Т.САЙХАН

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний" хоёр дахь сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Сонсголын эхэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас "Тавантолгой түлш" ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны шинжээч танилцууллаа. 

Шинжээч: -Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор "Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай", Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай", Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийг үүсгэн байгуулсан байна. Тус компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. Энэ оны аравдугаар сарын байдлаар 2,700 ажилтай юм. Тавантолгой Түлш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна.  Нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Мөн тус компани нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг бөгөөд нэгж түлшийг алдагдалтай өртгөөр борлуулдаг. "Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 15 гэрээний үндсэн дээр нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг "Тавантолгой Түлш" ХХК-д олгожээ."Тавантолгой Түлш" ХХК нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу,  харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн хэмээн дүгнэж байна.  Мөн тус компанийн ТУЗ-ийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байна. Үүнд 2018-2022 онд Ж.Батбаясгалан 64 сая төгрөгийн, 2018-2023 онд Л.Одхүү 124 сая төгрөгийн, 2018-2021 онд Л.Гүнбилэг 114 сая төгрөгийн, 2018-2021 онд С.Зоригт 80 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ" хэмээн ярив. 

Эх сурвалж:www.polit.mn