Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Тайзан дээр үлгэр амилна. Бяцхан хуруу, таягт хүүхэлдэйнүүд хүүхэд багачуудыг шидэт ертөнцөөр аялуулах нь гайхалтай. Тайзан дээр зоригт Аладин, түүний шидэт хивс, хүсэл биелүүлэгч бирд, хаан гээд хэдийнэ багачуудын танил болсон хүүхэлдэйн ертөнцийн баатрууд гарч ирэхэд театрт цугласан бяцхан бурхад тэдэнтэй хамт баярлан хөөрч, зарим үед нь гомдоллож, сайн талын баатрын өмнөөс шаналж, муу дүрийн баатарт чин сэтгэлээсээ уурлах нь хүртэл өхөөрдөм юм. Хүүхэд насны гэгээн дурсамж, яг л бодит мэт үлгэрийн ертөнцөөр дураараа аялах, хэн нэгнийг хайрлах өр нинжин сэтгэлийг бид хүүхэд байхдаа Хүүхэлдэйн театрын уран бүтээлээс л олж авдаг ажээ. Харин театр дүүрэн хүүхдийн инээд, цагаан энергиэр хөглөгдөж, бяцхан үзэгчид шигээ яг л хүүхэд болчихсон уран бүтээлч тэнд олон байх. Тэднээс хоолойны өнгө нь хүртэл хүүхэд шиг сэргэлэн цовоо, хөдөлгөөн бүр нь хурдан шалмаг, хамт олныхоо бахархал болоод төр засгийн хайр хүндлэлийг хүртсэн нэгэн эрхмийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Тэр хүн бол тус театрын отгон гавьяат, хүүхэлдэйн жүжигчин Х.Батжаргал билээ.
МУБИС-д жүжигчин мэргэжлээр суралцаж, гуравдугаар дамжааны оюутан байх үеэсээ Хүүхэлдэйн театрт ажиллах болсон тэрбээр хэдийнэ амьдралынхаа 40 намар, 40 өвлийг хүүхэд багачуудтай хамт үджээ.
Ардын авьяастан, урансайханч гэр бүл
Шинэхэн гавьяаттай уулзахаар Хүүхэлдэйн театрт очиход хэдийгээр энэ өдөр үзвэр байхгүй ч жүжигчид бэлтгэлээ хийж, уран бүтээлийн их ажил өрнөж байв. Тааралдсан хүн бүр шинэхэн гавьяатдаа баяр хүргэж, хүндлэл үзүүлэх нь сайхан. Энэ нь ч учиртай ажээ. Учир нь тус театраас 25 жилийн дараа дахин гавьяат төрсөн нь энэ удаагийн нийтлэлийн баатар Х.Батжаргал юм. Тэрбээр хамгийн сүүлд тайзнаа "Алладин-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийн хааны дүрээр үзэгч багачуудтай уулзаад байгаа юм. Түүний хүүхэлдэйн урлагт зориулсан амьдралын хуудсыг хамтдаа нээе.
Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Батжаргал 1963 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Хоролсүрэнгийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 1981 онд аймгийнхаа дунд сургуулийг дүүргэж, 10 жилийн боловсрол эзэмшээд Улсын багшийн их сургуулийн жүжигчний ангид элссэн байна. Жүжигчин гэж ямар мэргэжил байдгийг мэдэхгүй жаахан хүү зүгээр л үеийн найзуудаа дуурайгаад шалгалт өгөөд үзье гэж шийдсэн нь амьдралынх нь анхны зөв жим болж, яг тэр үед гаргасан жимээрээ өнөөдрийг хүртэл амьдарч яваа юм. Х.Батжаргалын гэр бүлийнхэн урлагийн мэдрэмжтэй, ардын авьяастан, урансайханч байдаг гэнэ. Аав нь цагтаа клубын эрхлэгч хийдэг байжээ. Харин ээж нь сайхан дуулна. 1981 оны хавар гуравдугаар сард УБИС-ийн кино драмын ангид элсэлт авахаар Г.Доржсамбуу, Х.Дамдин, нутгийн найруулагч н.Сугар зэрэг мундаг уран бүтээлчид ирсэн гэдэг. Энэ үед тус аймгаас 100 гаруй хүүхэд шалгуулахаар ирсний нэг нь Х.Батжаргал байв. Шүлэг, дуу, этюд, сэтгэн бодох чадвар зэрэг шалгалтыг амжилттай өгснөөр аймгаасаа хоёулахнаа тэнцэж, жүжигчний ангийн хуваарь өвөртөлжээ. Ийнхүү 18 настай хүү кино драмын жүжигчин болно гэсэн том мөрөөдөл тээсээр хотод ирж, монгол түмний сэтгэлд Арслан дүрээрээ мөнхөрсөн, сод хүмүүний шавь болсон түүхтэй.
