-Залуу фермер Б.Батсанаа-

 

“Төв аймгийн Борнуур сумын Хуримтын саалийн бригадад өвөө минь тоо бүртгэгч хийдэг байсан юм билээ. Тухайн үед ээж өвөөг дагаж малын тоо бүртгэл хийж, мал аж ахуйн дөр суусан гэж  ярьдаг. Миний ээжийг Л.Оюунбилэг гэдэг. Ээж маань Алтанбулагийн техникумыг сүүний техник технологич мэргэжлээр 1980 онд төгсөж ирээд “Найман зуугийн саалийн механикжсан ферм”-д лаборантаас ажлын гараагаа эхэлсэн. Ингээд өвөө гавьяаны амралтанд гарч ээж  энэ бригадад өвөөгийн хийж байсан ажлыг үргэлжлүүлэн тоо бүртгэгчээр залгамжлан ажиллах болсон. Төд удалгүй нийгэм даяар зах зээлд шилжиж, бусдын л адил аав ээж хоёр маань Улаанбаатар хотыг зорьсон. Тийм ч болохоор миний бага нас тэнд өнгөрч багаасаа өвөө эмээ дээрээ ирж, төрөлх нутаг Борнуур сумандаа малын араас л гүйж  өссөн дөө.  Тэгээд л би одоо удам дамжин ээжээсээ туршлага хуримтлуулан эрчимжсэн мал аж ахуйгаар дагнан ажиллаж байна” гэж ярих энэ залууг Б.Батсанаа гэдэг. 
Жавар тачигнасан өвөл өглөө болгон эртлэн босохдоо шантрах, залуу хүн байж эрдмийн мөр хөөгөөд явчихмаар санагддаг үе багагүй гэнэ. Нөмөр нөөлөгт нь гурван арваныг элээсэн энэ л гэр, сайхан ээж, эрхгүй дуртай хөөцөлдөж өссөн малынхаа ашиг шимийг арвин болж нэмэгдэхийг хараад даарахаа ч больдог гэж инээмсэглээд манай сурвалжлах багийг очиход мал ахуйнхаа их ажлыг хийж дуусаагүй л байлаа.   
Ингээд удам дамжсан залуу фермер Б.Батсанааг энэ удаагийн ярилцлагын зочноор урьсан юм. 

 

-Хэдэн наснаас эхлэн эрчимжсэн мал аж ахуйг эрхэлж фермер болохоор шийдсэн бэ?
-Би бага наснаасаа л ер нь энэ нутагт эрчимжсэн мал аж ахуйтай их ойр өссөн. Яг өөрөө бие дааж эрчимжсэн мал аж ахуй эрхэлье гээд зорьж 2008 онд тусдаа гарсан даа. Түүнээс хойш 15 жил болж байна. Өөрөөр хэлбэл, өдий хүртэлх насныхаа яг талд нь мал аж ахуй, фермерийн ажил эрхэлсэн байна шүү. Энэ 15 жилд миний хажууд нөмөр нөөлөг болж монгол малч ухаанаа өвлүүлсэн ээжийн минь хөдөлмөр зүтгэл их бий.


-Үеийн залуус тань хот руу нүүж, нийслэлд ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна. Хөдөөд дурлах шалтгаан тань юу вэ?
-Нийслэл хотын хүн ам улам бүр өнөр болж, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага улам нэмэгдсээр байна. Тэгэхээр би тэндхийн хэрэглээг өсгөж байгаа хүмүүсийн нэг болох уу, аль эсвэл эрэлт их байхад дуртай ажлаа хийнгээ санхүүгээ нэмэгдүүлэх үү гэсэн бодлоос эхэлсэн дээ. Би мал маллах дуртай. Харин одоо малын үүлдэр угсаагаа сайжруулаад тоон дээр бус чанарт анхаарч чадах юм бол хөдөөд сайхан амьдрал байна гэж бодож байна. Тэгээд л өвөө эмээгийнхээ өсгөн үржүүлж байсан симменталь үүлдрийн үхрийн үр төл дээр, өөрөө  сүүний чиглэлийн хэдэн үхрээ  аваад л гарч байсан. Эрчимжсэн мал аж ахуй ашиг өндөр ч, ажиллагаа ихтэй болохоор өнгөрсөн хугацаанд мэдэхгүй зүйл их байсан. Энэ бүгд дээр манай ээж надад их зүйлийг зааж сургаж ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд саалийн үхрийн тоогоо багасгаж чанартай мал авахаар судалж, малаа чанаржуулж эхлээд байна. Одоо симменталь үүлдрийн 50 гаруй үхэртэй. Яг саалийн 25-30 үхэртэй байна. Өвөлдөө 30-40 литр сүү, зундаа 100-аас дээш литр сүүг бэлтгэн нийлүүлж байна. 


