейли нараас илүү өндөр рейтингтэй байгаа. Хэрэв тэр намаасаа гарч чадвал Жо.Байдентэй өрсөлдөх бөгөөд 2020 оны сонгуулийн дүр зураг эргэн ирж, Трамп “даагаа нэхэх” боломжтой болох юм.

Сүүлийн жилүүдэд Доналд Трамп гэмт хэрэгт сэжиглэгдсэн, яллагдсан зэрэг асуудлууд бүрэн нэг тийш болоогүй хэвээр байгаа ч түүний нэр хүнд бүгд найрамдахчуудын дунд тогтвортой хэвээр байна.

 

Европын холбоо

Европын Холбооны иргэд таван жил тутамд Европын Парламентад суух төлөөллөө сонгодог. Зургадугаар сарын 6-9-ний хооронд явагдах энэхүү сонгуулийн үр дүнд Европын холбооны парламентад нийт 720 гишүүнийг сонгох учиртай. Энэхүү сонгууль 27 гишүүн орныг бүгдийг хамрах бөгөөд сонгуулийг өөр өөр өдрүүдэд болохоор улс орнуудад хуваарилдаг. Тухайлбал, Нидерланд улс пүрэв гарагт, Франц улс ням гарагт сонгууль явуулна.

Үндэстэн дамнасан цор ганц  чуулган болох Европын парламентын гишүүдээс Европын комиссын даргыг сонгодог журамтай. Сонирхуулахад, Европын холбооны одоогийн ерөнхийлөгч Урсула Лейен нь анхны эмэгтэй удирдагч билээ.

 

Энэтхэг

2014 оноос хойш төрийн эрх барьж буй Энэтхэгийн 14 дэх Ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа сонгогдох эсэх түүхэн сонгуулийн өмнө ирээд байна. Түүний удирддаг эрх баригч намын хамгийн том сөрөг хүчин бол Энэтхэгийн Үндэсний хөгжлийн нэгдсэн холбоо буюу “ЭНЭТХЭГ” хэмээх 28 намын нэгдэл юм. Харин “ЭНЭТХЭГ”-ийн гол хүч Рахул Гандигийн тэргүүлдэг Энэтхэгийн Үндэсний Конгресс нам юм. Дашрамд дурдахад, Рахул Ганди нь удам дамжсан улстөрч гэр бүлээс гаралтай. Түүний аав нь Ражив Ганди, эмээ Индира Ганди, элэнц өвөө Жавахарлал Неру нар нь тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

 

Тайвань

Тайвань дараагийн дөрвөн жилд хэнээр удирдуулахаа шийдэх түүхэн сонголтын өмнө ирээд байна. Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх ням гарагт болох юм. Одоогийн ерөнхийлөгч Цай Ин Вэн нь 2016 онд Тусгаар тогтнолын төлөөх Ардчилсан дэвшлийн намаас нэр дэвшин ялалт байгуулж байсан. Харин одоогийн ерөнхийлөгчийн сонгуульд Цайгаас ч илүү тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэгддэг Лай Чинг-тэ, Гоминданы удирдагч Хоу Ю-И, Тайванийн Ардын намаас Тайбэй хотын дарга асан Ко Вэнь-же нарын гурван нэр дэвшигч өрсөлдөж байна.

 

Мексик

Мексик улсын түүхэн дэх хамгийн том сонгууль ирэх зургадугаар сарын 2-нд болох нь. 129 сая орчим хүн амтай, 96 сая сонгогчтой тус улсад 32 мужид анх удаа сонгууль зэрэг явагдах болсноороо онцлог. Мөн ерөнхийлөгчийн сонгуулиас гадна конгресс, орон нутгийн засаг захиргаа зэрэг 20 гаруй мянган сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид хэдий нь тодорхой болжээ.

 

Индонез

Мөн хоёрдугаар сард Индонезчууд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, дүүрэг, муж, үндэсний парламентын 20 мянга шахам төлөөлөгчөө сонгох дэлхийн хамгийн том сонгуульд саналаа өгнө. Ийм том хэмжээний сонгуулийг ганцхан өдөрт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Индонез 1998 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш чөлөөт, ардчилсан зарчмаар сонгууль явуулж эхэлсэн. Гэвч хуучин засаглалын үеийн дарангуйллын тогтолцоо далд хэлбэрээр оршсоор байна гэж шүүмжлэгчид олон бий. Тус улсын ерөнхийлөгч, Жоко "Жокови" Видодо 2014 онд ард түмний санал хураалтаар түүхэн ялалт байгуулж байсан. Тэрбээр хуульд заасны дагуу хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан тул шинэ залгамжлагч энэ сонгуулиар тодрох учиртай. Тус улсын төрийн тэргүүний сонгуульд Прабово Субианто, Ганжар Праново, Аниес Басведан нарын гурван нэр дэвшигч өрсөлдөж байна.

 

Өмнөд Африк

Өмнөд Африкийн үндэсний хэмжээний долоо дахь удаагийн сонгууль ирэх тавдугаар сараас эхэлнэ. 1994 онд хуучин дэглэмээ халснаас хойш шинэ 30 жилтэйгээ золгож буй тус улсын хувьд 1994 оноос хойш Африкийн үндэсний конгресс (АНК) төрийн эрхийг тасралтгүй барьж байгаа. Гэвч энэ жилийн тухайд, намын рейтинг сонгуульд ялалт байгуулахад шаардагдах 50 хувийн босгод хүрэхгүй байх вий гэж эмээж байна. 2023 оны аравдугаар сард Нийгмийн судалгааны сангаас явуулсан санал асуулгаар Ерөнхийлөгч Сирил Рамафоса тэргүүтэй эрх баригч намыг дэмжигчид 45 хувь болж буурсан байжээ.

Эрх баригчдын нэр хүнд унаж байгаагийн хамгийн гол шалтгаан нь албан тушаалтнуудтай холбоотой авлигын дуулианууд аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)