“Арслан”-ийн анхны шавь
Г.Доржсамбуу багшийн анги 21 оюутантай. Хэдийгээр багш нь харахад том биетэй, сүрдмээр, халдаж боломгүй хүн шиг харагддаг ч, бодит байдал дээр харин ч эсрэгээрээ байсан тухай шавь нь хуучилж байсан юм. Тийм том биетэй мөртлөө яг л дүрсгүй, гэнэн хүүхэд шиг. Хэзээ ч шавь нараа шууд загнаж, хүсэл мөрөөдлийг нь мохоож байгаагүй гэсэн. Үргэлж урам өгч, сайхан үгээр шагнаж, дэмждэг байсан ажээ. Шавь Х.Батжаргал нь одоог хүртэл багшийнхаа “Уран бүтээлч, жүжигчин болъё гэж бодож байгаа бол эхлээд хүн болоорой” гэж захисныг мартдаггүй гэсэн. Зөвхөн жүжигчин байхаас гадна хүн, тэр дундаа эр хүн, эцэг хүн байхыг өөрөөрөө үлгэрлэж, шавь нараа яг л өөрийн хүүхэд, дүү, найз мэт хайрладаг байсан тухай олон сайхан дурсамж хүүрнэж, нулимсаа залгингаа “Дэндүү сайн, ухаантай хүнийг чинь магтах сайн үг олддоггүй юм байна. Багш минь даанч цэл залуугаараа бурхны оронд очсон. Хэрэв өнөөдөр байсан бол Монголын урлагт их олон бүтээл мөнхөлж, шавь бидэндээ ч том нөмөр, түшиг болох байсан даа” хэмээн бодлогоширч суусан билээ.
Ийнхүү он жил улирсаар Х.Батжаргал гуравдугаар дамжааны оюутан болов. Тэр жилээ уран бүтээлийн дадлага хийхээр ангиараа телевизийн бүтээл болох “Намрын халуун өдрүүд” гэсэн теле зохиомжийн натурт гараад байжээ. Гэтэл багшид нь Хүүхэлдэйн театрт уран бүтээл хийх гэтэл хоёр эрэгтэй жүжигчин дутаад байгаа тул оюутнуудаасаа өгөөч гэсэн хүсэлт иржээ. Хүүхэлдэйн театр, хүүхэлдэйн урлаг гэж юу байдгийг мэдэхгүй учир сайн дураараа явах оюутан олдсонгүй. Энэ үед багш нь Х.Батжаргал, н.Баасансүрэн хоёрыг шууд томилов. Киноны жүжигчин болж, дэлгэцээр гарах дэврүүн мөрөөдөлтэй байсан хүү их л дурамжхан явсан гэдэг. Ингээд Хүүхэлдэйн театрт ирэхэд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч А.Чойсан угтаж, “Дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдтэй юу ярихав. Манай жүжиг нээх цаг тулчихсан” гэснээ шууд үг өгөөд, хүүхэлдэй бариулчихсан гэнэ. Тэрхүү анхны жүжиг нь “Илбэчин” хэмээх таягт хүүхэлдэй байжээ. Тус бүтээлд Х.Батжаргал хоёр дүр дээр ажилласан түүхтэй. Нэг нь зүүн гарын түшмэл хэмээх эсрэг дүр. Энэхүү анхны дүрийнхээ тухай тэрбээр “Энэ түшмэл их зальтай. Өөрөө хаанаасаа хулгай хийчихээд ямар ч гэмгүй хүүд хэргээ тохно. Гэвч хааны илбэчин түүнийг илчилдэг” гэж онцолсон юм. Ингэж л тэрбээр анх Хүүхэлдэйн театр, хүүхэлдэйн жүжигчин гэсэн мэргэжилтэй нүүр тулжээ.
