Т.САЙХАН
УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.
1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл
2. Богдхан төмөр зам
3. Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/
4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
5. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
6. ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам
7. Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.
Шинжээчийн дүгнэлт: -Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжүүлэх зорилгоор 20 жилийн хугацаатай хүүгүй, хааттай нөхцөлтэй бондыг Монголын төмөр зам гаргаж “Эрдэнэс Тавантолгой” худалдан авсан байна. Нийт баталсан төсөв нэг их наяд 392.2 тэрбум төгрөг. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд 336.1 тэрбум төгрөг, үлдэгдэл 51.4 тэрбум төгрөг, Зүүнбаян төмөр зам ХК-ийн үйл ажиллагааны зардал хасагдсан 4.8 тэрбум байна. Төслийн санхүүжилтийн эх үүсвэр Үнэт цаас худалдан авах гэрээгээр 750 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Зүүнбаян чиглэлийн төмөр замд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд оролцсон. Төмөр замын бүтээн байгуулалтад дараах байгууллагууд гүйцэтгэгчээр оролцсон.
1. Төмөр замын дээд бүтэц хариуцсан ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН
2. Төмөр замын доод бүтэц хариуцсан ерөнхий гүйцэтгэгчээр ЗХЖШ
"Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллыг суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Энд улстөрчийн хамаарал бүхий зургаан компани байна. Үүнд:
1. “Болор болд зам” ХХК 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан. Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү. Иймд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий этгээд гэж авч үзжээ.
2. “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Х.Мөнх-Эрдэнэ. “Мон арж зам” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Энэ компанийн эцсийн өмчлөгч нь Г.Тэнгис. Тэнгис нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүүхэд.
3. “Монголзам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцогт. “Мосмеп” ХХК-иар нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн Н.Ганибал.
4. “Эрдэнэзам” ХХК 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Бишрэлт холдинг” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа.
5. “Говь инфрастракчер” ХХК 13.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал “Говь капитал менежмент” ХХК. Эзэмшиж буй компанийн бүртгэлд Ц.Баянзул гэж нэр байна. Ц.Баянзул нь Ц.Батзулын ах. Ц.Батзул нь нэгдмэл сонирхол бүхий этгээд бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын дарга.
6. “Өвөрзалаат” ХХК 5.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Ц.Ганцэцэг. Эзэмшиж буй компани “Гүнбаялаг” ХХК. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч гүйцэтгэх удирдлага Ц.Туяа. Ц.Туяа нь Ц.Цэнгэлийн хүүхэд. Ц.Цэнгэл нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны ТНБД гэсэн ийм хамаарлуудыг танилцууллаа.
Эх сурвалж:www.polit.mn