Б.ДАМДИН-ОЧИР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд бүрэн эрх, хүлээсэн үүргийн дагуу энэ 2023 онд Монгол Улсын гадаад бодлогод илүүтэй анхаарах шиг боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сард Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Судлаачид Папын айлчлалыг “…Геополитик, соёл уламжлал, нийгэм улс төрийн ач холбогдолтой болсон” гэж дүгнэсэн. Пап Монголд ирээд “…Шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг дархлаа болж байдаг. Авлига хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг бөгөөд амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдан, тэнгэр өөд ч харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон юм. Та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ”.

“Тэр их уудам нутаг дэвсгэртэй эзэнт гүрнийг удирдахдаа танай өвөг дээдэс тухайн орон нутгийн онцгой авьяас чадвартай хүмүүсийг нь таньж илрүүлэн, тэднийг нийтийн тусын тулд удирдах албанд томилдог байсан. Энэ загварыг эргэн үзэж өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх нь чухал”. Ер нь та нар алдарт яруу найрагчийнхаа хэлснээр Тэнгэр шиг бай” гээд буцсан. Үүнийг манайхан “…Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн гол сорилтын үндэс суурийг тодорхойлж, яаж шийдэж болох тухай санаа бодлоо хуваалцав” хэмээсэн. Гэхдээ Ромын Пап түүхэнд анх удаа айлчилж ирсэн нь геополитикийн асар ойлгомжгүй өөрчлөлт дунд Монголыг дэлхий дахинаа танилцуулсан явдал болов.

Бас нэг онцлох үйл явдал нь Францын Ерөнхийлөгч хавар Монголд ирж, манай Ерөнхийлөгч намар нь Францад айлчилсан.

Францын ерөнхийлөгч Э.Макроны манай улсад тавдугаар сард хийсэн анхны түүхэн айлчлалын үеэр талууд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд “…Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш” гэсэн  бол Франц улс Монгол Улсыг “…Онцгой түнш” гэж тодорхойлсон. “…Энэ түншлэл нь хамтын үнэт зүйлд суурилсан нийтлэг зорилгод хүрэхийн тулд Европын холбоо болон тус холбооны гишүүн бус улсуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн баяжуулж, улмаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хэрэглэдэг чухал ач холбогдолтой нэр томьёо” хэмээн судлаачид тайлбарласан. Э.Макроны Монгол дахь айлчлалыг гаднын хэвлэлүүдэд “Монгол Улс нь бүс нутагтаа ардчиллын тод жишээ болсон. Харин сүүлийн үед худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр улам хараат болж байна. Тиймээс ардчиллын үнэт зүйлээ алдаж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэн. Э.Макрон айлчлалынхаа үеэр Монгол дахь ардчиллыг хамгаалах амин чухал хэрэгцээг тодруулахыг зорьж байна” гэж дурджээ.

Аравдугаар сард нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилсан. Францууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг “…Анх удаагийн төрийн айлчлал” гэсэн бол манай  судлаачид “…Хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр улсын Төрийн тэргүүнүүд харилцан бие биедээ төрийн айлчлал хийж байсан явдал дипломат харилцааны түүхэнд нэн ховор” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалаа “…Энэхүү төрийн айлчлал нь гуравдагч  хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн. Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилсан.

Нэн чухал ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, гамшигтай тэмцэх, байгаль орчин, гамшигтай тэмцэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо” хэмээсэн.

Ерөнхийлөгч дотооддоо “Хүнсний хувьсгал”, хүний эрхийн асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд онцгой анхаарч, идэвхжүүлж байгаа юм

Түүнчлэн тэрбээр улс оронд болж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, бүрэн эрхийнхээ хүрээнд зарим асуудалд анхаарал тавьж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн газар нутгийн зарим хэсэг гадаадын иргэдийн мэдэлд очсон байж болзошгүй мэдээлэл гарсан. Тэр талаар 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд “…Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж, олон нийтийг цочирдууллаа.  Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг  илтэд зөрчсөн асуудал яригдлаа.

Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд онцгойлон анхаарч энэ асуудлыг Засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагыг яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. Энэхүү байр сууриа Засгийн газарт чиглэл болгон өгч байгаа юм” гэсэн мэдэгдлийг түүний Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хийв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)