Батчулууны АЛТАНГЭРЭЛ

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг профессорын эрдмийн өв цувралын ээлжит бүтээл болох дэд профессор, доктор Ч.Чойсамбa агсны "Орчин үеийн сэтгүүл зүйн асуудал" бүтээлийн эмхэтгэл номын нээлт боллоо.

 Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Нийслэлийн 23-р сургуулийг, 1995 онд ОУХДС-ийг тус тус дүүргэжээ. Тэрээр 1994-1999 онд “Хар гар”,”Далд ертөнц”, “Хоёулаа”, “Голливуд” зэрэг сониныг эрхлэн гаргаж байсан.

1997-2017 он хүртэл МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд багшилж байв.

Ч.Чойсамба агсан “Монгол сонины мэдээ”, “Сонины хэл, найруулга”, “Сонины мэдээллийн бичлэгийн төрөл”, “Экологийн сэтгүүл зүй”, “Дэлхийн сэтгүүл зүйн түүх”, “Сэтгүүлчийн ёс зүйн алдаа”, “Сонирхолтой сэтгүүл зүй”, “XVIII зууны сэтгүүл зүйн түүх”, “XIX зууны сэтгүүл зүйн түүх”, “Сэтгүүл зүйн тухай яриа”, “Бат Хааны байлдан дагуулал” зэрэг 40 гаруй нэг сэдэвт зохиол, гарын авлага, судалгааны 80 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлэн олны хүртээл болгож, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сэтгүүлчдэд арвин их мэдлэгийг түгээсэн юм.

Мөн тэрээр МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийг 10 жил удирдаж, багш ажилчдын эрх ашгийг хамгаалахад сэтгэл зүрхээ зориулж байв.   

Түүний хөдөлмөр бүтээл, Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр, сод авьяасыг үнэлэн МУИС-ийн 2000 оны тэргүүний залуу багш, 2003 онд Монгол Улсын шилдэг залуу эрдэмтэн, “Сод мэргэн” өргөмжлөл, ШУА-ийн Алтан медаль, МСНЭ-ийн уран бүтээлийн дээд шагнал болох Ж.Цэвээний болон МСНЭ-ийн нэрэмжит шагнал, Хэвлэл мэдээллийн болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртээсэн юм.

“Эр хоёр загал” хэмээн шоолдог байлаа

 

Түүний дотны найз, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ “Хачин их хөдөлмөрч хүн. Ямар сайндаа “Чи жилд хоёр, гурван ном гаргана гээд социалист уралдаанд үүрэг авсан мэт байх юм” гэж хэлж байлаа. Манай Чой голдуу сэтгүүл зүйн хэл найруулгын талын ном бичсэн. Үг найруулгад онцгой, чин сэтгэлээсээ уусдаг, бачимддаг байсан. Улс төрөөс хол ч нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж байж ээ. Жендэрийн тухай их судалгаа, шүүмж хийдэг байсан. Улстөрч эмэгтэйчүүдийн талаар илтгэл тавиад тухайн цаг үед нэлээдгүй шүүмж хүртэж байв. Жендэрийн асуудлыг хөндсөн нь анхдагч болж байлаа. Энэхүү бүтээлийн эмхэтгэлд олон өгүүлэл, бүтээлүүд нь багтсан. Залуу шинэ судлаачдад арга зүйн жишиг болно хэмээн итгэж байна. Ч.Чойсамба бол маш чамбай бичдэг, редактор байсан. Өнөөдөр судлаачдад эрдэм шинжилгээний хэл найруулгын асуудал дутагдаж буй. Үүнд жишиг болсон бүтээл юм.

44 наслахдаа 44 их, бага орчуулгын, өөрийн, хамтарсан ном бичсэн. Өнөөдөр бид 45 дахь номыг нь өлгийдөн авч байна.

