Т.САЙХАН
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ. НУУЦ САНАЛ ХУРААЛТААР 73.3 ХУВИАР ДЭМЖИГДЭЖ, БАТАЛЛАА.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Хүмүүс олон шалтгаанаар ажлаас гардаг. Д.Занданбат ажлаас чөлөөлөгдөх тухайгаа хэлж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулдаг хүмүүс цөөн байдаг. Төрийн ажил хийж байгаад усанд хаясан чулуу шиг алга болдог хүмүүс бий. Энэ жишиг бас буруу юм. Ард түмэн, төр, УИХ-ын гишүүдэд ажлаа танилцуулж, тайлагнах хэрэгтэй. Д.Занданбат дарга ажлаа сайн хийсэн гэж бодож байна. Төсөв дагасан дүгнэлтүүд сайн гарсан.
Ерөнхий аудитор Д.Занданбат: -УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулъя. Дөрвөн жил ажиллалаа. Хяналтын тогтолцооны дээд байгууллага гэдэг утгаараа их хариуцлагатай ажил. Би аудитын чадавхийг сайжруулж, хараат бус, бие даасан байдлыг хангахыг зорьж ажилласан. УИХ-аас дэмжиж, Үндсэн хуулийн байгууллага болгосон. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хийх боломжтой болсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хараат бус байдлаа хангах боломжтой болсон гэлээ.
Мөн үргэлжүүлэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар: -Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь үр бүтээлтэй ажилласан. Хувийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өргөдлийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэ саналыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол тогтоол баталсанд тооцно гэж заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулж, 56.8 хувиар дэмжлээ.
Эх сурвалж:www.polit.mn