ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар өчигдөр /2023.12.19/-нд мэдээлэл хийх үеэр  ZINT эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа “Томуу нь урьдчилан сэргийлж болдог өвчин юм. Есөөс аравдугаар сард урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусдаг. Томуугийн халдвар хоёроос доош насны хүүхдүүдэд илүү хүнд тусч байна. Томуугийн халдварт өртсөн тохиолдолд огцом ойрхон зайтай халуурах шинж тэмдэг ажиглагдана. Томуу төст өвчнөөс ялгаатай нь толгой, яс, булчин, үе, хоолой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг. Мөн хоолны дуршил буурч  олон хоног хоол идэхгүй байснаар шингэн алдах нь их байна. Бага насны хүүхдэд уушгины бус шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд өтгөн шингэрэх, суулгах байдал ажиглагдана. Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5-аас дээш, дөрвөн настай хүүхэд 38-аас дээш халуурсан тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг олон хоног үргэлжлэх нь хүүхдийн бие хүнд, хатгалгаа эхэлснийг илтгэнэ. Энэхүү халдварыг эмч эмнэлгийн байгууллагаас өгч буй энгийн зөвөлгөөг мөрдлөг болгосноор даван туулах боломжтой.

Томуу, томуу төст өвчин, ковид, уушгины хатгалгаа нь дунджаар нэгээс хоёр долоо хоногт эдгэрнэ. Дутуу төрсөн, жин багатай, ой хүрээгүй хүүхдүүдийн эдгэрэлт гурваас дөрвөн долоо хоног сунжирч байна. Эмчилгээний эхний нэгээс хоёр долоо хоногт хоол идэх байдал нь сайжирч, халуурч, амьсгаадахгүй болно. Үүний дараа бага зэрэг ханиалгах байдалтай дахин долоо хоног болох нь хэвийн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэхүү томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед харшлын эмийг дангаар нь хэрэглэх нь зохимжгүй. Одоогоор харшлын ханиалга гэж байхгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Харшлын эмийг маш их нус, цэртэй үед хавсарсан байдлаар хэрэглэхийг зөвлөж байна. Аливаа эм олон улсын нэршил, худалдааны нэршил гэж бий. Тиймээс эмч олон улсын нэршлээр эмийн жор бичих ёстой байдаг. Эмийн сангаас худалдан авалт хийх үед жор дээр бичсэн эм олон янзын худалдааны нэршлээр зарагддаг. Тиймээс үйлчлүүлэгч аль улсад үйлдвэрлэгдсэн эсэх, үйлдвэрлэсэн огноо, үнэ ханшаас нь хамааран сонголт хийх боломжтой. Томуугаар өвдсөний дараа гурван сараас гурван жилийн хугацаанд дархлаа тогтдог. Энэ нь найдвартай 100 хувь хамгаалах дархлаа биш. Дараагийн өвчлөл хөнгөн тусахад нөлөөтэй" гэж зөвлөв.

 Эх сурвалж: www.polit.mn