Хүүхэлдэй тайзан дээр тоглох биш амилдаг
Кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн Х.Батжаргалын хувьд хүүхэлдэй тоглуулна гэдэг эхний хэдэн жил амаргүй даваа байсан нь мэдээж. Анх тайзан дээр хүүхэлдэйгээ биш өөрөө тоглочих гээд ахмадуудаас зэмлэл хүртдэг байжээ. Чухамдаа хүүхэлдэйн жүжигчин барьж буй хүүхэлдэйтэйгээ харьцаж, түүгээр дамжуулан дүрийн зан төрх, араншин, дотоод ертөнцийг нь гаргах учиртай. Х.Батжаргалыг шинэхэн боловсон хүчин театрт ирэхэд нь Ч.Чимэддорж, Алтаа, Надмидцэрэн, Н.Сэсээр зэрэг тухайн үед Хүүхэлдэйн театрын уран бүтээлийг нуруундаа үүрч явсан авьяаслаг уран бүтээлчид байсан гэдэг. Ахмад үе нь хойч үедээ зааж, сургаж, үргэрлэдэг жишгээр эдгээр жүжигчид өнөөдрийн Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Батжаргалыг бэлтгэж, мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин болгосон ажээ. Өдгөө ч энэ уламжлал үргэлжилсээр байгаа юм. Учир нь Монгол Улсалд яг хүүхэлдэйн жүжигчин бэлтгэдэг сургууль байхгүй. Театрт ирж байгаа жүжигчид бүгд л тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр СУИС болон КУДС-ийг төгссөн байдаг. Тэд театрт ирээд ахмад үе болоод туршлагатай уран бүтээлчдээр хүүхэлдэйн урлагийг заалгаж, хамгийн чухал нь өөрсдөө хүүхэлдэйтэйгээ танилцаж, тасралтгүй бэлтгэл хийснээр энэ эрхэм мэргэжлийн эзэн болдог жамтай. Х.Батжаргалын хувьд ч хүүхэлдэйнээсээ салдаггүй байж. Учир нь багш нар нь үзвэргүй үед, ажил тарсан ч, тайзан дээр бэлтгэл хийхийг зөвлөнө. Мөн хүүхэлдэйгээ гэртээ авчирч, амралтын өдөр ч уйгагүй сургуулилт хийнэ. Үүний хүчинд хүүхэлдэйгээ мэдэрч, хайрлах, түүнтэй харилцах торгон мэдрэмжтэй болсон байна. Х.Батжаргал “Хүүхэлдэйн урлаг чинь биеэ даасан их том ертөнц шүү дээ. Өөртөө их олон онцлогийг агуулдаг. Миний хувьд хүүхэлдэй тайзан дээр тоглох биш амилдаг. Тоглох гэдэг дэндүү үнэ цэнгүй юм шиг санагддаг юм. Үүнийг минй бие энэ 40 жилийн хугацаанд өдөр бүр мэдэрсэн дээ. Одоо ч би залгамж халаа болсон залуу үедээ хэлдэг” гэсэн юм.
Жүжигчнээс ганзагын наймаачин
Жүжигчин Х.Батжаргалын хувьд хүүхэлдэйн бүхий л төрлөөр уран бүтээлээ хүргэсэн туршлагатай уран бүтээлч. Энэхүү урлагийг хуруу, утсан, таягт, сүүдрэн, кварци гэж тав ангилдаг ажээ. Эдгээр үндсэн таван төрлөөс дахин доош салаалдаг онцлогтой юм байна. Х.Батжаргалыг 1985 онд театрт ороход Чехэд хүүхэлдэйн урлагийн зохиолч, найруулагчаар төгсөөд ирсэн А.Чойсан, Б.