С.САРУУЛ

Баянгол дүүргийн тавдугаар хороонд “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр 06:38 цагт Онцгой байдлын ерөнхий газраас хүлээн авчээ. Тэгвэл одоогоор галын нөхцөл байдал ямар байгаа талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Барилгын бүтээц нь төмөр каркас дээр тоосгоор 12-ын хэмжээтэй хана өрсөн. Дээрээс нь дулаалгын шилэн хөвөн тавиад, полистрон материалаар дулаалж, гадна талаас нь сэндвичээр хучсан байгаа юм. Барилгын дээвэр нь доошоо дарсан. Тиймээс доор байгаа бараа бүтээгдэхүүн нь дарагдсан байдалтай байна. Гал сөнөөгчид ханаа дагаад галын аюулыг зогсоосон. Одоо бол дарагдаад асаад байгаа зүйлийг техник ашиглаж задлаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа. Дахин асахгүйгээр унтраах ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг.

Гал түймрийн гадагшаа тархалтыг зогсоосон. Галын дуудлага аваад ирэхэд 30х30 хэмжээтэй том байшин учраас гал тархан дэлгэрсэн байсан. Тиймээс нэмэлт хүч зайлшгүй шаардлагатай. Гал юунаас болж гарсан шалтгааныг одоогоор тогтоох боломжгүй. Дараа нь цагдаагийн байгууллагаас тогтооно" хэмээн ярив. 

Тус галын аюулыг унтраахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn