Б.ДАМДИН-ОЧИР
УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн. Гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ нь наагуураа, гишүүн болох боломж нэмэгдсэн мэт харагдана. Харин цаагуураа, боломж олгохоосоо босго нь өндөрссөн. Зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагасан хуулиудаар ч хязгаарлагдахгүй. Өмнө хийсэн Ашиг сонирхлын хууль дахь өөрчлөлтөөр олон субьектэд УИХ-ын гишүүн болох ашиггүй болсон. Бас Эрүүгийн хууль чангарсан. Энэ бүх “шалгуур”-ууд сонгууль бүрийн өмнө намын дарга нарын тулдаг зовлонг бага биш их хэмжээгээр нимгэлж өгөх учиртай. Тэгж ч байгаа биз. Тэр хэрээр намын дарга нараас улс төрийн эр зориг, манлайлал шаардах ёстой. Хамгийн түрүүнд “…Намын дарга өөрөө тойрогт нэр дэвших үү, урьдынх шиг жагсаалтын эхэнд бичигдэх үү” гэдэг асуудал гарч ирнэ. Энэ удаад сонгуулийн онцлог, улс орны нөхцөл, цагийн байдлаас болоод улс төрийн бүх намын дарга тойрогт дэвшиж, жагсаалтад бичигдэх гишүүддээ асар том зарчмын шаардлага тавихаар болсон. “…Хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэцгээгээд байна. Тэгэхээр өөрөө үлгэр үзүүлэх учиртай. Тийм шаардлага тавих хэмжээний лидер гэдгээ харуулж тойрогт нэр дэвших шаардлага үүссэн гэсэн үг. Энэ талаар нэлээд эртнээс яригдсан. Лав МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “…Тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө” гээд бараг хэлчихсэн. Тус намын хувьд зөвхөн намын дарга нь бус генсек нь, сайд нар, бас туршлагатай улстөрчид нь жагсаалтаас татгалзах бололтой. Эд нар өөрсдөө ийм мэдэгдлүүд хийсэн. Тийм ойлголт ч нийгэмд суучихсан. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр яг энэ асуудлаар тодорхой хариу ярихаас тойрсоор байна. Мөн УИХ-д суудалтай ХҮН-ын дарга Т.Доржханд яах нь мэдэгдээгүй байна. Тэрбээр “…Нэр дэвших хүмүүсээ чангахан шүүнэ” л гээд байгаагаас өөрийнхөө яахыг ярихгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Ер нь намын дарга нар тойрогт нэр дэвших нь энэ сонгуулиас эхлэх бас нэг дэвшил болно. Хэрвээ намын дарга нар тойрогт өрсөлдөхөөр болох юм бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Зургадугаар тойргийн долоон мандатын нэгийг авч, эсвэл Хотын зургаан тойргийн аль нэгт нэр дэвшинэ. АН-ын дарга Лу.Гантөмөр ч ялгаагүй нутгаа бараадах биз. Тэрбээр Говь-Алтай, Увс, Завхан, Ховдын Хоёрдугаар тойрогт дэвшинэ гэсэн үг. Аль эсвэл Хотын аль нэг тойргийг сонгоно. ХҮН-ын Т.Доржханд хэрэв тойрогт өрсөлдвөл Хан-Уулын Арванхоёрдугаар тойрогт очиж
таарна. Мөн улс төрд идэвхтэй байдаг бусад намын дарга нар тойрогт өрсөлдвөл бас л анхаарал татна. МАН, АН, ХҮН-аас гадна олон нийт “сонирхоод” байдаг ИОНН-ын Ц.Оюунгэрэл, Үнэн ба зөв намын А.Отгонбаатар, БНН-ын Б.Жаргалсайхан, ИЗНН-ын Батын Батбаатар, МУНН-ын Б.Батболд, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, Зон олны намын Э.Одбаяр, Ард түмнээ хайрлая намын Л.Гүндалай, Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, ШИНЭН-ын Ж.Батзандан гээд Дээд шүүхэд бүртгэлтэй дарга нар тойргийн сонголт хийвэл сонирхолтой л сонгууль болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)