Алтан-Очир зэрэг гадны оронд боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүд бодлого болоод уран бүтээлийг тодорхойлдог байжээ. Тухайн үед тус театр жилд 2-3 шинэ уран бүтээл хийх, хавар, намартаа 30 хоногоор бригад явна. Амралтын өдөр байнга 3-4 удаагийн давтамжтай тоглолт хүргэдэг байжээ. Харин 1990 онд ардчилал гарч, цаг үе ороо бусгаа болсон тэрхүү шилжилтийн үеийн салхинд мэргэжлийн урлагийн олон байгууллага өртсөний нэг нь Хүүхэлдэйн театр байв. Үзэгч багасаж, уран бүтээлчид нь ажлаа орхиж, ганзагын наймаанд явах нь энүүхэнд. Түүний нэг нь Х.Батжаргал байсан юм. Амьдралын шаардлагаар ажлаасаа зургаан сарын чөлөө аваад наймаанд явж үзсэн байна. Энэ тухайгаа “Би 1993 онд театраасаа түр чөлөө аваад орон нутаг руу наймаа хийхээр зориг шулуудсан юм. Тэр үед хүн бүхэн л ганзагын наймаа хийх моод дэлгэрэд байсан үе л дээ. Үеийнхнийгээ харахад, хөөрхөн хэдэн төгрөг олоод байгаа бололтой. Хүний л амьдрал юм даа. Энэ хүмүүс чадаж байхад би юу гэж дутах вэ гээд том машин хөлслөөд гараад жийчихсэн. Гэвч даваа давах явцдаа хамаг бараагаа алдаад нэг ёсондоо шатсан гэх үү дээ. Ингэж л наймаа бол миний хийх ажил биш юм байна гэдгийг ойлгосон учраас эргээд театртаа ирсэн” гэв. Түүнийг театртаа ирэхэд хүн хүч нэлээд багассан учир жүжигчнээ хийхээс гадна хүүхэлдэйгээ хариуцаж, тайз, гэрэлтүүлэг гээд бүхий л ажлыг хийж, тэртээх хүндхэн он жилүүдэд театртаа, хүүхэлдэйн урлагтаа ийнхүү үнэнч үлдсэн байна.
“Хунгийн домог”ийн Донтор
Жүжигчин Х.Батжаргал өнгөрсөн 40 жилд олон хүүхэлдэй барьж, Монголын хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх, үлгэр, хүүхэлдэйгээр дамжуулан хүнлэг, энэрэнгүй хүн болох анхны суурийг нь тавихад үнэтэй хувь нэмэр оруулж яваа билээ. Харин жүжигчин хүн бүхэнд бусдаас онцолмоор, илүү хайрламаар дүр гэж бий. Түүнээс энэ тухай асуухад 1988 онд тайзны бүтээл болсон “Хунгийн домог” таягт жүжгийн Донторын дүр гэж хариулсан юм. Ийнхүү онцолсны учир нь энэхүү дүр түүнийг жинхэнэ хүүхэлдэйн жүжигчин болгосон ажээ. Эсрэг талын баатар Донтор нь Х.Батжаргалаас жүжигчний хувьд ур чадвар, хүний хувьд тэсвэр тэвчээр шаардаж, мориор зүйрлэвэл шандасыг нь сорьсон байна. Хүүхэлдэйн жүжигт дуу хоолой их чухал. Жүжигчний амнаас гарч буй үг, авиа бүр тухайн хүүхэлдэйнхээ дүр төрх, зан авиртай наалддаг байх учиртай. Хэрэв дуу хоолой нь хүүхэлдэйтэйгээ тохирохгүй бол хоорондоо зөрчилдөөд, дүр болдоггүй зовлонтой юм байна. Харин Х.Батжаргал Донтор хүүхэлдэйн дуу хоолойг олох гэж их удаан эрэл хайгуул, судалгаа хийсэн гэнэ. Ийнхүү хөдөлмөр зүтгэл гаргасныхаа хүчинд тухайн жилийнхээ Хүүхэлдэйн театрын “Шилдэг дүр”-ийн шагналыг авсан түүхтэй. Тайзны жүжиг бол хамтын уран бүтээл. Ялангуяа Хүүхэлдэйн театрын жүжигчин нэг жүжигт 2-3 дүр дээр давхар ажиллах нь бий. Тэдний дуу хоолой, үйлдэл адилхан байх учиргүй. Тиймээс илүү их хөдөлмөр, судалгаа шаарддаг онцлогтой ажээ.
