Б.ДАМДИН-ОЧИР
Энэ 2023 он АН-ынханд мартагдахааргүй “дурсамж” үлдээсэн. Яагаад гэхээр АН энэ жил дахин “мэндэлсэн” гэхэд болно. ҮБХ нь өнгөрсөн оны сүүлчээр бүрдэж, 2023 он гараад намын даргыг тодруулсан. Дор хаяж гурван жил хоосон явсан АН-ын даргын суудал энэ оны эхээр эзэнтэй болсон. АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон. Улмаар намын Улс төрийн зөвлөл, тэргүүн дэд дарга, дэд дарга нар, аймаг нийслэлийн намын удирдлагууд, АЭХ, АЗХ тус бүрээ эзэнтэй болгож чадсан.
Ийн эвлэж нийлээд намаа дахин босгож буй дүр зураг 2023 онд бүтэн үргэлжлэв. Тэд учраа олж, хэдэн жилийн эвдрэлцэлдээ цэг тавив уу. Эсвэл сонгууль дөхөөд хүчээр “нэг гэр”-т оров уу. Аль аль нь байх талтай. Угтаа 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсан нь түүх болон үлдэж, 2023 онд дахин шинээр мэндэлсэн шиг үйл явц өрнөлөө. Ингэхдээ тус намаас дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан эрхмүүдийн толгойлдог хоёр том фракц АН-ыг шинээр “эмхэлж” байна. Наанаа олон фракц, бүлэг ярьдаг ч яг ачир дээр нь энэ хоёр хүн л хумиад, бариад байна. Намын тэргүүн дэд дарга, зарим дэд дарга, Улс төрийн зөвлөл нь дөрөв дэх Ерөнхийлөгчийн фракцад очсон. Харин нэр бүхий дэд дарга нар, Нийслэл, олонх аймгийн дарга нар, сая АЗХ-ны ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудыг тав дахь Ерөнхийлөгчийнх авсан.
АН-ын даргын тухайд алинд нь ч албан ёсоор харьяалагдахгүй. Гэхдээ ямар нэг явдал тулахад сонголтоо хийдэг. Ийм байдал хэд хэдэн удаа давтагдсан. Уг нь Лу.Гантөмөр АН-ын даргын ажлаа их л эрч хүчтэй эхлүүлсэн. Эрч хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн дээ. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 13-нд “...АН-д итгэж байсан хүмүүст зүтгэлээр хариулах ёстой. Энэ намыг зөв болгохын төлөө бид зүтгэх ёстой. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй улс төрийн нам байгуулах ёстой.Тиймээс бид маш тунгалаг болох ёстой, ойлгомжтой байх хэрэгтэй. ...Шударга ёсыг нам дотроо тогтооё. Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь урагшаа яв, зүтгэсэн хүмүүс нь, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байя. Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя” гэж байв. Үүнээс долоо хоногийн дараа “...Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг дэмжинэ” гэсэн байдаг. Ингэж гоё хэлж, тэр нь олон нийтэд таалагдсан. УИХ дахь тус намын бүлгийн гишүүд 2023 оны гуравдугаар сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийж, “...УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна” гэсэн юм.
Ингэж мэдэгдэл хийсэн УИХ дахь бүлгийг нь бас нэг фракц гэж болно. Гэвч гишүүд өнгөрсөн хугацаанд “туслах дүрийн улс төр” хэрэгжүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр олны анхааралд орсон Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг бүхий л том хулгайд АН-ынхан аанай л холбоотой байна. Тэр утгаараа сүүлийн үед хийгээд байгаа “Өргүй Монгол” зэрэг улс төрийн акцууд нь олон нийтэд төдийлөн хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр тэд зарим талаар сөрөг хүчний бус, эрх баригчидтай ижилхэн, жишээ нь “…Авлигаас салъя” гэх агуулга бүхий “уриа лоозон” дэвшүүлбэл амжилтад хүрэхээр байна. Цаашлаад ирэх сонгуульд хүмүүсээ онож дэвшүүлэхдээ тэд онцгой анхаарах хэрэгтэй юм. Учир нь сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр тэдэнд ашигтай. Ингэж гэмээнэ, “эвдэрхий”-гээрээ эвлэсний хэргийг нь гаргана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)