М.АНАР
Энэ оны эхнээс автомашин угаалгын газар болон зарим үйлдвэрүүдэд цэвэр ус ашиглахыг хориглосон. Мэдээж үүнийг “ОК” гэж хүлээж авахгүй байгаа хэдий ч цэвэр усны хомсдол үүсэх нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулна гэдгийг хаа, хаанаа ойлгож буй. Автомашин угаалгын газраас гадна дараа арьс ширний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, их хэмжээгээр ус ашигладаг зочид буудал, бассейн, нийтийн бие засах газар хамрагдана.
“СААРАЛ УС АШИГЛААРАЙ”
Тэгвэл автомашин угаалгын газар бага оврын нэг машин угаахад 50-60 литр ус зарцуулдаг аж. Энэ мэтчилэн угаалгын төрөл болоод машины овор хэмжээнээс хамаарч 100 литр хүртэлх хэмжээгээр цэвэр ус зарцуулдаг тухай машин угаагч “Б” хэлсэн юм. БОАЖЯ-ны харьяа Усны газрын дарга З.Батбаяр “Хүмүүсээс төлбөр мөнгө авч, ашиг олох гэсэн юм биш. Нэгдүгээрт, хэн хаана хэдэн литр усыг ашиглаж байна вэ гэдгийг тодорхойлно. Ашигласан усны хэмжээг нь тогтоосноор гарч байгаа хаягдал усанд хяналт тавьж, тухайн үйл ажиллагааг нь зөвшөөрөх үү гэдгийг шийдвэрлэх юм” хэмээн тайлбарлаж байв.
Ус ашигласны төлбөр төлдөггүй, ус ашиглах зөвшөөрөл буюу дүгнэлт гаргуулахгүйгээр ажилладаг байгууллагууд байдгийг албаныхан учирласан. Тиймээс цэвэр ус хэрэглэх шаардлагагүй зарим үйлдвэр, аж ахуйн нэгжид саарал ус ашиглахыг зөвлөж буй. Учир нь нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсныг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр саарал ус хаанаас авч ашиглах вэ гэдэг асуулт урган гарна. Үүнд албаныхан “Машин угаалгын газрууд хүнсний үйлдвэрийн хаягдал ус болон барилгын шүүрлийн усыг ашиглах бүрэн боломжтой. Ингэснээр автомашин угаалгын газруудын зардал ч багасна. Мөн барилгын шүүрлийн усыг дахин ашиглах нь Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал бууруулж Туул голын бохирдол багасна” гэсэн юм.
ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАДАГ
Олны анхаарлын төвд байгаа автомашин угаалгын газар саарал ус ашиглахад бэлэн үү. "Зууны мэдээ" сонины сэтгүүлч өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зарим автомашин угаалгын газраар орсон юм. “Авто UB5” угааалгын газрын ажилтан /нэрээ хэлэхийг хүсээгүй/ “Манайх цэвэршүүлэх төхөөрөмжөөр усаа цэвэршүүлж хэрэглэдэг. Цэвэр усаа хоёр дахин үнэ төлж авдаг. Эхлээд цэвэр усаар угааж түүнийгээ дахин цэвэршүүлж хэрэглэж байгаа” гэж байлаа. Ямартай ч нэг удаад хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлж хэрэглэх нь бас нэг гарц байж болох. Гэхдээ байнгын саарал усны хэрэгцээ байгаа үед нийлүүлэлтийн сүлжээ чухал.
Автомашин угаалгын газраар үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Б. Билэг “Автомашин угаалгын газрын үйлчилгээ янз бүр л байдаг. Сүүлийн үед саарал усны талаар ярих болсон байна. Хуульчилсан асуудал юм бол саарал усаар угаалгах л байх. Харин угаалгын газрын үйлчилгээний чанар ямар байгаагаас олон зүйл шалтгаална. Зарим нь цэвэр усаар угаадаг байх даа ч халтартуулах нь бий. Хамгийн гол нь цэвэр усны нөөцөд нөлөөлөхгүй байна гэдэг чухал учраас төрийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ” гэж байв. Тэгэхээр саарал ус гэх ойлголт нийгэмд дутмаг байна уу гэж анзаарагдав.
Мөн бидний зорьж очсон “Болор” авто угаалгын газар цэвэршүүлэх байгууламжаас усаа татаж хэрэглэдэг аж. Усны тарифыг хэлэх боломжгүй бизнесийн нууц хэмээсэн ч зарим үед бага зэрэг үнэтэй байдаг тухай тус угаалгын газрын ажилтан хэлсэн юм. Энд үйлчлүүлж байсан Баянзүрх дүүргийн иргэн Ж.Маралгуа “Хэрэглэсэн ундны цэвэр усыг дахин шүүж боловсруулсан, ахуйн зориулалтаар ашиглаж болно. Тийм болохоор би машинаа саарал усаар угаана гэвэл, дуртайяа зөвшөөрнө. Яагаад гэвэл усны хомсдолд орж байгаа улсын хувьд аль болох боломжтой богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэглэж эхлэх хэрэгтэй” гэв. Зарим иргэд саарал ус ашиглахын тулд эхлээд дэд бүтэц, шугам сүлжээгээ хийх санал хэлдэг. Гэтэл нийслэлийн хэмжээнд усыг дахин ашиглах гуравдагч шугам байхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр саарал усны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд хийх ажил. Харин үүнийг ямар хугацаанд хийж хэрэгжүүлэх вэ гэдэг төрийн байгууллагынхнаас хамаарч буй.
СААРАЛ УС АШИГЛАЖ БОЛНО. ГЭХДЭЭ...
Олон улсад саарал усыг өргөнөөр ашигладаг. Ялангуяа Япон улсад том хэмжээний барилга барихад саарал ус ашиглах шаардлага тавьдаг. Мөн саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэрэг хөшүүргийг хэрэгжүүлдэг юм билээ.
Манай улсын урд хөрш 2017 оноос саарал усыг газар тариаланд ашиглаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр олны жишгийг дагаж саарал ус ашиглах нь цаг хугацааны л асуудал. Саарал ус ашиглахад авто машин угаалгын газрууд бэлэн байх нь. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх нь төрийнхний хийх ажил гэдгийг онцлон дуулгая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)