Дөнгөж багш болоод Залуучуудын эвлэлийн  “Залуу үеийг халамжлан, хүмүүжүүлэгч” хэмээх медаль авч байв. Бид чи чинь гучин нас хүрээгүй атал яахлаараа ийм шагнал авдаг билээ хэмээн шоолонгуй хандаж билээ. Бурхан болсны дараагаар  олон төгсөгч, найзуудаас нь сонсоход их тусархуу, олон оюутныг сониндоо нийтлэл бичүүлэн шагналын мөнгө олгож, оюутнууд энэ мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлдөг байсан хэмээн ярьдаг. Бичдэг сэтгүүл зүйд Чойсамбын хэлсэн үг үнэхээр оройд нь ордог. Хэлсэн үг нь амьдралд их тус болдог тухай төгсөгчдөөсөө сонсоход  таатай байдаг. Хүмүүс биднийг “Эр хоёр загал” шиг хэмээн шоолдог байлаа. Тэрбээр ном унших, ном бичих, ном цуглуулах дуртай номын хүн байв.  Би энэхүү номын редактор. Номоо шүүгээд үзэж байтал нэг том алдаа гаргасан байна. Гэхдээ энэ нь алдаа ч юм уу, олз ч юм уу. Учир нь номын ард буй намтар дээр нь 1997 оноос хойш багшилж байгаа хэмээсэн. Үүнийг бодоход нээрээ л багшилж байгаа юу гэвэл багшилж байгаа. Яагаад гэвэл судлаачид, оюутнууд номыг нь уншиж, судалж байгаа учир багшилж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр Чойсамбын шавь нар их сургуулийн багш болж үзэл санаа, онол, ном, арга барилыг нь үргэлжлүүлж байна” гэв.

Энэ үеэр Ч.Чойсамба агсны дүү Ч.Уянга “Миний ах эрдэмтэй, боловсролтой, хүнлэг,тусч, сайхан сэтгэлтэй, их мундаг хүн байсан. Ахаараа бахархдаг. Өөрийнх номын өрөө гэж бий. Үүнийг одоог хүртэл хэвээр нь хадгалж байдаг. Сэтгүүл зүйтэй холбоотой номуудыг нь их сургуульд нь хандивласан” хэмээв.

 

Чойсамба багшийн үлдээсэн бүтээлүүд нь бидэнд үр өгөөжөө өгсөөр байна

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль “Миний шавь, хамтран зүтгэгч доктор Чойсамбын номыг хэвлэн гаргаж буй МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар болон санаачлага гарган энэхүү ажлын ард гарсан Б.Болд-Эрдэнэ багшид гүн талархал илэрхийлье. 1990-ээд оны дунд үед манай тэнхим багшлах боловсон хүчний хомсдолд орж байлаа. Тэр үед гурван хүн ажилд авахад нэг нь архи уугаад, нэг нь ажлаа хийж чадахгүй, нэг нь хэнд ч хэлэхгүй өөр газар ажилд орсон байдаг. Ийнхүү Л.Норовсүрэн багш бид хоёр л үлдлээ. 1995 онд Б.Болд-Эрдэнэ багшийг тэнхимдээ авсан. Хоёр жилийн дараа тэнхимд Ч.Чойсамба багшийг авч ажиллуулж байлаа. Тухайн үед Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар чи яаж ийм мундаг хоёр залуу багш олж чадав аа, бид багш олж чадахгүй юм хэмээн ярьдаг байсан. Ийнхүү Б.Болд-Эрдэнэ багш маань өнөөдрийг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байгаа бол Чойсамба багш маань хэдийгээр бурхан болсон ч үлдээсэн бүтээл нь бидэнд үр өгөөжөө өгсөөр байна.

Чойсамба багшид гурван онцгой чанар байдаг. Маш нямбай, аливаа юмыг хариуцлагатай хийдэг, нэг юм хийнэ гэсэн бол заавал дуусгаж байж санаагаа амраадаг. Том роман, түүхийн номыг ганц сарын дотор орчуулж дуусгадаг хичээнгүй зантай, хөдөлмөрч хүн байлаа. Би өөрийгөө гайгүй орос хэлтэй хүн гэж боддог. Гэтэл Чойсамба багштай харьцуулахад хаана нь ч хүрдэггүй. Түүхийн номуудыг уншиж судалж, өөрийн болгож, судалгааны ажилдаа ашиглаж чаддаг. Эдгээр чанар нь гайхалтай. 44 наслахдаа 44 ном бичиж үлдээсэн байдаг. Эдгээр нь тоондоо бус чанартаа бий. Үүнд, Сэтгүүл зүйн ёс зүй, экологийн чиглэл, хэл найруулгын чиглэлээр олон сайн бүтээлүүд туурвиж үлдээсэн байдаг” хэмээн дурсаж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)