Т.БАТСАЙХАН
Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард иргэддээ хандаж үг хэллээ. Тэдний 2023 оныг дүгнэж, 2024 оныг угтан хэлсэн үг юу байв. Энэ талаар тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байсан” гэв. Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” гэснийг онцлон дурдав. Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл гэдгийг онцлоод "Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл" болохыг захилаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал, өмчийн эрх, байгалийн баялаг, дайн, тахал гээд үйл явц өрнөл сургамжаар дүүрэн он жил өнгөрч байгааг цохон тэмдэглэлээ. Мөн алдаа оноо, гажуудал сургамж хослосон цаг үеийн сорилтод хэрсүүжин чангарч зөв зүйтэй хөгжил, дэвшил, сайхан амьдралын төлөө иргэн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж байна” гэв. Түүнчлэн хэлсэн үгэндээ ардчиллыг бэхжүүлсээр байгаагаа дурдсан. Ойрын хугацаанд эдийн засгийн суурь реформуудыг эхлүүлж, төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж тэгш бус урвуу амааралтай байгааг засах ёстой хэмээн тодотгоод үүний үр дүнд хэрэглэгч биш бүтээгч үндэстэн, импортлогчоор экспортлогч үндэстэн, халамжаас хөдөлмөрт шилжих боломж бүрдэнэ гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайгаас мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байгааг онцлов. 2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байсныг тэрбээр тодотголоо. Мөн "Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй" гэж хүсэв. 2023 оны эцсээр 6.8 хувиар өсч, ДНБ 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам долларт хүрсэн зэрэг хулгай, луйврыг илчилснээр эдийн засагт олон эерэг өөрчлөллт гарч, улсынхаа өрнөөс хагасалсан талаар мэндчилгээндээ онцоллоо. Энэ нь авлигын эсрэг тэмцлийн үр дүн болох гэнэ. Улмаар “Шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулна. Тогтолцооны энэхүү реформ иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимжиж, жалга довны үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэв. Түүнчлэн Ерөнхий сайдын үгэнд ардчилал гэдэг үг хэдэнтэй давтагдлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)