Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ялангуяа орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй “МИК Холдинг” ХК 2023 оны арванхоёр дугаар сарын 21-ний өдөр Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д элсэн орлоо. МИК групп компани нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилт болон байгаль орчин нийгмийн засаглал (БОНЗ)-ын чиглэлээр олон улсын шилдэг туршлага, зарчмуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн үр дүнтэй ажиллахаар тодорхойлсон бөгөөд энэхүү гишүүнчлэл нь компанийн алсын хараа, амлалтын бодит илэрхийлэл болж байна.
МИК групп компани нь “PCAF”-д нэгдсэнээр гурван жилийн дотор өөрийн үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг стандартын дагуу хэмжиж, ил тод мэдээлэх үүрэг амлалт хүлээж байгаа юм. Мөн дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилт, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Парисын хэлэлцээрээр хүлээсэн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд анхааран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хэмжиж, бууруулахад чухал алхам болно. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын зүгээс МИК групп компанид нөлөөллийн буюу хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэх боломжтой.
“МИК Холдинг” ХК нь PCAF-д нэгдсэнээр олон давуу талыг эдэлнэ. Тухайлбал гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжих заавар, зөвлөмж, мэдээлэл авах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ба ингэснээр тогтвортой хөгжлийн зорилгод илүү хувь нэмэр оруулах юм.
Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл буюу PCAF нь банк санхүүгийн байгууллагуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцож бүртгэхэд дэмжлэг үзүүлэн, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг, дэлхийн 450 гаруй банк санхүүгийн байгууллагыг нэгтгэсэн ба хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцох тайлагнах стандартыг боловсруулан хэрэгжүүлж буй олон улсын байгууллага билээ.
МИК групп компани нь Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэх, хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажилладаг, гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргадаг ба зээлжих зэрэглэлийн байгууллагуудын үнэлгээтэй, олон улсын ISO гурван стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн хамгийн анхны санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.
Эх сурвалж:www.polit.mn