“Театр бүхэн өөрийн үнэртэй”
Х.Батжаргал хүүхэлдэйн төрлүүдээс таягт хүүхэлдэйнд илүү сонирхолтой гэсэн. Энэ төрлийн хүүхэлдэй нь түүний хувьд дүрээ гаргахад илүү дөхөм, тоглох зүйл ихтэй байдаг тухай онцолж байсан юм. Мөн өдгөө мартагдахад хүрээд буй сүүдрэн хүүхэлдэйн бүтээл хийхсэн гэсэн нууцхан хүсэл бий. Ер нь хүүхэлдэйн театр руу ороход нэг л дулаахан, сайхан энерги мэдрэгдэнэ. Үүднээсээ эхлээд яг л жижигхэн вант улсад ороод ирчихсэн юм шиг. Юм бүхэн нь хүүхдэд зориулсан авсаархан. Энд л хүүхүүд үлгэрийн ертөнцөөр аялж, мөрөөдлийн ертөнцөөрөө аялдаг билээ. Энэ тухай Х.Батжаргал “Г.Доржсамбуу багш минь театр бүхэн өөрийн үнэртэй гэж хэлдэг байсан нь үнэн шүү. Драмын театрт ороод гарч ирэхэд нэг үнэр. Өөрийнхөө театрт орж ирэхэд түүнээс тэс өөр үнэртдэг нь сонин. Манайх бол бурхдын театр шүү дээ. Энэ л танихимд 75 жилийн турш хүүхдийн цангинасан инээд тасралтгүй цуурайтаж, цагаан энерги хуримтлагдсан. Энэ оны босгон дээр би Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. Хамгийн сайхан нь тэмдгээ зүүгээд театртаа иртэл үзэгчдийн суудал дүүрэн байсан. Тэдгээр бяцхан үзэгчдид болон уран бүтээлчдийнхээ урдуур алхаад тайзандаа мөргөх үнэхээр сайхан мэдрэмж байлаа” гэсэн юм. Хүүхэд гэдэг өөрөө цагаахан ертөнц. Театрт жүжиг үзэж байхдаа гэнэт тайзан дээр гарч ирэх, тайзны араар орж, жүжигчдийг сандаргах зэрэг олон санаанд оромгүй үйл явдал болно. Тэр бүхэнд уран бүтээлчид үлгэрийн ертөнцийн нууцаа задлалгүй, эвтэйхэн аргалдаг ажээ. Гэхдээ Хүүхэлдэйн театрт хэзээ ч эмгэнэлт жүжиг тоглодоггүй нь сайхан. Үргэлж сайн сайхнаар төгсдөг, гэрэл гэгээтэй жүжиг тоглодог нь үнэ цэнтэй.
Түрээсийн байранд заяаны ханьтай учирчээ
Жүжигчин хүн бүхий л бодол сэтгэлээ уран бүтээлдээ зориулж, үнэнч ажиллах нь ар гэрийн бат бөх амьдралтай салшгүй холбоотой билээ. Өөрийг нь, мэргэжлийг нь ойлгож, хүсэл мөрөөдөлд нь хориг тавьдаггүй ханьтай хүн л энэ салбарт амжилт гаргадаг гэлтэй. Жүжигчин Х.Батжаргал яг л энэхүү шалгуурт нийцсэн гэмээр сайн ханьтай учирсан нь өнөөдрийн гавьяат жүжигчинг бий болгожээ. Тэрбээр гэргий Ц.Эрдэнэчимэгтэйгээ анх 1987 онд танилцсан түүхтэй. Найзынхаа хажуу өрөөг түрээслэн суудаг байхад нь найзынд нь нэгэн хөөрхөн охин ирдэг байсан нь заяаных нь хань байжээ. Тэд хоёр сайхан хүүхдийн ижий аав. Гэргий Ц.Эрдэнэчимэг нь их сургуулийн багш байсан бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтад гарсан гэнэ. Хүүхдүүд нь хэдийгээр урлагаас өөр мэргэжилтэй ч, урлагийн өндөр мэдрэмжтэй гэнэ. Арга ч үгүй биз. Бага нас нь аавыгаа дагаж, Хүүхэлдэйн театрт өнгөрсөн ажээ. Х.Батжаргалаас Хүүхэлдэйн жүжигчин болсноороо ямар үед хамгийн ихээр бахарраж байв хэмээн асуухад “Би 1988 онд Донторын дүрээрээ шагнал хүртэхдээ үгээр хэлэхийн аргагүй баярласан. Учир нь тэр үед би залуу жүжигчин байлаа. Мэдээж надаас илүү олон сайн жүжигчин байсан. Энэ үед хүүхэлдэйн жүжигчин болсноороо хамгийн их бахархаж зогссон юм даа” гэв. Ийм л нэг хүүхэлдэйн урлагт өөрийн бүхий л амьдралаа зориулсан нэгэн эрхэм өдгөө ч өөрийнх нь онцолсноор бурхдын театртаа уран бүтээлээ хүргэж, бяцхан багачуудын цагаахан инээдээс эрч хүч, аз жаргалыг мэдэрсээр явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)