Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

 

1950-1960 онуудад бурхан шашны зургийн дэг жаяг сэргэсэн

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн түүхийн шинжлэх ухааны доктор Б.Пунсалдулам “Түүхийн хөгжлийн зүй тогтлыг нарийн судлаад үзвэл муугаар дуурьсагддаг социализмын он жилүүдэд Өндөр гэгээн Занабазарын дүр зургийг зурж эхэлсэн байдаг. 1950-1960 онуудад бурхан шашны зургийн дэг жаяг сэргэсэн. XX зууны дунд үеэс язгуур урлаг, уламжлалт урлаг шинэ соёлын сэргэлттэй хамт сэргэсэн гэдэг зүй тогтлыг үргэлж санах ёстой. Тэр үеийн монголчууд зөвхөн улс төр, үзэл суртлаар дарамтлуулсаар юу ч хийгээгүй, юу ч мэдэхгүй гэдэг ойлголтыг засъя хэмээн эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлж байна.

XX зууны эхэн үед дэлхий дахинд шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгал бий болсон юм. Энэ үеийн Монгол оронд шашны үзэл, сургаал, дорнын гүн ухаан ноёрхож байсан цаг үе. VIII Богд Жавзандамба хутагт бол агуу хүн юм. Энэ хүн тухайн нийгмийн оюун санааны оргил болсон Буддын гүн ухааны дээр сууж байсан ч хүн төрөлхтний эрэн цаг, шинжлэх ухаан, аж үйлдвэржилтийг маш сайн мэдэрч цахилгаан шугам холбоог дэлгэрүүлж, ном, оньсон техник зэрэг сонирхолтой зүйлсийг их цуглуулдаг хүн байсан гэдэг. Богд хааны ордон гайхамшигтай номын сантай байсныг гадаадын судлаач, аялагчдын тэмдэглэлд тэмдэглэгдэн  үлдсэн байдаг. Монголд автомашин, шилэн байшин барьсан зэрэг нь европ соёл дэлхийн нийтийн жишиг хөгжилтэй хамт хөл нийлүүлж явсныг илтгэнэ. Ийнхүү төрөө мандуулан, нүүдлийн мал аж ахуй, соёлоо авч үлдэхийн зэрэгцээ дэлхий нийттэй мөр зэрэгцэн орших зорилготой 112 жилийн өмнө хувьсал хийсэн. Үүний үр дүнд өнөөдрийн бид оршин тогтнож байгаа билээ” гэв.

 

Богд судлал сүүлийн 20 гаруй жил хөгжиж байна

Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Богд судлал сүүлийн 20 гаруй жил хөгжиж байна. Үүний өмнө кино, зохиолд Богд гэдэг Монголын хамгийн том дайсан  “Хар феодалын хамгийн муу хүн бол Чингис хаан, шар феодалын хамгийн муу хүн бол богд” гэдэг байлаа. Гэтэл түүх орвонгоороо эргэж хамгийн сайн феодалын нь Чингис хаан болж, шар феодалын хамгийн сайн хүн нь Богд болсон. Түүх бол ийм аюултай. Зөв ярихгүй бол аюулд хүргэж чаддаг.

Тунгалаг дүртэй Богдыгоо туулай жилдээ зална даа хэмээн ихэс дээдсийн бошгыг ардын дуундаа шингээн үлдээсэн байдаг. Энэхүү бошгын дагуу бид аравдугаар богдтойгоо золголоо. Аливаа улсын хүчирхэг байх нь үндэсний эв нэгдэл юм. Өнөөдөр төрөөс 2050 урт хугацааны бодлогынхоо нэгдүгээрт үндэсний эв нэгдлийг чухалчилж үзэж буй нь сайшаалтай.

100 жилийн өмнөх монголчууд мунхаг харанхуй, ядуу тарчиг, өвчиндөө баригдсан хүмүүс байсан гэж буруугаар боддог. Гэтэл Мамен Оскарын номонд тухайн үеийн монголчуудыг ямар гэгээлэг, аз жаргалтай, эд хөрөнгөтэй хүмүүс юм хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс эцэг, дээдэс маань өндөр соёлтой, мэдлэгтэй хүмүүс байсан” гэлээ. 

 

Архивын баримт нь олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалагддаг

 

Үндэсний төв Архивын захирал, МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхим докторант Т.Сайнжаргал “Монгол Улсын Үндэсний төв Архивын сан хөмрөгт 1674 оноос хойшхи баримт хадгалагддаг. 1674-1911 оны хооронд нийт баримтын хэмжээний 15.6 хувь нь Богд Жавзандамба хутагт хувилгаадыг тодруулах үйл хэрэгтэй холбоотой баримтууд эзэлдэг. Үндсэндээ нэгдүгээр Богдтой шууд холбогдох сурвалж байхгүй ч дам холбогдолтой сурвалж, хоёрдугаар Богдыг тодруулахтай холбоотой тэдгээрийн эцэг, эх, ураг төрөлтэй холбоотой мэдээлэл, шашны зан үйлд зарцуулагдсан зардлын мэдээллүүд хадгалагдаж байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар “Архивын баримтыг дөрөв ангилдаг. Хосгүй үнэт, нэн үнэт, үнэт, ердийн зэрэглэл гэж ангилдаг. Он цагийн хувьд хосгүй үнэт болон нэн үнэт баримтуудад эдгээр хамаарна. Нууцын зэрэглэлд хувь хүний Архивын баримт 75 жилээс дээш түүх, эрдэм шинжилгээний ашиглалтад нээлттэй ашиглаж болно.

Богдуудаар дагнасан ямар нэгэн сэдэвт бүтээлд эмхэтгэл хэлбэрээр, судалгааны байдлаар ашиглагдсан нь цөөн. Архивын баримт нь олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалагддаг. Бүх баримт данс бүртгэл, тоо ширхгээр хадгалагдаж байна. Судалгааны сэдэвт баримтыг хэрхэн ашиглах гэдгээс хамааран судалгааны эргэлтэд оруулдаг. Баримтыг ашиглаад дуусах юм уу, ашиглагдахгүй болсон гэх ойлголт хэзээ ч байдаггүй. Нэг баримтыг судлаач хэдэн ч янзаар тайлбарлаж болно” гэдгийг хэллээ.

 

Фото: "Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл" эрдэм шинжилгээний хурал боллоо

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)