Ц.МЯГМАРБАЯР

 

“Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо” уриатай Газрын тос  боловсруулах үйлдвэр 2027 онд бүрэн ашиглалтад орно. Нэг ёсондоо бид эх орныхоо газрын доорх баялгаар үйлдвэрлэсэн шатахууныг хэрэглэнэ гэсэн үг.  Дорноговь аймаг Сайншанд Алтанширээ суманд байгуулагдаж буй ил үйлдвэрийн байгууламждын төвөгшил, инженерчлэлд шаардагдах  хугацаанаас хамааруулан бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн  хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Дөрвөн багцын ажлын явц энэ оны төгсгөлд  70 хувьтай байгааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг  сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр онцолж байна. Монголын анхны Газрын тос боловсруулах  үйлдвэрийн  хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн төсөлд зориулж, Энэтхэг улсын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосноор  ийнхүү 2017 оноос хойш  хэрэгжиж буй юм. Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор шийдвэрлэсэн нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм. Томоохон төслийн ард гарахад Монгол Улсын хууль эрх зүй, нөхцөл байдал сорилтууд гадаад,дотоод хүчин зүйлсийг хэрхэн даван тулж байж шуудрах замдаа орсон талаар  Д.Алтанцэцэг захирал дэлгэрэнгүй тайлбарласан.

EPC 01 багц ажлын хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам, сувагчлал зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж буй бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч “Kalpataru Projects International Limited” компани нь 2021 оны нэгдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.

Харин EPC 02, 03 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Megha Engineering Infrastructure Limited” компани инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган барилга угсралтын ажил (резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакад)-ыг үргэлжлүүлж дуусах шатандаа оржээ.

Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөлтөөр бол манай газрын тосны 40 хувь нь бүтээгдэхүүн болох боломжтой. Үлдэгдэл 60 хувийг хаягдалгүй үйлдвэрлэл  болгохын тулд  олон улсын өндөр технологи нэвтрүүлэх аж. Нийт 40 хадгалах байгууламжтай. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бий болно. Олон улсад бол жижиг хэмжээний гэж үзэж буй ч манайдаа бол анхны томд  тооцогдож буй үйлдвэр юм. 2024-2025 онд  гадаадаас 2800-4000 орчим инженер, техникийн  ажилчид ирж ажиллана. Цаашдаа дотоодын 560 инженер, техникийн ажилчид шаардлагатай байгаа аж. Дотоодоос хангах боловсон хүчний дутагдалтай  байгаа ч мэргэжилтэй ажилтанг Энэтхэгт болон дотоодын ШУТИС-д бэлтгэж эхэлсэн гэсэн.

БНЭУ-ын аж үйлдвэр, технологи хөгжүүлэлтийн хамгийн том компани болох “Engineers India Limited” Монгол Улсад хэрэгжиж буй ГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй учраас уг төсөл амжилттай хэрэгжих нэг үндэслэл хэмээн Д.Алтанцэцэг захирал онцолж байв. Тус компани  20 гаруй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан төдийгүй БНЭУ-ын сансрын Chandrayaan төсөлд оролцож буй аж.

Түүхий эдийг тээвэрлэх дамжуулах 530 км хоолойн бүтээн байгуулалтыг Хятадын "Norinco International" компани гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Матадаас Дорноговь аймгийн Алтанширээд  буюу Сайншандад байгуулагдах үйлдвэрт боловсруулах газрын тосыг 2.8 метрийн гүнд /газар доогуур /530 км үргэлжлэх хоолойг барьж байгуулж байна гэсэн үг. Дамжуулах хоолойг 2025 оны эхний улиралд багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн. Одоогоор хоолойн байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа, түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлыг дуусган техникийн зураг төсөл, түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамжийн байгууламж барьж дуусаад байгаа юм байна. Үйлдвэр ашиглалтад орсноор “МNS Евро V” авто бензин,  онгоцны түлш  үйлдвэрлэнэ. Тодруулбал, өндөр чанарын түлш шатахуун, тэр дундаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дизель түлхүү үйлдвэрлэх юм байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.8 сая орчим тонн тос боловсруулах чадалтай.  Нэн түрүүнд түлш шатахуун, мөн 95 октантай авто бензин, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Газрын тосны үйлдвэр барих  энэ төвөгшилтэй том ажлыг эмэгтэй хүний нарийн ухаанаар амжуулж яваа Д.Алтанцэцэг захирлаар бахархах сэтгэл төрж байсан юм.  Энэ үйлдвэр ашиглалтад орсноор  нефть-химийн, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь нь болж байгаагаар онцлог.  Тамсагийн  сав газраас олборлох  тус газрын тосны физик, химийн шинж чанрыг түүхий тосны бусад төрлүүдтэй харьцуулахад  API  34-37 буюу 0,843 г/cм3, хүхэр 0,11 хувь байгаа нь хамгийн хөнгөн тос аж. Хүхрийн агууламж болон хүчлийн тоо/ТАН:0.052 мгKON г/ бага   байгаа нь үйлдвэрийн байгууламжид ашиглагдах материалын зардлыг хэмнэх сайн талтай ажээ. Харин хүндрэлтэй тал нь устөрөгчийн агуулга ихтэй нь өндөр хэмд царцана. Одоогоор үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал 30 хувиар нэмэгдэж нийтдээ 1.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь цар тахлын үеийн хугацаа алдалтаас үүсэж зардал өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байв. Нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдснээр  EPC04 багц ажлын  II хэсгийн гэрээг байгуулах ажээ. Нөгөөтэйгүүр, хөнгөлттэй зээлийн хугацааг 2027-2031 оноос эргэн төлөхөөр хоёр улсын засгийн газар тохиролцжээ. Түүнчлэн төслийг 35 туслан гүйцэтгэгч компани хэрэгжүүлж байна.  Мөн лиценз эзэмшигч PMC болон EPC компаниудтай хийсэн үнэ бууруулах хэлэлцээрүүд амжилттай хийгдэж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 258 (7243)