Т.САЙХАН

АН-ын бүлэг өнөөдөр /01.08/ хуралдаанаараа  ногоон автобусны худалдан авалтын талаар ярилцжээ. Тус намаас ногоон автобустай холбоотой түр хороо байгуулах саналаа хүргүүлээд байгаа юм. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт завсарлах гэж байгаа бөгөөд түүнээс урьтаж, ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, шийдвэрлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө. Хуульд зааснаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын 19 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу дараалал харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, Хяналт шалгалтын түр хороо байгуулна гэж заасан байдаг" гэлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ногоон автобусны худалдан авалтыг судлах хяналт шалгалтын түр хороо байгуулах санаачлагыг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргаж, нийт 25 гишүүн дэмжин, гарын үсэг зурж, энэхүү хүсэлтээ УИХ-д 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьжээ. Тодруулж хэлбэл, түр хороо байгуулах саналыг УИХ-д гаргаад 50 гаруй хоног өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл эл асуудлаар шийдвэр гаргалгүй, УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах болж буй аж.

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа. Зөвхөн 2022 онд гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нууцаар хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn