Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн баялаг, хөгжиж байгаа зах зээл гэдгээрээ өнөөдөр бид олон улсын хөрөнгө оруулагч нарын анхаарал татсан боломжийн эдийн засгийн бүс юм. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт дотоодын хэвлэл мэдээлэл, тодорхой улстөрчдийн өдөөн хатгалгаар маш эрсдэлтэй явж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт нь шууд болон шууд бус гэдгийг ч бүрэн тооцсон таниулсан мэдээлэл байдаггүй. Мөн байгалийн баялагт тулгуурласан үндсэрсэг популизмын уршгаар бид гадаадын хөрөнгө оруулалтаа тогтвортой барьж чадахгүй байна. Одоо энэ байдлаа засах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг тагнуулын болон аюулгүй байдлын шалтгаанаар үгүйсгэдэг байж болохгүй. Эдийн засгийн, аюулгүй байдлын судалгааг мэдээж хийсэн байх шаардлагатай. Тэгэхээр олон нийтийн дундах хөрөнгө оруулагчдын талаарх мэдээллийг яаж зөв болгох, нэгдсэн мэдээллээр хангах ямар бодлого барьж байна вэ. Хөрөнгө оруулагч нарт тулгарсан маргааныг хэрхэн шийдэхээр тооцох вэ. Оюутолгойн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан байна. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн солонгоруулах вэ?
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Монгол Улс бол ардчилсан улс. Тийм учраас хүмүүс өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Гадны хөрөнгө оруулалт огт хэрэггүй гэж үздэг хүмүүс бий. Зөвхөн хятадаас авахгүй гэж үздэг хүмүүс бий. Зөвхөн гуравдагч орноос авна ч гэсэн байна. Гэхдээ бидний хувьд хөрөнгө оруулагч нарыг ялгаж, ялгаварлахгүй. Мөн тэднийг гутаан доромжлох асуудал байж болохгүй. Тэгэхээр Ц.Мөнхцэцэг гишүүнтэй зарчмын хувьд санал нэгдэж байна. Энэ танхимд байгаа хүмүүс ч ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй шүү.
Эх сурвалж:www.polit.mn