Б.ТУУЛ

Ирэх онд  Халхын голын ялалтын 85 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Ирж буй шинэ оны босгон дээр ОХУ-ын ЭСЯ-наас  Халхын голын байлдаанд гар бие оролцож явсан, цорын ганц амьд гэрч Ц.Чимэдцэрэн гуайд  хүндэтгэл үзүүлж, баярын мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-ын уламжлалт ёс заншлыг илэрхийлсэн гарын бэлэг гардуулсан юм.

Уг арга хэмжээнд  ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин,   Г.К.Жуковын музейн эрхлэгч, дэд хурандаа  Д.Амартайван,  Халхын голын байлдааны 85 жилийн ойг зохион байгуулах хорооны  ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Үнэнч мөнх андууд” холбооны гүйцэтгэх захирал, хурандаа Л.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. 

Тэртээх 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан 15-хан настай охин, фронтын сувилагч Цэрэнгийн Чимэдцэрэн гуай өдгөө нас сүүдэр 100 хүрч байгаа ажээ. Өндөр настай энэ буурай Халхын голын байлдааны цорын ганц амьд гэрч болон үлдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.  Ц.Чимидцэрэн гуай Дорнод аймгийн Баяндун сумын уугуул. 1924 онд Цэрэнгийн ес дэх охин болон мэндэлж байжээ. 

Дайны жилүүдэд тэрээр Дорнод аймгийн Баяндун сумаас Халх голын дайнд оролцсон 16 буриад охидын нэг бөгөөд тухайн үед  Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт сувилагч, угаагч, тогооч, индүүчин зэрэг ажлуудыг хийж байжээ. Өнөөдөр тэрээр дайны талбарт эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй тэмцсэн 16 сувилагч охидоос ганцаараа амьд сэрүүн үлдээд байгаа нэгэн юм.

Дайнд оролцогчдын Монголын хорооны бүртгэлээр Халхын голын байлдаанд оролцсон нэг, Чөлөөлөх дайнд оролцсон 31, Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 20 ахмад дайчин эсэн мэнд байгаагаас хоёр нь эмэгтэй дайчид байдаг ажээ.  

 

Халхголын байлдааны 85 жилийн ойг зохион байгуулах хорооны  ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хурандаа Л.Амарсайхан: Халхын голын байлдаанд оролцсон 41 хүн бүртгэлтэй байдаг

 

-Монгол Улсын дайнд оролцсон ахмад буурлуудаас Халхын голын байлдаанд оролцсон амьд сэрүүн үлдсэн цорын ганц хүн нь Цэрэнгийн Чимэдцэрэн гуай байна. Халхын голын байлдаанд оролцсон нийт 41 хүн бүртгэлтэй байдаг. Үүнээс амьд сэрүүн үлдсэн нь  хоёр эмэгтэй байна.  Хоёр дахь эмэгтэй ахмад дайчин бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө ард түмний дунд “Фронт” хэмээн хүндлэгдсэн Сүрэнхорын Цэгмид гуай байна. Энэ өдөр Халхын голын ялалтын 85 жилийн түүхт ойг угтан ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе, холбогдох албаны хүмүүс Халхын голын байлдааны цорын ганц амьд гэрч Ц.Чимидцэрэн гуайд хүндэтгэл үзүүлж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.

 

ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин: Таниар бид үргэлж бахархах болно

 

-Эрхэм хүндэт анд нөхөд өө. Ирэх онд Орос Монгол манай хоёр улсын хооронд түүхэнд тэмдэглэгдсэн чухал үйл явдал болох Халхын голын түүхт 85 жилийн ой тохиох гэж байна. Бидний хүндэтгэн зорьж ирсэн энэ эмэгтэй өөрийнхөө залуу халуун насыг дайны жилүүдэд өнгөрөөж, эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэсэн ахмад дайчин  Цэрэнгийн Чимэдцэрэн гуай юм. Өнөөдөр тэрээр Халхын голын байлдаанд оролцсон амьд сэрүүн үлдсэн цорын ганц гэрч юм. Хэдхэн хоногийн дараа айлчлан ирж буй шинэ оны мэндийг эрхэм буурайдаа хүргэж байна. Ирэх онд тохиох түүхэн ойд олон арга хэмжээнд бид хамтдаа оролцож, Халхын голын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын нийт ард түмний зүгээс энэхүү түүхт ойн жилд өндөр ач холбогдол өгч олон арга хэмжээг зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан түүхт ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин Монголд хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн.  Мөн хоёр орны  Ерөнхийлөгч нар Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээ мэдэгдээд байгааг уламжилья. Та бол энэ цагийн эрхэм баатар шүү. Таниараа бид үргэлж бахархаж байх болно. Шинэ оноо сайхан угтаарай. Ирэх ондоо та бид олонтаа уулзалдах болно. Тандаа эрүүл энхийг хүсье.

 

Ахмад дайчин, 100 настай буурай  Цэрэнгийн Чимэдцэрэн:  Большая спасибо

 

-Ах дүү Оросын ард түмэнд баярлалаа гэдгээ хэлье. Би тэр үед 15 настай сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Дайны талбарт бусад охидын хамт сувилагч,  индүүчин, тогооч, цагаан хэрэглэл угаах зэрэг олон ажлуудыг хийж байлаа.  Бидний ажиллаж байсан газар бөмбөгдөлтөд өртсөн шархадсан цэргүүд их ирдэг байсан.  Шархадсан цэргүүдийн биеийн байдал нь маш хүнд ирдэг байлаа. Зарим хүнд шархтай цэргүүд 2-3 хан хонодог байсан. Бидний хувьд хэчнээн хүнд хэцүү байсан ч эх орныхоо төлөө гээд хичээж зүтгэдэг байлаа. Өнөөдөр намайг зорьж ирсэн Орос ахан дүүстээ баярлалаа. Большая спасибо...хэмээн чин сэтгэлээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 258 (7243)