ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар өчигдөр /2023.12.19/-нд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Улсын хэмжээнд 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаториор нийт 274 мянган хүн үйлчлүүлснээс 7.1 хувь нь томуу томуу төст өвчний тохиолдол байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг идэвхжилийн буюу хоёрдугаар түвшинд байна. Бусад долоон аймаг болон Улаанбаатар хотод алаг цоог тархалт буюу гуравдугаар түвшинд шилжсэн. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан. Түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн ням гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа. Улаанбаатар хотод хүүхдийн 1000 гаруй ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлэг барих шаардлага төдийлөн байхгүй. Учир нь томуу, томуу төст өвчин нь улирлын шинжтэй. Ковидын үеийн нөхцөл байдлаас харвал орны зохицуулалт хийх боломжтой” гэж  мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn