П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

 УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Сая УИХ-ын дарга Г.Занданшатар ч дурьдлаа. Цаашдаа сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж,  сонгуулийн хорооны гишүүдийг хоёр ангилж өгөх хэрэгтэй. Томилгооны сонсгол хийхгүйгээр  албан тушаалаар орж байгаа хүмүүсийг  албан тушаалаар нь явуулдаг болмоор байна. Бусад  хүмүүсийн тухайд хуулиараа явж болно. Гэхдээ нэг асуудал байгаа юм. 2008 оноос өмнө СЕХ-г улс төрийн нам бүрдүүлдэг байсан.  Үүнээс хойш  төрийн албан хаагч нар бүрдүүлдэг болсон.  Гэтэл төрийн  албан хаагчаас чөлөөлөгдчихөөд СЕХ-ны  гишүүн хэвээр байдаг.  Тиймээс  цаашдаа хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчаас чөлөөлөгдвөл СЕХ-ноос чөлөөлөгдөх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

ЦЕГ-ын даргаас хоёр зүйл асуумаар байна.  2024 оны сонгуульд сөргөөр нөлөөлөх хоёр хүчин зүйл  байна. Нэгдүгээрт, сошиал медиа орчин. Албан бус мэдээгээр  Монгол Улсад  2.6 сая  фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5  хуурамч хаяг  байна гэсэн судалгаа гарсан.  Тиймээс сонгуулийн үед доромжилсон, гүтгэсэн, харлуулсан, хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн болон эрхзүйн боломж байна уу.  Хоёрдугаарт хиймэл оюун ухаантай холбоотой асуудал. Хиймэл оюун ухаан, сошиал медиагаар дамжуулаад хүний хийгээгүй, яриагүй зүйлийг хийсэн болгодог үйлдлийг илрүүлэх хариуцлага тооцох  техник, болон эрхзүйн хүрээнд боломж байна уу.

Эх сурвалж:www.polit.mn