Н.Жаргалмаа
Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар орчин үеийн хэв маягт хувирган шинэчилж дуулсан нь буриад зон олны дургүйцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулаад буйтай холбогдуулан Буриад зон олны төлөөлөл, "Дагшин тэнгэр" төвийн тэргүүн Ц.Отгонсүрэн мэдээллэл хийлээ.
Тэрбээр, "Буриад зон олон бол туулсан түүхтэй дурсах, дурдатгалтай ард түмэн. Бидний туулж өнгөрүүлсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга бол мартаж үл болох түүх юм. Бидний ард түмэн хонь гаргах эр хүнгүй болтлоо хэлмэгдүүлэлтийн хорыг амссан билээ.
Энэхүү түүхээ өөрсдийн дуу эгшигтээ мөнхөлд үр хойч маань санан дурсаж яваасай хэмээн "Хадын оройгоор" хэмээх ардын дууг бүтээсэн. Гэвч сүүлийн үеийн залуучууд шинэчлэх нэрийн дор түүний цаана агуулагдах түүх, утга санааг өөрчилж буй нь олны шүүмжлэлийг дагуулжээ гэж харлаа. Дууг шинэчиллээ гээд цаад утга агуулгыг алдагдуулах ёсгүй. Буриад зон олны олон сайхан дуу бий. Хатаришаас эхлээд халх Монголын залуу уран бүтээлчид олны хүртээл болгосон сайн түүх бий. Тэр гээд нэрийг нь дурьдахаас илүүтэй цаашид энэ талаар анхаарч буриад түмэн бид өөрсдийн дуу таниулан сурталчлаж, зөв утгыг гаргаж байх хэрэгтэй хэмээн үзэж энэ сарын 22-23 нь буриад дуун цэнгүүн зохион байгуулна. Үүндээ тэдгээр залуу уран бүтээлчидийг албан ёсоор урих болно" хэмээн хэллээ.