-Нэг хэсэг сүүгээ гар дээрээс худалдан борлуулдаг байсан. Харин одоо  компанид бэлтгэн нийлүүлэхийн үр шим, давуу тал хэр байдаг вэ?
-Би анх 2008 онд анх мал дээр гарч ирсэн цагаасаа л эхэлж Сүү ХК-д сүүгээ өгч эхэлсэн. Манай өвөө эмээ, ээж гээд үе удмаараа Хуримтын саалийн бригад байх үеэс л сүүний үйлдвэртэй хамтран ажиллаж байсан гэж ярьдаг болохоор улсынхаа ууган үйлдвэрт итгэдэг дээ. Сүүний үйлдвэр бидний сүүг аваад мөнгөө өгөөд орхих биш, хивэг тэжээл үйлдвэрийн үнээр авчирч өгөх, малчдын үзлэг оношлогоо үнэ төлбөргүй зохион байгуулах гээд бидний төлөө олон сайхан ажил зохион байгуулдаг. Малчид бид өөрсдийгөө сүүний үйлдвэрийнхээ хамт олны нэг л гэж боддог доо. 


-Сүүний үхрийн тоогоо чанаржуулах, үүлдэр угсаар нь сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ. Мөн асуудал бэрхшээл тулгарч байна уу?
-Одоогийн байдлаар энэ чиглэлээр малаа нэмэгдүүлэхдээ үүлдэр угсаагаа өөрчилж монбилиард үүлдрийн үхэр авах, гаршуулж, үр шимийг нь хүртэх  зорилго тавиад байгаа. Гэхдээ эргээд энэ бүхнийг хийхэд, үр шимийг нь хүртэхэд мэдээж хөрөнгө мөнгөний хэрэг их бий. Бид нарт малын А данс үндэслэн малчны зээл олгохоос өөр төрлийн дэмжлэг тааруу, зээл тэр бүр олдохгүй хэцүү байдаг. Тийм болохоор зээл олголтоо нэмэгдүүлж болдоггүй юм бол ядаж залуу малчдаа дэмжсэн мал аж ахуй, хээлтүүлгийн чиглэлийн сургалтыг сум орон нутагт нь зохион байгуулж өгөөсэй гэж боддог. 
Гэхдээ огт сургалт байхгүй гэж хэлж болохгүй  л дээ. Улаанбаатар хот руу хүн бүл цөөн  бид сургалтанд хамрагдах гээд явах хэцүү. Энэ жил манайх бүл нэмж байгаа. Хавар шинэ хүнээ хүлээж авахаар сэтгэл догдлон байна.  Ингээд бодохоор бидэн шиг хүн бүл цөөтэй хүмүүс хот руу сурахаар явах хэцүү байдаг юм. Тиймээс аль болох сум орон нутагт нь  сургалт орвол залуу мал аж ахуй эрхлэгч бид нарт илүү тус дөхөм болох юм шиг санагддаг. Сайн сураад холбогдох төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж бодоод байгаа. Тэгвэл зөвхөн зээл тусламж хараад суухгүй шүү дээ.


-Сая таны хэлсэн бүхэн төр засаг буюу гаднаас дэмжих ажил хийгдэх талаар ярих шиг боллоо. Өөрийн зүгээс юу хийж байна вэ? 
-Малчид бидэнд малынхаа төлөө хийхгүй ажил, хөдөлмөрлөхгүй цаг хугацаа гэж үгүй. Өнөөдөр л гэхэд та бүгдийг ирнэ гээд ажлаа амжуулъя гэж хичээсэн ч  одоо болтол хийсээр л байна шүү дээ. Мал гэдэг зөвхөн хашаанд хашуулаад сүүгээ өгөөд байдаг юм биш. Идэш тэжээл тун чухал. Манайх одоо гурван га газарт  ногоон тэжээл тарьж байна. Энэ гурван га газрын ногоон тэжээл нэг өвөлдөө малд хүрэлцэхгүй болохоор хүний газар түрээслэн мөн ногоон тэжээл тарьж байна. Бидэнд газар олгох, олдох тун хэцүү л дээ. Гэхдээ олдохгүй гээд гараа хумхиад суухыг хүсдэггүй. Эрчимжсэн мал аж ахуйг, газар тариалантай хослуулан эрхлэх нь хамгийн зөв шийдвэр гэж харж байгаа. 


-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Үеийн залуустаа хандаж юу хэлэх вэ? 
-Ажил олдохгүй гээд байгаа үеийн залуусдаа хандаж хэлэхэд мал дагавал ам тосддог, өдөр тутамдаа орлоготой байдаг юм шүү гэж хэлье. Малд дурлах олон шалтгаан бий. Миний хувьд л гэхэд үхрийн үүлдэр угсаагаа нэмэгдүүлж эхлээд, одоо хурдны моринд дурлаад сум орон нутагтаа уяж сойдог болсон. Ингээд бодохоор малын буян хязгааргүй арвин аж.


-Баярлалаа, танд амжилт хүсье.
-Баярлалаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)